Улстөр нийгэм
Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тогтоолын төсөл дэмжигдэв
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин танилцуулга хийсэн юм.
Монголчууд 2021 онд хувьсгал хийж, үндэсний төр, засгаа дахин сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, үндэсний дэвшилд хүрэх их үйлсийг эхлүүлсэн нь ХХ зууны Монгол түмний гардан хийсэн түүхэн, онцлох үйл хэрэг болсон билээ. Иймээс Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монголын ард түмний хүсэл зориг, эв нэгдэл, хичээл зүтгэл, үйл хэргийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, энэхүү түүхэн үйл хэргийн төлөө ажил, амьдралаа зориулсан хүмүүсийг шагнаж урамшуулах, алдаршуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Тогтоолын төсөл нь 3 заалт, 2 хавсралттай бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгож, медалийн тодорхойлолт, загвар, олгох журмыг батлахаар тусгасан байна.
Тогтоолын төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг нар Соёлын сайд болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан холбогдох албан тушаалтан, зураач уран бүтээлчдээс медалийн загвар, утга агуулга, бэлгэдэл, олгох журмын талаар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийн загвар шалгаруулах уралдаан зарлаж, ирүүлсэн загваруудыг Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа хэлэлцээд загварыг шалгаруулж баталжээ.
Медаль нь зүүлт, медаль гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд медалийн тэмдэг болох доод хэсэг нь дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн найман оройтой, нарны цацраг хэлбэртэй, цацрагийн гол хэсэг дэх “100” гэсэн тооны голд Ардын хувьсгалын их удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатарын хөшөөг цагаанаар, жанжны гар дээр Хүннү өвгөдийн гал, нар, сарыг мандуулан “Ардын хувьсгал” гэсэн үгийг шаргалаар, “1921-2021” гэсэн тоог алтан шаргал туузан дээр цагаанаар бичжээ. Хүндэт медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор төсөлд тусгасан байна.
Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдээс санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 11 нь буюу 84.6 хувь нь тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
