Цаг үе
Улсын хэмжээнд жишиг Насан туршийн боловсролын төв ашиглалтад орлоо

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид Багануур дүүрэгт ажиллаж, боловсролын салбарын багш, ажилтнуудтай уулзлаа.
Багануур дүүрэгт улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Насан туршийн боловсролын төвийн шинэ барилгыг өнөөдөр нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Насан туршийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын хэмжээнд анх удаа жишиг Насан туршийн боловсролын төвийг барьсан бөгөөд тус төвд хүнд болон хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, сургууль завсардсан болон дүйцсэн хөтөлбөрөөр суралцагчид суралцана.
Мөн албан байгууллага, хувь хүмүүсийн хүсэлтээр ёс суртахууны төлөвшил, иргэний боловсрол, гоо зүйн боловсрол, англи хэл, компьютерын анхан, дунд шатны сургалт, мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг насан туршдаа суралцахуйд чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг, багш нарыг хөгжүүлэх сургалтын цогцолбор төв болон хөгжих юм.
Анх 2010 онд “Гэгээрэл хөгжлийн төв” нэртэйгээр сургууль завсардсан хүүхэд залууст бага, суурь боловсролыг дүйцсэн хөтөлбөрөөр олгож эхэлсэн уг төв өдгөө “Албан бус насан туршийн боловсролын төв” болон өргөжиж, хүний хөгжлийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулдаг болсон тул салбарын яамнаас бодлогоор дэмжин, тойргоос сонгогдсон гишүүдийн хүсэлтийн дагуу шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг шийдэж өгөхөө БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нээлтийн үеэр онцоллоо.
Багануур дүүрэг нь боловсролын чанарын үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд тогтмол улсын дунджаас дээгүүр орж байгаа бөгөөд энэ жилийн хувьд байгалийн ухааны хичээлүүдийн ЭЕШ-ын дүнгээр улсад дөрөвдүгээрт жагсжээ. Мөн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 93 хувьтай, сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалттай болсон зэрэг амжилт, хөгжлийн үзүүлэлт нь улс, нийслэл, дүүргийн төсөв дээр боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг тогтмол нэмэгдүүлж ирсэнтэй холбоотойг Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн хэлж байв.
“Монгол Улсын Засгийн газар 2021-2022 оны хичээлийн жилийг танхим, цахим хосолсон хэлбэрээр эхлүүлсэнтэй холбоотойгоор цэцэрлэг, сургуулийн багш, ажилтнууд Та бүхний өмнө цөөнгүй саад бэрхшээл тулгарах нь мэдээж.
Цар тахлын эрсдэлээс хүүхэд багачуудаа хамгаалахын зэрэгцээ эх орны ирээдүй болсон тэднийгээ сурган хүмүүжүүлэх, хичээлийн хоцрогдлыг нь арилгах, анги танхимд нь хөгжүүлэх гэсэн давхар давхар үүрэг хариуцлага Та бүхний өмнө тулгараад байна. Иймд хүүхдүүдтэйгээ, эцэг эхчүүдтэйгээ хамтран ажиллаж, сорилт бэрхшээл бүхнийг хамтдаа даван туулах учиртай” хэмээн Шадар сайд С.Амарсайхан боловсролын салбарынханд хандан хэллээ.
УИХ-ын намрын чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцэн батлах бөгөөд уг хуулийн төсөлд ямар өөрчлөлт, шинэчлэл оруулах талаар болон өнөөгийн дэлхий нийтийн боловсролын чиг хандлага хийгээд багшийн заах арга зүй, сурлагын чанарын үнэлгээний системд гарч буй өөрчлөлтийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан танилцуулж, боловсролын салбар дахь үр дүнд суурилсан тогтолцооны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Цаг үе
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Цаг үе
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 3-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсэж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны аравдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 1-6 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 6-11 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 9-11 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 9-11 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 7-9 хэм дулаан байна.
2025 оны аравдугаар сарын 04-нөөс 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 4-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.