Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийг ирэх сарын 1-нд үйлдвэрлэлийн горимд шилжүүлнэ

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө болон албаны бусад хүмүүс “Таван толгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. 

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш  нийслэлийн  агаарын бохирдол 50 хувиар  буурсан  бөгөөд, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс зүүн бүсийн үйлдвэрийг барьж,  аравдугаар сарын 1-нээс бүрэн ажиллагаанд  оруулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж  байна. "Таван толгой түлш" компани нь боловсруулсан түлшээ задгайгаар гаргахгүй бөгөөд 25 кг-аар савлаж гаргахтай холбоотойгоор савлагааны тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил мөн хийгдэж байна.  Улмаар энэ сарын 15 гэхэд тоноглолыг бүрэн суурилуулж  дуусгана гэдгийг тус компанийн ерөнхий инженер М.Жавхлан танилцууллаа.  

Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал нь түлшээ газан бойлуур ашиглаж, усыг уур болгох байдлаар боловсруулах технологитой. БНСУ-ын уг технологийг нийт зургаан шугаманд суурилуулсан бөгөөд, шахмал түлш богино хугацаанд чийгээ хаяж, шууд савлагаанд шилжүүлдэг аж. Мөн орчны тоосжилт, агаарын бохирдлыг багасгах үүднээс бутлуурын хэсгийн байгууламжийг газрын дор 9 метрийн гүнд байгуулсан гэдгийг Ерөнхий инженер хэлсэн юм.  


Харин "Таван толгой түлш"  компанийн  баруун  бүсийн үйлдвэрт   найман шугамаар өдөрт 1400-1600 тонн түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 44,000 тонн  түлшний нөөцтэй байгаа аж. Харин дөрвөн шугамд их засварын ажлыг гүйцэтгэж байна. 


Нийслэлийн  ИТХ-ын  дарга Ж.Батбаясгалан “Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал  нь технологийн хувьд сайжирсан.  Агаар орчны бохирдлыг бууруулах үйлдвэрийн технологи нь  өөрөө байгаль  орчинд  ээлтэй байх  ёстой.  Тиймээс жилд 600 мянган тонн шахмал  түлш  үйлдвэрлэх хүчин чадалтай,  технологийн сайжруулалттай үйлдвэрийг  барьж, ашиглалтад  оруулах гэж байна. Хамгийн  гол  шахмал түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх нь  чухал. "Таван толгой түлш"  компанийн баруун,  зүүн бүсийн  хоёр  үйлдвэрээс гадна ТЭЦ II дээр байгаа шахмал  түлшний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байна. Есдүгээр сарын 15 гэхэд бид айл өрх,  сургууль, цэцэрлэг,  эрүүл мэндийн  байгууллагын халаалтыг өгөх ёстой. Тиймээс эрчим  хүчний бүх  урсгал болон их засварууд  энэ хугацаанд  дууссан  байх  ёстой юм” гэлээ.  Мөн тэрбээр  зүүн бүсийн үйлдвэрийн тогтмол  үйл ажиллагааг  10 дугаар сарын 1 гэхэд нээхээр төлөвлөж байгааг  хэллээ. Гэхдээ үйлдвэрийн үйл  ажиллагаа технологийн болон  гарч буй бүтээгдэхүүний доголдолгүй байх ёстойг онцлов.  Үйлдвэрт  олон зуун  хүн ажиллаж байгаагаас гадна бүтээгдэхүүнийг нийслэлийн өрх бүхэн хэрэглэх учраас  технологийн аюулгүй байдлыг сайтар  хангаж ажиллахыг үйлдвэрийн удирдлагуудад сануулсан юм.  


Энэ үеэр Нийслэлийн агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Нийслэлээс  "Таван толгой түлш" компанийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, нөөцийн агуулах, борлуулагчдын цалин урамшууллын асуудалд  дэмжлэг үзүүлж байна. Эдгээр арга хэмжээнд жилд 40 гаруй  тэрбум төгрөгийг зарцуулдаг” хэмээв.  

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.

Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.

Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдлөө

Огноо:

,

Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгууллаа. Уг тэмцээнийг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж буй. Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээний есөн байгууллагын 10 багийн 70 гаруй жолооч өрсөлдөв.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилгүй жолооч нарыг шалгаруулж оролцуулдаг. “Уран жолоодлого-2026” тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва оролцож, үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва  “Нийтийн тээврийн салбарт 4400 жолооч, инженер, техникийн ажилтан, арын албаныхан ажиллаж байна. Нийтийн тээврийн зорчигчийн тоо 2025 онтой харьцуулахад 19 хувиар өссөн. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, 16 шинэ чиглэлүүдийг бий болгож, автобусны шинэчлэлийг хийж байна. Жолооч та бүхэн нийслэлийн иргэдийг аюулгүй тээвэрлэх үүргээ биелүүлж, иргэдэд соёлтой үйлчилж, тухтай зорчиход нь тусалдаг байгаарай” гэв.

Уран жолоодлогын тэмцээн нь тээврийн үйлчилгээ болон жолооч нарын харилцаа хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах ач холбогдолтой.

“Уран жолоодлого-2026” тэмцээнд оролцож буй жолооч нар:

Цуваагаар явах, хоёр, хоёроор зэрэгцэж явах, 450 градус тойрог эргэж,

Нэг шулуунд зэрэгцэж зогсох, эсрэг зүгт зэрэгцэн зогссон байрлалаас хоёр тийш зэрэг хөдөлж,

Нэг шулуунд зогсох, адил талт тэгш өнцөгт үүсгэж зогсох, 45 градусын өнцгөөр зүүн гар тийш эргэж, нэг зүгт цуваж зогсох,

Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь цуваагаар сүлжиж явах,

Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь эгнээ дагаж орж сүлжиж явах,

Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 2 талаас нь салган цуваагаар сүлжиж явах,

Багийн ахлагч нар дараалсан дөрвөн үйлдэл гүйцэтгэх,

Багийн гишүүн бүрийн мэдлэг, харилцаа хандлагын сорил, тестийг бөглөх зэрэг үүрэг даалгаврыг гүйцэтгэж тэмцээнд оролцов.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Огноо:

,

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдсантай холбоотойгоор хуучин Эмээлтийн пост байсан газарт нүхэн гарц хийж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. 2027 онд Налайхын постыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй болно.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдаж, Улаанбаатар хотоор аюултай ачаа тээвэрлэхгүй болсон. Иймд хуучин Эмээлтийн пост байсан газар нүхэн гарц барьж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. Хот доторх постуудыг нүүлгэн шилжүүлнэ. Тухайлбал, Налайхын постыг Төв аймаг Цонжинболдог, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох