Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Улирлын томуугийн дархлаажуулалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ

Огноо:

,

Жил бүрийн аравдугаар сард улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын вакциныг хийдэг. Энэ жилийн хувьд Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны А/565 дугаар тушаалаар “Томуугаас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг эхлүүлээд байна. Тодруулбал, энэ удаагийн дархлаажуулалтыг есдүгээр сарын 13-22-ны хооронд зохион байгуулах бөгөөд 2-11 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг хамруулах юм. Дархлаажуулалтад зорилтот бүлгийн 170 мянга гаруй иргэн хамрагдах тооцоо гарсан. Түүнчлэн энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн томуугийн вакцинаар дархлаажуулалтыг хийж байна.

Нийслэлийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтын цэг гаргасан бол сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд явуулын баг дархлаажуулалт хийхээр төлөвлөсөн. Өрхийн эрүүл мэндийн төвүүд дэх дархлаажуулалтын цэгүүд энэ сарын 13-наас  томуугийн вакцин хийж эхэлсэн.

Харин явуулын дархлаажуулалт өнөөдрөөс эхэллээ. Учир нь хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчаар зөвшөөрлийн хуудас бөглүүлэх шаардлагатай юм. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэг 132 хүүхэдтэй, өнөөдөр 98 хүүхэд вакциндаа хамрагджээ. Тус цэцэрлэгийн эмч С.Аззаяа “Жил бүр улирлын томуугийн эсрэг вакцин хийдэг тул эцэг, эхчүүдийн дунд хүлээлт үүсээд байсан. Вакцинжуулалт эхлэхээс тав хоногийн өмнө эцэг, эхчүүдэд вакцины тухай танилцуулга мэдээлэл хүргэсэн. Мөн зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулах ажлыг хийлээ. Тус зөвшөөрлийн дагуу томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна. Вакцин хийсний дараа хүүхдэд ханиад хүрч байгаа юм шиг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ аль болох дулаан хувцаслах, илчлэг сайтай хоол өгөх хэрэгтэй” хэмээв.

Цэцэрлэгт хамрагдаагүй бага насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан, томуугийн вакциндаа хамрагдах боломжтой гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэг хэлж байлаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

Огноо:

,

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нийслэлийн авто зам, байгууламжийн засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй 18 төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 42 байршилд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хотын чухал эд эс. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд түгжрэл, амьдралын чанартай шууд холбоотой. Иймд явган хүний зам, авто замын эвдрэлийг чанартай засаж, насжилт хэтэрсэн замуудыг шинээр барьж, ажлыг эрэмбэлэх нь чухал. Машин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, асфальтбетон үйлдвэрлэлийн зардал, уг үйлдвэрлэлд зориулж дайрга олборлох асуудлыг судлах, нийт асуудлыг нэгтгэн танилцуулахыг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт хариуцуулъя” гэв.

Ажиллах хүчний нөхцөл, авто баазын парк шинэчлэл болон асфальтбетоны үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, бүтээмжийг сайжруулснаар ажлын бүтээмж 3-4 дахин нэмэгдэх боломжтойг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас танилцууллаа.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

Огноо:

,

“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд  танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх, 

-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,

-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

Огноо:

,

Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажиллах үеэрээ Монголын анхны органик тэжээлийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр өдөрт таван тонн малын тэжээл үйлдвэрлэдэг байснаа өргөтгөж, 50 тонн тэжээл үйлдвэрлэх бүрэн автомат үйлдвэртэй болжээ.

МИМО гэдэг нь “Миний монгол” гэсэн үгийн товчлол. Малчдын МИМО тэжээлд зарцуулсан нэг төгрөг 3-5 төгрөг болж өснө, хамгийн зөв хөрөнгө оруулалт. МИМО-гоор тэжээсэн малыг өндөр үнээр худалдан авч, малчдын орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд чанартай мах нийлүүлэх зорилготой ажиллаж байна. 

“ЭЙЛ БИ ЭЙЧ АГРО” ХХК 2016 оноос газар тариалан эрхэлж, 3500 га талбайг сэлгэж тариалж байна. Энэ жил буюу 2026 онд нийт 1200 орчим га-д улаанбуудай, тэжээлийн ургамал, чихрийн манжин тариалсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлж 2022 оноос малын эрдэс тэжээлийн үйлдвэр байгуулж, 100 хувь байгалийн гаралтай МИМО нэрийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн бол 2025 онд малын хүчит тэжээлийн бүрэн автомат үйлдвэр ашиглалтад оруулжээ.

Үйл ажиллагаандаа ISO9001:2015 болон ISO22000:2018 олон улсын стандарт мөрдөж мал, амьтанд зориулсан эрдэс тэжээл (премикс), малын багсармал болон хорголжин тэжээл, долооц зэрэг найман нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 

Эдгээр тэжээлийг хэрэглэснээр, малын зүй бус хорогдлыг 90 хүртэл хувиар бууруулах, ноолуурын гарцыг 60, сүүний гарцыг 40, махны гарцыг 200-300 хувиар тус тус нэмэгдүүлэх, халдварт бус өвчлөлөөс сэргийлэх боломжтой гэж тус компанийн удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох