Урлаг спорт
“Цахим сэтгүүл зүй ба монгол хэлний дархлаа” сэдэвт сургалт өнөөдөр болно
Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалт өнөөдөр 13 цагаас Мэдээлэл, технологийн үндэсний паркийн 302 тоотод явагдана.
Сургалтыг монгол хэлний зөв бичгийн дүрэм, монгол хэлний найруулга зүй гэсэн багц сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн Монгол Улсын гавьяат багш, ШУ-ны доктор, профессор М.Базаррагчаа, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Ганболд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ, хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор О.Шинэбаяр нар удирдан явуулах юм.
Энэхүү сургалтад цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа нийт сэтгүүлчид, редакторуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна. Сургалт 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, 13 цагаас Мэдээлэл технологийн Үндэсний паркын 3 давхарт 302 тоотод болно. Монголын Сайтын холбоо, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалтыг үе шаттайгаар, үнэ төлбөргүй зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд батламж олгоно.
“Цахим сэтгүүл зүйд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбооноос сэтгүүлчдэд зориулсан сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран сар бүр зохион байгуулах бөгөөд ирэх 10 дугаар сард “Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалт хийхээр төлөвлөж байна.
МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО

Урлаг спорт
Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" эхэллээ
Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, соёлын солилцоог бэхжүүлэх, "Цайны зам" олон улсын брэндийн нөлөөг нэмэгдүүлэх, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг аялал жуулчлалд түшиглэн идэвхжүүлэх зорилготой "Цайны замын нэрэмжит авто ралли-2026" албан ёсоор эхэллээ.

Дорноговь, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон "Марко Поло" ХХК-ийн хамтран зохион байгуулж буй тус ралли 2026 оны 06 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Аяллын цуваа БНХАУ-ын Эрээн хотоос гарч, манай улсын "Цайны зам" дагуух зургаан аймгийн нутгаар дамжин ОХУ-ын Улаан-Үд хотноо барианд орох маршруттай бөгөөд улс тус бүрээс авто спорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 75 гаруй хүн бүхий аяллын баг, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож байна.

Тус автомашинтай брэнд аяллыг зохион байгуулах шийдвэрийг гурван орны Аялал жуулчлалын сайд нарын 2025 онд Дархан-Уул аймагт хийсэн IX уулзалтын үеэр гаргасан бөгөөд энэхүү санаачилгыг Монголын улсын талаас ийнхүү ажил хэрэг болгож байна.

Агуу их Цайны зам" (The Great Tea Road) нь 17-19 дүгээр зууны үед Ази, Европыг холбосон худалдааны гол замуудын нэг байсан бөгөөд Хятадаас эхлэн Монголын тал нутгаар дайрч Орос руу хүрдэг байв. Энэхүү авто ралли нь уг түүхэн замыг орчин үед сэргээн сануулах зорилготой бөгөөд анх 2016 оны зун БНХАУ-ын Эрээн хотоос ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл амжилттай зохион байгуулагдаж байв.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Урлаг спорт
МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ
МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.
Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.
МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо.

Урлаг спорт
Гучин мянган гүйгч оролцох Бостоны алдарт марафон өнөөдөр болно
АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан жил бүр зохион байгуулагддаг Бостоны марафон гүйлтийн энэ жилийн тэмцээн орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өглөө эхэлнэ.
Энэ удаагийн марафонд 30 мянгаас давсан гүйгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулагчид оролцогчдын урсгалыг илүү оновчтой зохицуулах зорилгоор олон нийтийн хөдөлгөөний судалгааны мэргэжилтэнг татан оролцуулжээ.
Тодруулбал, Их Британийн судлаач марафоны маршрутыг өөрчлөхгүйгээр гарааны зохион байгуулалт, усны цэгүүд болон барианы хэсгийн урсгалыг сайжруулах боломжтойг онцоллоо.
Мөн оролцогчдын бөөгнөрлийг бууруулах зорилгоор гарааг өмнөх жилүүдийн дөрвөн хэсгээс зургаан “долгион” болгон өөрчилсөн нь ачааллыг тараахад чиглэж байна. Зохион байгуулагчид энэхүү зохицуулалт нь марафоны уламжлалт хэлбэрийг хадгалахтай зэрэгцэн оролцогчдын аюулгүй байдал, тав тухыг сайжруулахад чиглэж буйг мэдээллээ.
Сонирхуулахад, Бостоны марафон нь дэлхийн хамгийн эртний марафонуудын нэг бөгөөд анх 1897 онд зохион байгуулагдсан. Түүнээс хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан дөрөвдүгээр сарын гурав дахь Даваа гаригт уламжлал болгон явуулдаг.
Олон улсын марафоны тэмцээнүүд дундаас нэр хүндээрээ тэргүүлэх энэхүү уралдаанд оролцохын тулд гүйгчид тодорхой босго хугацаа давсан байх шаардлагатай нь онцлог юм.
-
Улстөр нийгэм2020/10/30
Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын...
-
Улстөр нийгэм2024/08/05
Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике Манало албан ёсны айлчл...
-
Улстөр нийгэм2020/05/06
Ч.Хүрэлбаатар: 793 тэрбумыг хэмнэгдсэн төсвөөс гаргана
-
Цаг үе2025/02/18
Хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай гурван нэрийн эмийг хүлээн авлаа
