Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг болно

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.

Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд салбарынхаа ажлыг сурталчлан, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг хүргэх юм. 

2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын Ажлын алба, Шадар сайдын Ажлын алба, Сангийн яамны өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлнэ.

Өдөрлөгийн үеэр Улаанбаатар-Дархан, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамын шинэчлэл, өргөтгөл, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, орон сууцны “Солонго I, II хороолол төсөл”, нисэх онгоцны шинэ буудал, “Шинэ сум” төсөл, Байгалийн түүхийн музей, Төв цэвэрлэх байгууламж, цэнгэлдэх хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтын ажлын өнөөгийн явцын талаар танилцуулна. Мөн Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд ажлаа сурталчлах юм. 

2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Иргэд, олон нийттэй харилцах төв иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, хөрөнгө оруулагчдад нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгч иргэний бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах, автомашины дугаар олгох, шилжүүлэх, татварын өр, тооцоотой эсэх тодорхойлолт гаргах, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах болон барилгын зураг хянуулах хүсэлт хүлээн авах, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээ, мэдэгдлийг судлан газар дээр нь олгох, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалт хийх, стандартын сургалтын бүртгэл явуулна.  

Төрийн банк үнэгүй данс, карт нээж өгч, Гялс банкны үйлчилгээ үзүүлэх бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК үнэт цаасны эзэмшил, өмчлөх эрх, бүртгэл, компаниудын ногдол ашиг, хувь тараах талаар  мэдээлэл өгөх юм байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, ягаан, цэнхэр тасалбар, ногдол ашиг зэрэгтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авна.

Зээлийн батлан даалтын сан, малын индексжүүлсэн даатгал, бусад төрлийн даатгал болон “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”, “Хөгжлийн хөтөч, дэд бутэц төсөл”, “Тогтвортой амьжиргаа-3 төсөл”, “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Бичил санхүүгийн хөгжил төсөл”, “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” зэрэг төслийн талаар танилцуулах юм.

Цаашид яам, агентлагууд хуваарьт өдрөө ажлаа тайлагнахаас гадна иргэдэд төрийн зарим үйлчилгээ үзүүлнэ.

Тухайлбал:

-  2019.9.17  Гадаад харилцааны яам - Консулын газар иргэдэд зөвлөгөө өгөх, Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрууд тухайн улсынхаа үндэсний хоол, бүтээгдэхүүнээр үйлчилж, мэндчилгээ дэвшүүлэх

-  2019.9.18  Эрүүл мэндийн яам - Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоо, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүүхдийн хараа, чих, хамар, хоолой зэрэг үзлэг

-  2019.9.19  Хууль зүй, дотоод хэргийн яам - Цагдаагийн байгууллагад өгөх иргэдийн санал, хүсэлт, өргөдөл хүлээн авна. Иргэний болон хуулийн этгээд, эд хөрөнгийн улсын бүртгэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, оюуны өмчийн эрхийн мэдүүлэг авах, гадаадын иргэний виз, зөвшөөрөл, цахим визний танилцуулга, зөвлөгөө 

-  2019.9.20  Байгаль орчин, аялал жуулчлалын яам - Тусгай зөвшөөрлүүдийн материал бүрдүүлэлт, сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хэрэглэх,  “Ногоон хэрэм” төслийн хүрээнд мод тарих зэрэг зөвлөгөө

-  2019.9.21  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам - Ажлын байрны захиалга авч, ажилгүй иргэдийг зуучлах, нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, одонтой ээж, жирэмсэн эхчүүдийн материал, насны хишигтэй холбоотойгоор ахмадуудын өргөдлийг хүлээн авах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт олгох, сунгах, протез, ортопедийн танилцуулга, захиалга авах

-  2019.9.22  Зам, тээврийн хөгжлийн яам - Төмөр зам, авто зам, агаарын тээврийн  салбарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, иргэдийн санал бодлыг хүлээн авах

-  2019.9.23  Барилга, хот байгуулалтын яам - Тусгай зөвшөөрлийн хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах, газар өмчлөх, эзэмших, ашиглах, газар эзэмших эрхийн барьцаанд бүртгэх, бүртгэлгүй эсэх лавлагаа олгох, үл хөдлөх хөрөнгийн судалгаа, цэвэр, бохир ус, дулааны төлбөр тооцооны бодолт, үнэ тарифын мэдээлэл, зөвлөгөө өгөх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэх,

-  2019.9.24  Батлан хамгаалах яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам - Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн үзэсгэлэн, жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үнэгүй зөвлөгөө, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон бусад сангаас олгодог зээлтэй холбоотой мэдээлэл, малын эмийн хэрэглээний хяналт, баталгаажуулалт, үзэсгэлэн худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалахад зориулсан зөвлөгөө

-  2019.9.25  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам - Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын чиглэлээр мэдээлэл өгч танилцуулах, иргэдийн өргөдөл, гоидлыг хүлээн авах

-  2019.9.26  Эрчим хүчний яам - Иргэдийн гомдлыг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх, цахилгаан, дулааны техникийн нөхцөл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжээс өргөдлийг цахимаар хүлээн авах талаар зөвлөгөө өгөх, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, шинжлэх ухаан, инновацийн шинэ бүтээл, техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа 

-  2019.9.27  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам - Их, дээд сургуульд суралцагчид тэтгэлэг, зээлд хэрхэн хамрагдах, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаархи мэдээлэл, хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн хамрагдалт, ирц, үнэлгээ, гэрийн даалгавар зэргийг эцэг эхчүүд гар утаснаасаа шууд үзэх боломжтой системийг танилцуулах, гар утсанд суулгаж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм. 

2019 оны 09 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэд соёл, урлагийн байгууллагууд 18.00-19.30 цагт Д.Сүхбаатарын талбайд уран бүтээлээ толилуулна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй төслийн явц 60 хувьд хүрчээ.

Түүхий тос дамжуулах 527 км хоолойн ажил 90 орчим хувьтай, үйлдвэрийн технологийн байгууламжуудын барилга угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалт ид өрнөж байгаа тухай “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулав.

Тухайлбал, үйлдвэрийн хамгийн чухалд тооцогдох эх байгууламжууд болох “Атмосферийн нэрлэгийн цамхаг”-ийг өнгөрсөн тавдугаар сард, “Вакуум нэрлэгийн цамхаг”-уудыг долоодугаар сард тээвэрлэн авчирч, угсарч эхэлжээ.

Түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах 276,430 метр.куб багтаамжтай агуулах сав барьж, 263 км ил, 26 км далд шугам хоолойг гагнаж суурилуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гарган, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн.

Газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ ханган, улмаар экспортлогч орон болох нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолтой салшгүй холбоотойг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож байгаа хоёр орны бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийлэв.

Стратегийн чухал ач холбогдолтой энэ үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө төр, засаг бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгийг Ерөнхийлөгч хэллээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ “Ерөнхий сайд Нарендра Моди, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын манлайлал дор хэрэгжиж байгаа төслийн явц 60 хувьд хүрсэнд сэтгэл хангалуун байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс эрчим хүчний аюулгүй байдлаа хангаж, бензин, шатахууны хэрэгцээг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх чухал ач холбогдолтой. Миний хувьд төслийн явцтай газар дээр нь байнга ирж танилцдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч ирсэн нь төслийн бүтээн байгуулалт улам эрчимжихэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Газрын тос боловсруулах үйлдвэр бол дэлхийн нефть-химийн аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгчдийн патенттай, орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий үйлдвэр юм.

Боловсруулах үйлдвэрээс гадна дулааны цахилгаан станц, цахилгаан дамжуулах олон зуун км шугам, дэд станц, агуулах сав резервуарын парк, тээвэр логистикийн дэд бүтэц, ус дамжуулах хоолой, ачих буулгах эстакад зэрэг байгууламжаас бүрдсэн хүнд аж үйлдвэрийн цогцолбор гэж болно.

Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар 4,500 инженер, техникийн ажилтан гурван ээлжээр, 24 цаг тасралтгүй ажиллаж байна.

Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, улсын газрын тосны хэрэгцээний 55 хувийг хангана. Үүнээс гадна 824 мян.тн дизель, 396 мян.тн АИ95 бензин, 80 мян.тн онгоцны түлш, 17 мян.тн зуухны түлш, 27 мян.тн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэх юм.

Үйлдвэр ашиглалтад орсноор 850-900 ажлын байр шинээр бий болно.


 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Огноо:

,

 Дэлхийн 20 гаруй орны парламентын 88 эмэгтэй гишүүн “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор Улаанбаатар хотноо чуулж байна.

Төлөөлөгчид парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, хууль тогтоох үйл явц дахь жендэрийн тэгш байдлыг хангах талаар хэлэлцэж, санаа бодол, туршлага, мэдлэгээ хуваалцан, хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулга уулзалтад оролцогсдод мэндчилгээ дэвшүүлснийг Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт олон улсын эмэгтэй парламентчид аа,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

“Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д оролцохоор өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Найман зууны тэртээ Монголын эртний нийслэл Хархорум хотод өрнө, дорнын элч, төлөөлөгчид хуран чуулж, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлэх, шашин хоорондын ойлголцлыг дэмжих, чөлөөт худалдаа, арилжааг өргөжүүлэх талаар хэлэлцэж байсан тухай түүхийн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Үүний нэгэн адил дэлхий дахины энх тайван, аюулгүй байдал, хүний эрх, хөгжил дэвшлийн асуудлыг хэлэлцэн ярилцахаар дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт эмэгтэй парламентчид, зочид, төлөөлөгчид Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Өнөөгийн дэлхий ертөнцийн амар амгалан, аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх ёсыг сахиулах, хөгжлийг тэтгэхэд дэлхийн улс орнуудын эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо, манлайлал нэн чухал байна.

Улс орны парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр хүчирхийлэл, хүний эрхийн зөрчил, дайн тулаан, тэмцэл мөргөлдөөн гарах магадлал багасдаг болохыг судлаачид нотолдог.

Мөн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн чадавхыг сайжруулах, нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зэрэг бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэй хууль тогтоогчид илүү их үүрэг гүйцэтгэх учиртай.

Тиймээс хүйсийн тэгш бус байдлаас ангид дэлхий ертөнцийг бий болгох нэгдмэл зорилгын хүрээнд эмэгтэй удирдагчдын манлайлал, түншлэлийг хөгжүүлэхийн төлөө энэ чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.

Эмэгтэйчүүд нь хууль тогтоох, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн бодлого тодорхойлох, төсөв батлах, нөөц хуваарилах, Засгийн газарт хяналт тавих бүхий л түвшинд эрх тэгш оролцож байж, эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах үйл явцад бодит утгаараа нөлөөлөл үзүүлж чадах болно.

Эмэгтэйчүүд шийдвэр гаргах үйл явцад тэгш эрхтэй оролцох үед институцууд илүү хүртээмжтэй, бодлого илүү хариуцлагатай болж, нийгэм илүү уян хатан болдог.

Монгол Улс одоогоос 100 гаруй жилийн тэртээ баталсан анхдугаар Үндсэн хуульдаа эрэгтэй, эмэгтэй хүн эрх тэгш хэмээн үзэж, эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хүлээн зөвшөөрч, сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхдагч улс болсон билээ.

Манай улс энэ түүхэн уламжлалаа улам бүр баяжуулан хөгжүүлж, үндэсний хэмжээнд салбар бүрд, бүх түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлж, бүс нутагтаа манлайлал үзүүлэн ажиллахыг зорьж байна.

Монгол Улсын 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан Улсын Их Хурлын 76 гишүүний гурав нь эмэгтэй байсан бол 2024 оны сонгуулиар парламентын 126 гишүүн дотор 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүдийн 25.4 хувийг эзлэх болсон нь манай улсын түүхэн дээд үзүүлэлт юм.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд дэлхий нийтэд жендэрийн тэгш байдлыг ахиулах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх төлөөлөл болон нөлөөллийг нэмэгдүүлэх үйл хэрэгт улс орнуудын хамтын ажиллагааг дэмжихэд идэвхтэй хувь нэмрээ оруулж ирсэн.

Тухайлбал, 2022 онд Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурал, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, 2025 онд Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

Монгол Улсын энэ санаачилга, манлайлал нь өнөөдөр дэлхийн улс орнуудын ард түмний төлөөллийн дээд байгууллага болох парламентын түвшинд үргэлжилж байгаа нь онцгой ач холбогдолтой юм.

Монгол Улс нь харилцан хүндэтгэл, яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг тууштай дэмжиж ирсэн орны хувьд цаашид эмэгтэйчүүдийн манлайлал, тэгш оролцоог бэхжүүлэх олон улсын найдвартай түнш, бат бөх гүүр байх болно.

“Шийдвэр гаргах үйл явц дахь төлөөллөөс-нөлөөлөлд” сэдэвт энэ чуулга уулзалтаас гарах санал зөвлөмж, бодлогын баримт бичиг нь эмэгтэйчүүд зөвхөн төлөөлөлтэй байхаас гадна улс үндэстэн, хүн төрөлхтний ирээдүйг тодорхойлох шийдвэрт бодитоор нөлөөлөх боломжийг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Жендерийн эрх тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь хүний эрхийн салшгүй хэсэг, ардчиллын үндсэн шалгуур гэдгийг бүх нийтээрээ гүнээ ухамсарлаж, амар амгалан, эв нэгдэлтэй дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө хамтран ажиллацгаая.

Аливаа улс үндэстний эв найрамдал, хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал байдаг билээ.

Үүний нэгэн адил улс орнуудын эмэгтэй удирдагчид Та бүхний оролцоо манлайлал, ухаалаг бодлого, хамтын ажиллагаа хүн төрөлхтний амар амгалан, даян дэлхийн энх тайван, улс гүрнүүдийн хөгжил дэвшилд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч итгэл төгс байна.

Амьдралын эх, амжилтын үндэс болсон эрхэмсэг бүсгүйчүүд Та бүхэнд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхнийг өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсэн ерөөе” гэлээ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Огноо:

,

2026 оны ургацын баланс эерэг гарч, 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100, хүнсний ногооны 70 орчим хувийг хангах төлөв гарчээ. Улсын хэмжээнд үр тарианы ургац хураалт 70, төмснийх 90, хүнсний ногооных 70, тэжээлийн таримлынх 50, тосны ургамлын ургац хураалт 30 орчим хувьтай байна.

“Энэ жил  газар тариалангийн түүхэнд хамгийн өндөр ургац хураан авах гэж байна. 1988 оны ургацын амжилтыг эвдсэн жил болж байна” гэж Сэлэнгийн тариаланчид Ерөнхий сайд Н.Учралтай уулзах үеэрээ ярьж байлаа. 

Мөн “Төр, засгаас анхаарч шатахуун тосоор хангаж, ургацаа хураан авч байна. Засгийн газар 100,000 тонн улаанбуудайн нөөц бүрдүүлж буй нь маш зөв бодлого” гэж Монгол Улсын гавьяат механикжуулагч Б.Ганболд хэлэв.  

Газар тариалангийн салбар байгаль цаг уур, түлш шатахуун, эрчим хүч, техник тоног төхөөрөмж, зам тээвэр, ажиллах хүч зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай тул Засгийн газраас онцгойлон анхаарч,  бодлогын дэмжлэг үзүүлж байна. Тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтад зориулж Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээл олгож, санхүүгийн дарамтыг бууруулах, тариалангийн гаралтай бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулахад анхаарч ажиллаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд цаашид цаашид;

-Хүнсний улаанбуудайн болон дотоодын ургацаас хураан авч зах зээлд борлуулсан хүнсний ногоонд урамшуулал олгох;

-Атар-IV аяны хүрээнд Засгийн газраас хариуцан төлөх зээлийн хүүгийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх;

-Тэжээлийн таримлын үр үржүүлэх, ган өвчин хортонд тэсвэртэй сортын нөөц бүрдүүлэх;

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тариалан эрхлэгчдэд  тариалангийн үйлдвэрлэлийн       технологит хугацаанд зөвлөн туслах үйлчилгээ нэвтрүүлэхэд Засгийн газраас дэмжиж ажиллана гэлээ.

Энэ онд тариалан бүхий 880 иргэн, аж ахуйн нэгжид 138.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны долоон банкаар дамжуулан олгожээ.

Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарчээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм23 цаг 27 минут

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ...

Улстөр нийгэм23 цаг 31 минут

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Улстөр нийгэм23 цаг 35 минут

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний х...

Улстөр нийгэм23 цаг 39 минут

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн...

Цаг үе2026/10/12

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Улстөр нийгэм2026/10/12

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Цаг үе2026/10/12

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Цаг үе2026/10/12

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Шударга мэдээ2026/10/12

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Цаг үе2026/10/12

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Санал болгох