Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Түүхий нүүрс түлж буй талаарх мэдээллийг 102 дугаарын утсаар авна

Огноо:

,

"Сайжруулсан түлшний цогц хэрэглээ" аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын өнгөрсөн долоо  хоногийн мэдээллийг танилцууллаа. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчны яам болон нийслэлийн харьяа алба, агентлагуудаас хамтран долоо хоног бүрийн даваа гарагт энэхүү хэвлэлийн хурлыг зохион байгуулж буй юм.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат агаарын чанарыг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулан танилцуулав. Тэрбээр хэлэхдээ:

-Цаг уур, орчны шинжилгээний газраас арванхоёрдугаар сарын 13-19-ний өдрүүдийн Улаанбаатар хотын агаарын чанарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан гаргасныг танилцуулъя. Хүхэрлэг хий, азотын давхар исэл,  РМ10 тоосонцор, РМ 2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн түгээмэл зургаан бохирдуулагчийн хэмжээгээр тогтоолоо. Хүхэрлэг хий 2020 онд 220 микрограмм  /мкг/ байсан бол энэ онд 140 микрограмм буюу багассан үзүүлэлттэй байна.  Азотын давхар исэл долоо хоногийн үзүүлэлт 2020 онд 61 мкг байсан бол энэ онд 64 мкг буюу ойролцоо түвшинд, РМ 10 тоосонцрын долоо хоногийн дундаж агууламж  2020 онд  158 мкг, 2021 онд 156 мкг,  РМ 2.5 тоосонцор  2020 онд 120 мкг, 2021 онд 112 мкг болж буурсан үзүүлэлттэй байгаа юм. Нүүрстөрөгчийн дутуу исэл долоо хоногийн дундаж агууламжаар 2020 онд 3806 мкг, 2021 онд 2968 мкг, озоны хувьд 2020 онд 8 мкг, 2021 онд 14 мкг байлаа. Өнгөрсөн долоо хоногт агаарын чанарын индексийн мэдээллээр Улаанбаатар хотын нэгдүгээр хороолол, Толгойт, Хайлааст, Таван буудал орчимд агаар бохирдолтой, бусад газард агаар бага бохирдолтой түвшинд байсан хэмээн мэдээллээ.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх хэлтсийн дарга Б.Пүрэвсүрэн:

-Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн томоохон ажил зохион байгууллаа. Үүний нэг нь 102 тусгай дугаарт түүхий нүүрсний хэрэглээний талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг болж байна. Зөвхөн түүхий нүүрс төдийгүй дугуй, хаймар, тос масло зэрэг зориулалтын бус агаар бохирдуулагч зүйлсийг шатаасан тохиолдолд ч 102 дугаарын утсанд мэдээлэхийг иргэдээсээ уриалж байна гэлээ.

Түүнчлэн иргэдийг  стандартын зуух хэрэглэж заншихыг уриалав. Түүхий нүүрс, стандартын бус зуух хэрэглэснээр зөвхөн та, танай гэр бүлийнхэн хохироод зогсохгүй хөрш айлынхан ч мөн хордож байдаг тул хөрш айлууд, зэргэлдээ суурьшиж буй хүмүүсийн мэдээлэл чухал байгааг тодотгосон юм.  Өнгөрсөн хугацаанд сайжруулсан шахмал түлшний хоногийн борлуулалт 3000-3200 тоннд хүрчээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагынхан цагдаагийн ажилтнуудтай хамтран тээврийн товчоод дээр 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт  82 шуудай шахмал түлшийг хөдөө, орон нутаг руу тээвэрлэхийг завдсан байна. Тээвэрлэгч иргэнд торгууль ногдуулж, шахмал түлшийг Амгалан станцад буулгажээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 15 тонн түүхий нүүрс оруулж ирснийг илрүүлж хураасан байна.

Хэвлэлийн хурлын үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал:

-Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын зургаан иргэн шахмал түлшинд угаартсан. Угаартсан шалтгааныг тодруулахад ердийн монгол зууханд галлаж, зуухны битүүмж алдагдсанаас болсон байсан. 2020 оны мөн үед 387  иргэн угаарын хийн хордлогод өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол энэ онд 73 хүн болж, 83 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Өнөөдрийн байдлаар эрсдэл бүхий 63 мянган өрхөд угаарын хий мэдрэгч байршуулан 24 цагаар хянаж байна. Эрүүл мэндийн байгууллагын тусламж авах хэмжээнд хүрэхээс өмнө хяналт хийснээр өмнөх долоо хоногт 150 гаруй айлын гэрт угаар ялгарч байгааг мэдэгдэж, урьдчилан сэргийлсэн. Тэгвэл арванхоёрдугаар сарын 13-19-ний өдрүүдэд 44 айлын гэрт угаар илэрч байгааг урьдчилан мэдэж, 160 гаруй иргэнийг угаартахаас сэргийлж чадлаа. Энэ нь долоо хоногийн хугацаанд гэрт нь  угаар ялгарсан айлын тоо  60 гаруй хувиар буурсан гэсэн үг. Тиймээс хүмүүст хандаж угаар мэдрэгчээ цахилгаанаас нь бүү салгаарай гэж сануулъя гэлээ.  

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ “Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс агаар дахь PМ-2.5 тоосонцрын хэмжээ их байгаа нь зүрх судасны өвчлөл нэмэгдүүлдэг аюултай. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй. Иргэд маань агаарын чанарын индексийг ашиглаж сурахын дээр агаар бохирдуулахгүй байх оролцоогоо нэмэгдүүлж, бие биедээ шаардлага тавьдаг байх нь чухал байна” гэлээ.

Түүнчлэн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг улсын хэмжээнд өрнүүлж буйг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Мөн ирэх оны эхнээс долоо хоног бүрийн мэдээлэлдээ зөвхөн Улаанбаатар хотын агаарын чанарыг бус улсын хэмжээнд агаарын чанар ямар түвшинд байгааг мэдээлдэг болох юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын иргэд амьдарч байгаа хотынхоо газарт нутагт зорчихдоо авто замын хураамж 5000 төгрөг төлж байна. Мөн энэ хэсэг аялал жуулчлалын бүс хэдий ч замын хураамж төлөх гэж түгжрэл ихээр үүсгэдэг. Тиймээс Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэхийг Зам, тээврийн яамд уламжилж, шийднэ. Налайх дүүрэг хотын аялал жуулчлалын бүс. Барилгажилт ихсэхээс өмнө замын трассууд, амрах талбайгаа чөлөөлөх хэрэгтэй. Налайх, Багануур, Багахангай дүүргийг эдийн засгийн тусгай бүс болгож, аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд зорилт тавин ажиллаж байгаа” гэлээ.

Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “НИТХ-аар Налайхын Цэргийн ангийн урдуур явж байгаа замыг дөрвөн эгнээ болгохоор шийдсэн. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилд ойролцоогоор дотоод, гадаадын нэг сая жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг. Тус замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэхэд Улаанбаатар хотоос Тэрэлж рүү зорчих жуулчдын тоо нэмэгдэж, иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 16-нд болж, “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын зардалд шаардагдах  248 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Айчи-Нагоя-2026 Азийн XX наадамд Монгол Улсаас 31 спортын төрөлд 298 тамирчин, Азийн пара V наадамд спортын 10 төрөлд 43 тамирчин 19 дасгалжуулагч оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

Огноо:

,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.

Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа. 

150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох