Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цанг цохилоо

Огноо:

,

“Омни актив ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохин ёслол 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр боллоо.

Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Омни капитал ББСБ” ХХК-ийн ТУЗ-ын дарга Ч.Эрэлхэг, “Омни актив ТЗК”-ийн ТУЗ-ын дарга С.Бямбасүрэн, “Апекс капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор болон холбогдох бусад албаныхан оролцлоо.

Цан цохих ёслолыг нээж Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц “Санхүүгийн зохицуулах хорооноос дэд бүтцийн байгууллагууд, зах зээлийн холбоод, мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, тэр тусмаа цоо шинэ зах зээл буюу биржийн бус зах зээлийг бий болгох, банкны реформыг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр бодлогын томоохон арга хэмжээнүүдийг үе шаттайгаар, цаг тухай бүрт нь авч хэрэгжүүлсний үр дүнд 2021 онд зах зээлийн хөгжлийн суурь үзүүлэлтүүд өсөж, өнгөрсөн 01 дүгээр сард хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшинд буюу 6 их наяд төгрөгт хүрээд байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль батлагдсанаас хойш 10 гаруй жилийн хугацаанд зөвхөн орон сууцны зээлээр баталгаажсан хөтөлбөрийн шинжтэй баталгаат үнэт цаасыг хаалттай хүрээнд цөөн тооны хөрөнгө оруулагчдад, худалдахаар гаргадаг байсан.

Харин сүүлийн жилүүдэд бусад төрлийн зээл, үүрэн телефоны дараа төлбөрт хэрэглэгчдийн төлбөр, орон сууцны түрээсээр баталгаажсан зэрэг мөнгөн урсгал бий болгох боломжтой хөрөнгөд суурилсан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргаж байна. Түүнчлэн өнгөрөгч онд банк бус санхүүгийн байгууллагаас арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулж, олон нийтэд анх удаа нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг амжилттай гаргасан. Өөрөөр хэлбэл хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь хувьцаа, өрийн хэрэгслийн адил санхүүжилт татах нэгэн төрлийн хэрэгсэл болсноор аж ахуй нэгжүүдээс энэ төрлийн үнэт цаас гаргах сонирхол нэмэгдэх болсон.

Харин энэ удаагийн  хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь 3 өөр төрлийн зээлээр баталгаажсан гэдгээрээ онцлог бөгөөд энэ төрлийн үнэт цаасны салбарт шинэ бүтээгдэхүүн болж байна. Санхүүгийн зохицуулах хороо цаашид ч хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх, үнэт цаас гаргагчид тусгай зөвшөөрөл олгох харилцаатай холбоотой журмыг зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, олон улсын жишигт нийцүүлж илүү таатай, тодорхой, ойлгомжтой болгох зорилгоор зах зээлийн мэргэжлийн оролцогчдынхоо саналыг авч, журмын төслийг боловсруулж байна” гэдгийг онцолсон юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.

Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.

Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдлөө

Огноо:

,

Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгууллаа. Уг тэмцээнийг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж буй. Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээний есөн байгууллагын 10 багийн 70 гаруй жолооч өрсөлдөв.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилгүй жолооч нарыг шалгаруулж оролцуулдаг. “Уран жолоодлого-2026” тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва оролцож, үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва  “Нийтийн тээврийн салбарт 4400 жолооч, инженер, техникийн ажилтан, арын албаныхан ажиллаж байна. Нийтийн тээврийн зорчигчийн тоо 2025 онтой харьцуулахад 19 хувиар өссөн. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, 16 шинэ чиглэлүүдийг бий болгож, автобусны шинэчлэлийг хийж байна. Жолооч та бүхэн нийслэлийн иргэдийг аюулгүй тээвэрлэх үүргээ биелүүлж, иргэдэд соёлтой үйлчилж, тухтай зорчиход нь тусалдаг байгаарай” гэв.

Уран жолоодлогын тэмцээн нь тээврийн үйлчилгээ болон жолооч нарын харилцаа хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах ач холбогдолтой.

“Уран жолоодлого-2026” тэмцээнд оролцож буй жолооч нар:

Цуваагаар явах, хоёр, хоёроор зэрэгцэж явах, 450 градус тойрог эргэж,

Нэг шулуунд зэрэгцэж зогсох, эсрэг зүгт зэрэгцэн зогссон байрлалаас хоёр тийш зэрэг хөдөлж,

Нэг шулуунд зогсох, адил талт тэгш өнцөгт үүсгэж зогсох, 45 градусын өнцгөөр зүүн гар тийш эргэж, нэг зүгт цуваж зогсох,

Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь цуваагаар сүлжиж явах,

Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь эгнээ дагаж орж сүлжиж явах,

Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 2 талаас нь салган цуваагаар сүлжиж явах,

Багийн ахлагч нар дараалсан дөрвөн үйлдэл гүйцэтгэх,

Багийн гишүүн бүрийн мэдлэг, харилцаа хандлагын сорил, тестийг бөглөх зэрэг үүрэг даалгаврыг гүйцэтгэж тэмцээнд оролцов.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Огноо:

,

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдсантай холбоотойгоор хуучин Эмээлтийн пост байсан газарт нүхэн гарц хийж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. 2027 онд Налайхын постыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй болно.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдаж, Улаанбаатар хотоор аюултай ачаа тээвэрлэхгүй болсон. Иймд хуучин Эмээлтийн пост байсан газар нүхэн гарц барьж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. Хот доторх постуудыг нүүлгэн шилжүүлнэ. Тухайлбал, Налайхын постыг Төв аймаг Цонжинболдог, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох