Шударга мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 23-нд болж, дарах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:
- 2022 оныг Хоршооны хөгжлийг дэмжих жилээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн эд хөрөнгийг “Медипас” ХХК-д шилжүүлсэн асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нарт даалгав.
- Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран байгуулсан Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Тус түншлэлд одоогоор 13 орон гишүүнээр нэгдэж ороод байна.
- Олимп, паралимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын жин, зайд медаль хүртсэн тамирчдад 2022 онд олгох сар бүрийн мөнгөн урамшуулалд шаардагдах нэг тэрбум 848 сая төгрөгийг Биеийн тамир, спортын хорооны батлагдсан төсвөөс зохих журмын дагуу гаргахыг тус хорооны даргад даалгав.
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг 2022 оны гуравдугаар сарын 7-11-нд ОХУ, Беларусь улсад ажиллахыг зөвшөөрч, ажиллах удирдамжийг баталлаа.
- Энэ сарын 25-нд цахимаар зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын зургадугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.
Шударга мэдээ
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна
Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого улсын хэмжээнд бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал цахимаар зохион байгуулагдана. Аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм.
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг бодитоор тодорхойлох, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, бүтэц үзүүлэлтийг тооцох, салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, бизнес эрхлэгчдийн төвлөрөл, байршил, үйл ажиллагааны чиглэлд үндэслэн төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР
Шударга мэдээ
Түүхийн багш нарт "Чингис хаан" Үндэсний музейд үнэ төлбөргүй сургалт явуулах эрхийн үнэмлэх олгохоор боллоо
“Эх түүх-Нэг Монгол” уриатай Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордонд боллоо.
Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Аугаа түүхээ өвлүүлэн үлдээх, эх орон, төрт ёс, өвөг дээдэс, өв соёлоороо бахархах сэтгэлийг төлөвшүүлэх, сурталчлан таниулах, үндэстний ой санамжийг бататган бэхжүүлэх үйлсэд түүхийн багш, түүхчид, соён гэгээрүүлэгчид манлайлах учиртай” хэмээн онцоллоо.
Энэхүү санаачилгыг дэмжиж Монгол Улсын бүх шатны түүхийн багш нарт Чингис хаан Үндэсний музейд үнэ төлбөргүй сургалт явуулах эрхийн үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ. Түүхийн багш нарыг харьяалагдах дүүрэг, аймаг, орон нутгийн боловсролын байгууллагаар дамжуулан баталгаажуулж үнэмлэх олгох юм.
Улсын анхдугаар зөвлөгөөний үндсэн илтгэлийг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич Сампилдондовын Чулуун “Дэлхий дахин дахь Монголын түүх, соёлын судалгаа, сурталчилгаа” сэдвээр хэлэлцүүлж, нэгдсэн хуралдааныг удирдан явууллаа. Тэрбээр илтгэлдээ Монголын түүхийн судалгаа нь сүүлийн хоёр зуун гаруй жил дэлхийн олон улс оронд хөгжиж ирсэн монгол судлалын уламжлалтай нягт уялддаг бөгөөд монголчуудын түүх, соёлын өв дэлхийн олон оронд хадгалагдан тухайн улсынхаа чухал өвд тооцогдож байгааг онцлов.
Зөвлөгөөнд оролцож буй ерөнхий боловсролын сургуулийн 630 түүхийн багш Чингис хаан Үндэсний музейгээр үйлчлүүлж байна.
Шударга мэдээ
“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна
Авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар трам” төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.
Трамвай нь 100 хувь цахилгаан учир авто замын түгжрэл, автомашины хорт утаа ялгаруулалтаас үүсэх агаарын бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой. Тухайлбал, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO₂) ялгаруулалт 39 мянган тонноор, азотын давхар исэл (NO₂) ялгаруулалт 234 тонноор, нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) ялгаруулалт 2.7 тонноор буурах боломжтойг ТЭЗҮ-д тусгасан байна. Мөн зорчих хугацааг хэмнэснээр жилд 49.6 сая ам.доллар, шатахууны хэрэглээ, ашиглалтын зардлыг бууруулснаар жилд 14.2 сая ам.долларын хэмнэлт гарах тооцоо гарсан аж.
Түүнчлэн төслийн талаарх олон нийтийн санал хүсэлтийг хүлээн авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Тус хэлэлцүүлэг, судалгаанд Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нийт 38 хороодын иргэн оролцсон. Иргэдийн зүгээс төслийн хүрээнд ногоон байгууламжийг төлөвлөх, аюулгүй байдлыг хангах, иргэдэд замын хөдөлгөөний дарамт учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллах санал дэвшүүлжээ.
-
Улстөр нийгэм2026/03/11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина
-
Цаг үе2025/04/28
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
-
Цаг үе2023/04/26
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Цаг үе2025/08/21
Ургац хураалтад иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулна
