Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

22 байршилд авто зам, замын байгууламж барина

Огноо:

,

Улаанбаатар хотод 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891.2 метр урт гүүр, 80850 м2 явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Эдгээр замыг хаана, хэрхэн барих талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Одбаяр, тус газрын Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Анхбаяр, Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газрын Олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Н.Сугар нар мэдээлэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл ажлыг гуравдугаар сарын 1-ний дотор хангах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Энэ дагуу 2022 онд барьж байгуулах авто зам, замын байгууламжийн ажлуудын бэлтгэлийг хангаж, эхнээсээ тендер зарлахад бэлэн болоод байна. Урьд өмнөх жилүүдэд дөрөвдүгээр сараас эхэлдэг байсан бүтээн байгуулалтын ажил энэ онд гуравдугаар сарын эхнээс эрчимжлээ. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байх хугацаанд тендер зарлах, бичиг цаасны ажлаа гүйцэлдүүлэх зэргээр хугацаа алддаг байсан.  Энэхүү алдааг энэ жил давтахгүйн тулд бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийг гуравдугаар сардаа багтаан хийж дуусгасан байна.

Энэ жил барих авто зам, замын байгууламжуудын  хөрөнгө оруулалт, төлөвлөгөө  нь батлагдсан  бөгөөд шинэ бүтээн байгуулалтын 11.47 км нь гол зам, гудамжнуудад тавигдах бол 15.48 км нь туслах замд хийх бүтээн байгуулалт юм.  Эдгээр 22 байршлаас 19 байршлынх нь тендер зарлагдаад байна.

Хаана ямар зам, замын байгууламж барих талаарх мэдээллийг хүргэе.

  1. Наадамчдын /Яармагийн гүүрнээс баруун тийш “Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хүртэлх/ авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам

  1. Ард Аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцол

  1. Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, Ард Аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцол

  1. Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх авто зам, гүүрний угсралтын ажил

  1. Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлт

  1. Эрчим хүчний гудамжнаас "Монос фарм трейд" ХХК хүртэлх "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн талаар шинээр тавих авто зам

  1. Баянголын авто замын баруун талаас 22-ын товчооны баруун талын гарц хүртэлх авто зам
  1. Сэлбэ голын баруун талын авто замаас хойшоо шинээр тавих авто зам, гүүр

  1. Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжны дагуу шинээр барих болон шинэчлэх авто зам

  1. Нэгдүгээр хорооллын арын холбоос зам гүүр

  1. Цагаан байрны хойд уулзвараас далан дагаад Хүчит шонхор захын уулзвар хүртэлх авто зам

  1. Ахмадын хорооллын зүүн талаарх далан дагасан авто зам

  1. Улаанхуарангийн гудамжнаас 68 дугаар сургуулийн баруун талаар Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй холбох гудамж, зам

  1. Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын авто зам

  1. Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто зам

  1. “Эрдэнийн төгөл” хотхоны баруун талаас Хүннү хороолол хүртэлх авто зам

  1. Номин Юнайтед их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэлх авто зам

  1. Ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн баруун талаар Туул гол гудамжийг Б.Шаравын гудамжтай холбох авто зам

  1. Нарны гүүрний баруун тал Дэма эмнэлгийн хойд талд хийгдэх авто зам

  1. Алтай хотхоны баруун талаас Мод боловсруулах үйлдвэрийн хойд талын авто зам хүртэлх авто зам

  1. Хархорин захын баруун талаар шинээр баригдах авто зам

  1. Баянмонголын нүхэн гарцнаас Нийслэл хүрээ өргөн чөлөө хүртэлх төмөр зам дагасан авто зам

Дээрх 22 байршилд авто зам, замын байгууламж барьснаар гол замууд дахь хөдөлгөөний эрчим дараах байдлаар буурна.

 НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Ерөнхий сайд Өмнөговь аймагт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүрэг өглөө

Огноо:

,

Өмнөговь аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналтаар хууль тогтоомжийн хэрэгжилт, мэдээллийн ил тод байдал болон иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажиллагаанд дутагдал илэрчээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал арваннэгдүгээр сарын 11-нд Өмнөговь аймагт ажиллах үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтын дүнг танилцуулсан байна.

Хяналтын дүнгээр аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны 2025 оны ерөнхий үнэлгээ 67.9 хувьтай гарчээ. Хөгжлийн бодлогын баримт бичиг болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг тогтоосон бөгөөд мэдээллийн ил тод байдлын цахим систем дэх үнэлгээ 56.8 хувьтай байна.

Мөн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах нэгдсэн цахим системд аймгийн 195 байгууллагаас 189 нь холбогдоогүй байжээ. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой гомдлын тоо сүүлийн гурван жилийн хугацаанд буураагүйг хяналтын байгууллагаас мэдээлэв.

Түүнчлэн аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын бодлого батлаагүй, иргэдэд үр тариа, хүнсний ногоо тариалах зориулалтаар газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулаагүй зэрэг дутагдал илэрсэн байна. Ханбогд, Цогтцэций, Гурвантэс суманд нөөцийн мах бэлтгэх ажил эхлээгүй байгааг мөн дурджээ.

Ерөнхий сайд Н.Учрал аймгийн удирдлагуудад хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, илэрсэн дутагдлыг арилгах үүрэг өгсөн байна. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийг хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдэд учирч буй хүнд суртлыг бууруулах «Чөлөөлье» санаачилгын хэрэгжилтийг хангахыг онцолжээ.

Аймгийн удирдлагууд орон нутагт хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулахдаа Өмнөговьд 4972 аж ахуйн нэгж бүртгэлтэй, тэдгээрийн 2081 нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болохыг мэдээлэв. Татварын шинэчлэлийн хүрээнд 500 аж ахуйн нэгжийг уг татвар төлөх үүргээс чөлөөлөхөөр тооцжээ.

Мөн аймгийн газар нутгийн 93 хувьд үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн бөгөөд сүүлийн таван жилд түрээслээд өмчлөх нөхцөлтэй 547 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна.

Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг 10-аас 20 хувь болгож нэмэгдүүлсэн нь орон нутгийн хөгжлийн төсөл, арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийг өсгөх боломж бүрдүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

Огноо:

,

Оюу Толгой” компани, “Рио Тинто” группээс Монгол Улсын Засгийн газарт захидал ирүүлснийг Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд болон “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд "Оюу Толгой" ХХК-аас 2027 онд хувьцаа эзэмшигчдэдээ эзэмшлийн хувь хэмжээнд тэнцүүлэн ногдол ашиг олгох асуудлаар санал солилцсон. Үүний дагуу Засгийн газраас 2027 онд "Оюу Толгой" ХХК-аас гурван их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ нь "Оюу Толгой"  ХХК-ийн 2027 онд улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад хураамжаас гадна төлөх дүн байх юм” гэдгийг захидалд тэмдэглэжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, "Оюу Толгой" ХХК-ийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, эдгээр боломжийг бодит үр дүн болгоно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав

Огноо:

,

Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна.

Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна.

2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм12 цаг 20 минут

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

Шударга мэдээ12 цаг 29 минут

Ерөнхий сайд Өмнөговь аймагт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүрэг...

Цаг үе12 цаг 43 минут

БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна

Цаг үе12 цаг 49 минут

Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцон...

Урлаг спорт12 цаг 55 минут

«Бостон Селтикс» хуучин тоглогч Жейлен Брауныхаа эсрэг хийсэн тогл...

Цаг үе13 цаг 2 минут

Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалг...

Цаг үе13 цаг 7 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Улстөр нийгэм2026/11/11

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээн...

Шударга мэдээ2026/11/11

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар ...

Улстөр нийгэм2026/11/11

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэ...

Санал болгох