Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэллээ

Огноо:

,

Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсаны дагуу нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хураан, төвлөрүүлж эхэллээ. Тодруулбал, тус хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/789 дүгээр захирамж гарч, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулсан юм. Ийнхүү нийслэлийн нутгийн захиргааны болон өмчит, төсөвт аж ахуйн тооцоот байгууллага, тэдгээрийн харьяа орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын суудлын автомашинуудыг төвлөрүүлж байна.

Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Б.Батбаяр “Нийслэлийн хэмжээнд нийт 178 автомашиныг хурааж төвлөрүүлнэ гэсэн судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар 28 машиныг татан төвлөрүүлээд байна. Ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас засвар, үйлчилгээ шаардлагатай байгаа 15 машиныг хурааж аваагүй байгаа” хэмээв.

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар эмнэлэг, онцгой байдал, цагдаа, байгаль орчны хамгаалал, хот тохижилт, нийтийн аж ахуй, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллага болоод үндсэн үйл ажиллагаа нь тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл ашиглах шаардлага бүхий байгууллагуудын автомашины хэрэглээг хязгаарлахгүй байхаар тусгажээ.

Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнэ “Манай баазын харьяанд 33 байгууллагын 78 автомашин хамаардаг. Эдгээр нь зөвхөн дарга нарын машин гэсэн ташаа ойлголт иргэдийн дунд бий. Тус автомашинуудыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг. Татан төвлөрүүлсэн автомашинуудыг дуудлагын зарчмаар ашиглах, үйлчилгээнд явуулах чиглэл ирсэн. Өмнө нь ч мөн аль нэг байгууллага манайд машин захиалж, албан хэрэгцээндээ ашигладаг байсан. Харин одоо технологийн хувьд шинэчилж, машин захиалах, дуудах үйлчилгээг илүү боловсронгуй болгохоор зорьж байна”  гэсэн юм.

Нийслэлийн Төр захиргааны авто баазад парк шинэчлэл хийгээгүй удсан тул машинууд нь хуучирч муудсан бөгөөд 33 машиныг нэн яаралтай ашиглалтаас хасах шаардлагатай болсон талаар албаныхан онцолж байв. Мөн автомашины хэрэглээг хязгаарлан, татан төвлөрүүлж буйтай холбогдуулан жолооч нарыг үргэлжлүүлэн ажиллуулах, тэдний орлого болоод нийгмийн баталгааг одоогийн түвшнээс бууруулахгүй байх чиглэлийг Хотын дарга холбогдох албаныханд өгсөн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Төр захиргааны авто баазын батлагдсан орон тоог хасаж, цомхотгохгүй аж.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын иргэд амьдарч байгаа хотынхоо газарт нутагт зорчихдоо авто замын хураамж 5000 төгрөг төлж байна. Мөн энэ хэсэг аялал жуулчлалын бүс хэдий ч замын хураамж төлөх гэж түгжрэл ихээр үүсгэдэг. Тиймээс Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэхийг Зам, тээврийн яамд уламжилж, шийднэ. Налайх дүүрэг хотын аялал жуулчлалын бүс. Барилгажилт ихсэхээс өмнө замын трассууд, амрах талбайгаа чөлөөлөх хэрэгтэй. Налайх, Багануур, Багахангай дүүргийг эдийн засгийн тусгай бүс болгож, аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд зорилт тавин ажиллаж байгаа” гэлээ.

Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “НИТХ-аар Налайхын Цэргийн ангийн урдуур явж байгаа замыг дөрвөн эгнээ болгохоор шийдсэн. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилд ойролцоогоор дотоод, гадаадын нэг сая жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг. Тус замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэхэд Улаанбаатар хотоос Тэрэлж рүү зорчих жуулчдын тоо нэмэгдэж, иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 16-нд болж, “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын зардалд шаардагдах  248 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Айчи-Нагоя-2026 Азийн XX наадамд Монгол Улсаас 31 спортын төрөлд 298 тамирчин, Азийн пара V наадамд спортын 10 төрөлд 43 тамирчин 19 дасгалжуулагч оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

Огноо:

,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.

Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа. 

150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох