Улстөр нийгэм
“Цахим шилжилтэд анхаарах асуудал” сэдэвт анхдугаар уулзалт, хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын мэдээллийн технологийн салбарын байгууллага, мэргэжилтэн, судлаачдын “Цахим шилжилтэд анхаарах асуудал” сэдэвт анхдугаар уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Уг уулзалт, хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэдэх Бодлогын зөвлөл, Хилийн чанад дахь Монголчуудын технологийн зөвлөл, Монгол-Солонгосын мэдээлэл, технологи, харилцаа хөгжлийн холбоо, БНСУ-ын Дижитал байгууллагуудын холбооны төлөөлөл зэрэг нийт 70 гаруй оролцогч танхим болон цахим хэлбэрээр оролцов.


Мэдээлэл технологийн салбар сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа үсрэнгүй хөгжиж, бид хөгжилтэй хөл нийлүүлэн хөгжих, эдийн засгаа тэлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага тулгарч байна. Дэлхийн нийтийн хөгжлийн энэхүү чиг хандлагыг даган улс орны эдийн засгийг солонгоруулах зорилгоор олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжил нь дан ганц төрийн байгууллагын хариуцах асуудал биш. Төр-хувийн хэвшлийн түншлэл дээр суурилж, ахиц гардаг салбар. Мөн мэдээллийн технологийн салбараар тэргүүлдэг бусад улс орнуудтай хамтран ажиллах, туршлага солилцох нь манай улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, “Мэдээллийн технологийн салбарыг бодлогын түвшинд дэмжих зорилгоор Улсын Их Хурлаас 2018 онд Цахим бодлогын түр хороог байгуулсан бол 2022 онд үйл ажиллагааг нь өргөжүүлэн Инновац, цахим бодлогын байнгын хороо болгосон. Байнгын хорооноос төрийн үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийг зорьж ажилладаг. Өнгөрөгч онд цахим хөгжлийг дэмжих Нийтийн мэдээллийн ил тод байдлыг тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай болон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай багц хуулийг баталсан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас анх удаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан нь манай улс цахим шилжилт, цахим эдийн засгийн хөгжилдөө хэрхэн анхаарч байгааг илтгэж байгаа гэж үзэж байна” гэв.


Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Билэгдэмбэрэл ““Цахим үндэстэн” баримтлах чиг хандлага” сэдвээр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэдэх Бодлогын зөвлөлийн гишүүн, “ICT” группийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн “Dijital Transformation and ICT Ecosystem in Mongolia” сэдвээр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэдэх Хилийн чанад дахь Монголчуудын технологийн зөвлөлийн гишүүн, “Гэрэгэ системс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал “Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн асуудал” сэдвээр, Монгол-Солонгосын мэдээлэл, технологи, харилцаа хөгжлийн холбооны тэргүүн Ш.Төгсбаяр “Хөгжлийн шинэчлэлийг дэлхийгээс, дижиталаас” төслийн талаар, БНСУ-ын Дижитал байгууллагуудын холбооны гишүүн, “The Glim” компанийн захирал Хуан Сэжүнь “БНСУ-ын дижитал хөгжлийн туршлага, 2022 оны мэдээллийн технологийн чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавьж, мэдээлэл өглөө.
Манай улсын хүн ам цөөн ч өнөөдрийн байдлаар гар утас хэрэглэгчийн тоо 4.3 саяд хүрчээ. Үүний 3.4 сая ухаалаг гар утас хэрэглэгч байгаагаас 64 хувь нь 4G өндөр хурдны интернэт хэрэглэдэг байна. Нийт ухаалагч гар утас хэрэглэгчдийн 93 орчим хувь нь санхүүгийн байгууллагад данстай бөгөөд 22 орчим хувь нь уг дансаа гар утсаараа дамжуулан удирддаг байна. Ухаалагч гар утас хэрэглэгчдийн дийлэнх хувь буюу 2.5 сая хэрэглэгч нийгмийн сүлжээнд идэвхтэй оролцдог. Мөн нийт 96 их, дээд сургуульд 160 орчим мянган оюутан суралцаж байгаагийн 2.3 хувь нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын чиглэлээр суралцдаг аж.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар ДНБ-ий 2.3 хувийг бүрдүүлдэг гэсэн тоо баримт бий. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны газрын дарга Б.Билэгдэмбэрэлийн өгсөн мэдээллээр манай улсад нийт 3500 орчим харилцаа холбоо, мэдээллийг технологийн компани үйл ажиллагаа явуулж байна. Үүний 33 хувь нь санхүүгийн, 30 хувь нь боловсролын, 14 хувь нь бусад салбарын чиглэлээр ажилладаг.
Мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, бодлогоор дэмжих шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа. Мөн энэ салбарт хөрөнгө оруулалтыг татах, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг тулгамдсан асуудлуудыг төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шийдвэрлэх гарц шийдэл байгааг хөндөж байв.
Монгол, Солонгос хоёр орны мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргахад энэхүү уулзалт, хэлэлцүүлэг чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Байнгын хорооны дарга Н.Учрал илэрхийлээд энэ салбарын хамтын ажиллагаа зөвхөн мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулаад зогсохгүй, мэдээллийн технологиор дамжуулан уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарын хөгжилд ч үр ашиг өгнө гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан энэ мөчид үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”, “Газрын тосны зарим бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай”, “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын тухай” зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.
Мөн хүнсний зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг бүртгэлжүүлэх, хяналтыг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээ, төсвийн зардлын санхүүжилтэд эрэмбэ тогтоох, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний талаар хэлэлцэх юм.
Түүнчлэн “COP17”-ын үеэр Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичиг, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах “Шуурхай штаб”-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг нийт 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Улстөр нийгэм
“Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа
Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зорилготой “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа.
Энэхүү байгууламжийг 2022 онд Оюу толгойн уурхайг эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс хангах гэрээ байгуулсны дараа, 2023 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны тавьсан хүсэлтийн дагуу “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьжээ.
Шинэ байгууламж ашиглалтад орсноор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбох техникийн боломж бүрдэж байгаа юм.
Үүний үр дүнд өвлийн оргил ачааллын үед Өвөр Монголоос 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүчийг нэмэлтээр импортлон өмнөд бүсийн зарим хэрэглэгчийг хангах бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломжтой болно.
“Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийн төсөл нь Эрчим хүчний яам, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв, “Оюу толгой” ХХК, Өвөр Монголын Эрчим хүчний групп болон дотоодын гүйцэтгэгч байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжжээ.
Төслийн бүтээн байгуулалтад үндэсний 20 гаруй компани, 2000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, нийт 600 мянга гаруй хүн/цагийн ажлыг осол, гэмтэлгүйгээр гүйцэтгэсэн байна.
Улстөр нийгэм
Дамбадаржаагийн 63 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 62 хувийн гүйцэтгэлтэй байна
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвд барьж буй 63 МВт-ын хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажил 62 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус станц нь Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн дулаан хангамжийг сайжруулах зорилготой бөгөөд "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Төслийн нийт санхүүжилтийн 40 хувь буюу 9.38 сая ам.долларыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 60 хувь буюу 14.08 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж байна. Барилга угсралтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр "Хятадын хоёрдугаар металлурги групп корпораци" ажиллаж байгаа аж.
Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзолын мэдээлснээр, үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, захиргаа, аж ахуйн байр, химийн ус бэлтгэлийн барилга, конвейрийн байгууламж, механик цех зэрэг үндсэн барилга байгууламжийн ажлууд 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн нийт 75 нэр төрлийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг талбайд бүрэн хүлээн авч, угсралтын ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд аравдугаар сард үндсэн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, зуухны туршилт, тохируулгыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Станцыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Дамбадаржаа дэд төвийн хэмжээнд нийт 71 га талбайд хэрэгжиж буй 19 бүтээн байгуулалтын ажил зэрэгцэн үргэлжилж байгаагаас 2.8 км авто замыг ашиглалтад оруулаад байна. Инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бусад ажлууд ч төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа юм.
63 МВт-ын хүчин чадалтай дулааны станц ашиглалтад орсноор төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй гэр хорооллын 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдэхээс гадна Дамбадаржаа, Сэлбэ дэд төвийг тогтвортой дулаанаар хангана. Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр хөгжиж буй орон сууцны хорооллуудын найдвартай дулаан хангамжийг бүрдүүлэх, өвлийн оргил ачааллын үеийн ачааллыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах юм.
-
Улстөр нийгэм2022/12/12
УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд
-
Шударга мэдээ2021/09/01
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил тогтмол 08:00 цагт эхэлнэ
-
Улстөр нийгэм2024/10/09
Нийслэлийн 14-р сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авлаа
-
Цаг үе2022/06/10
Төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шуудан ашиглахыг хориглов
