Үзэл бодол
Э.Хүрэлбаатар: Хөшигийн хөндийн хот байгуулалтын нэгдсэн төлөвлөлтийг олон улсын архитекторуудад танилцуулна

Азийн архитекторуудын FORUM – 21 олон улсын чуулга уулзалтыг “ Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвээр 9 дүгээр сарын 4-нөөс 9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Олон улсын арга хэмжээг зохион байгуулж байгаа Монголын Архитекторуудын эвлэлийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат барилгачин, Зөвлөх архитектор Э.Хүрэлбаатартай ярилцлаа.
- Хот байгуулалт Монгол Улсын хувьд маш чухал, тулгамдсан, шийдвэрлэх олон асуулттай сэдэв. Энэ талаар олон улсын шилдэг архитекторууд хуран цуглаж “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвийн дор ярилцах гэж байгаа нь олзуурхууштай хэрэг. Олон улсын энэ байгууллагын талаар товч танилцуулах уу.
- Даян дэлхийн XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгасаны дагуу том хотууд руу шилжин суурьших хөдөлгөөнөөс үүдэлтэй хүн амын хэт төвлөрлийг бууруулахын тулд бүсийн тэргүүлэх төв, дагуул хот, шинэ хотыг байгаль орчин, хүрээлэн буй орчинд ээлтэй, ухаалаг, эдийн засаг, байгалийн нөөцийн хувьд хэмнэлттэй, жендерийн тэгш эрхийг хангасан, дасан зохицох чадвартай байдлаар тооцон төлөвлөж, хүний эрүүл, аюулгүй орчинд аятай тухтай ажиллах, амьдрах нөхцлийг бий болгоход дэлхийн улс орнууд хамтдаа анхаарал хандуулж буй цаг үед “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвийн дор энэ удаагийн форумыг зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой болж байна.
Юуны өмнө Азийн архитекторуудын бүсийн зөвлөл буюу ARCASIA-ийн талаар тодруулах нь зөв байх. Азийн архитекторуудын бүсийн зөвлөл нь тус бүс нутгийн 22 улсын архитекторуудын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, гишүүн институт бүрийн бүс нутгийн хөтөлбөр, хамтын ажиллагааны өргөтгөл болон ажилладаг мэргэжлийн байгууллага юм.
Энэ байгууллагын гишүүнээр Монгол улс, Монголын Архитекторуудын Эвлэл 1991 онд, ОУ-ын архитекторуудын эвлэлийн гишүүнээр 1963 онд элссэн ба идэвхитэй хамтран ажилладаг. 65 жилийн түүхтэй Монголын Архитекторуудын Эвлэл олон улсын олон арга хэмжээг эх орондоо үр ашигтай зохион байгуулж ажилласан.
Азийн энэ байгууллагын нэг чухал арга хэмжээ нь 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг чуулга уулзалт юм. Азийн барилга, архитектурын хөгжлийн үзэл санаа , бодлогыг, томоохон төсөл хөтөлбөрийг мэргэжлийн өнцгөөс нь хэлэлцдэг тус бүс нутгийн архитектур, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэхэд “оюун санааны хөшүүрэг” болох зорилготой нэрт архитекторууд, сэтгэгчдийн цугларалт юм.
Анхны уулзалт 1982 онд Шри Ланка улсад зохион байгуулагдаснаас хойш 21 дэх удаагийнх нь Улаанбаатарт хэдхэн хоногийн дараа чуулах гэж байна. Олон улсын арга хэмжээг зохион байгуулах эрхийг авах шалгаруулалтанд Монголын Архитекторуудын Эвлэл 2020 онд өрсөлдөж 2021 оны 9 дүгээр сард шалгарч албан ёсны зохион байгуулах эрхийг авсан.
Энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Захирамж гаргаж Олон улсын арга хэмжээг зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, уялдуулан зохицуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.
Бэлтгэл ажлын цаг үед дэлхий нийтийг хамарсан Ковид -19 цар тахлын болон эдийн засгийн хямралын үе таарсан амаргүй цаг үед Ажлын хэсэг сайн ажиллаж, мөн архитекторууд, салбарын хамт олны дэмжлэг туслалцаатайгаар бэлтгэл маш сайн хангагдаад байна.
- Монголын Архитекторуудын эвлэл Азид төдийгүй дэлхийн хэмжээнд нилээд нэр хүндтэй байгууллага гэж сонссон. Та энэ эвлэлийн Ерөнхийлөгчөөр хэдэн жил ажиллаж байна.
- Монголын архитекторуудын эвлэл 66 жилийн түүхтэй байгууллага. Манай эвлэл их хурлаараа Ерөнхийлөгчөө, удирдах зөвлөлөө сонгодог. Миний хувьд 2009 онд анх сонгогдоод, 2 удаагаа улиран сонгогдсон, 13 дахь жилдээ ажиллаж байна.
Монголын архитектур, хот байгуулалтын үйл ажиллагаанд түүчээлэн оролцдог архитекторуудыг эгнээндээ нэгтгэсэн ОУ-ын архитекторуудын байгууллагын гишүүн, нийгэмд үйлчилдэг, архитекторуудыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, давтан сургах, мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг, дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага.
- Чуулга уулзалт нилээд амаргүй цаг үед болж байна. Нисэх онгоцны буудал даган хөгжих шинэ хотын төлөвлөлтийг хэлэлцэнэ гэв үү.
Дэлхийн улс орнуудын нэгэн адил Монгол Улс тогтвортой хөгжлийг бий болгох зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас урт, дунд хугацаанд баримтлах “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлт”-ийн бодлогын баримт бичгүүдийг баталж, түүний дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн “Шинэ Зуунмод” хотыг иж бүрнээр цогцлоох төлөвлөлт, бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд бид ирээдүйн тогтвортой хот байгуулалтын дэвшилтэд загваруудыг боловсруулахаар “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” гэсэн өргөн хүрээний сэдвээр ярилцаж олон улсын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран ажиллана.
Мөн энэ удаагийн чуулга уулзалт цар тахлын улмаас хоёр жил гаруй зогсонги байсан ARCASIA-ийн үйл ажиллагааг сэргээх, өнөөгийн болон шинээр үүсч буй сорилтуудыг шийдвэрлэхэд архитектурын шинэлэг санаа , шийдлүүдийн талаар санал бодлоо солилцоход ихээхэн хувь нэмэр болно.
Монголын хот байгуулалтын өнөөгийн байдалтай олон орнуудын архитекторуудыг танилцуулж, том хотуудын тулгамдсан асуудлыг хэрхэн даван туулж байгаа, дагуул хотуудыг хөгжүүлэхэд чиглэсэн тогтвортой хот байгуулалт , төлөвлөлтийн хэтийн төлөвийг тодорхойлох талаар тэдний зөвлөлгөө, зөвлөмжийг сонсох, туршлагаас хуваалцах зэрэг өргөн ач холбогдол бүхий арга хэмжээ болно. Чуулга уулзалтыг биетээр болон цахимаар гэсэн холимог хэлбэрээр зохион байгуулах юм.
Мөн энэ үеэр Азийн архитекторуудын дунд зарласан Архитектурын шилдэг бүтээлийн 2022 оны уралдаанд оролцсон, шалгарсан шилдэг бүтээлүүд, Монголын барилга хот байгуулалтын салбарын ололт, архитекторуудын бүтээл, томоохон төсөл хөтөлбөрийг танилцуулсан олон улсын үзэсгэлэнг Мишээл экспо-д 2 хоног гарна.
- Хот байгуулалтын арвин туршлагатай улс орнуудын шилдэг архитекторууд арга туршлагаа солилцох чуулга уулзалтанд манай улс яг ямар асуудлыг танилцуулж, гаргалгаа шийдэл хайх гэж байна вэ.
- Дэлхийн 140 орны 3,2 сая архитекторуудыг төлөөлөх Олон улсын Архитекторуудын эвлэлийн Ерөнхийлөгч Jose Luis Кортес анх удаа Монголд ирж байна. Мөн ОУАЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн бүс хариуцсан дэд Ерөнхийлөгч нар ч хамт ирнэ. Азийн 22 орны архитекторуудын байгууллагуудын удирдлагууд, төлөөлөл 150 гаруй архитекторууд ирж байна.
Япон, Хятад, БНСУ, Энэтхэг Монгол зэрэг орны олон улсад нэр хүндтэй архитекторууд, эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хот төлөвлөлтийн өнөөгийн шилдэг туршлага, хэтийн төлөв , чиг хандлага болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орон, бүс нутаг, олон улсын хэмжээнд архитекторуудын гүйцэтгэх үүрэг, оролцоо зэрэг өргөн хүрээний асуудлаар санал бодлоо солилцох юм. Мэргэжлийн 5 хорооны хурал болно.
Түүнчилэн орчин үеийн хот байгуулалтын дэвшилтэт арга, шинжлэх ухаан, техник, цахим технологийн ололт амжилтуудыг ашигласан хот төлөвлөлт , хот байгуулалтын хөгжлийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлсон улс орнуудын хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр сайн туршлагын талаар санал бодлоо хуваалцаж, оновчтой шийдэл, санаа, зөвлөмжүүдийг гаргасан үр дүнтэй арга хэмжээ болно.
Монгол Улсын хувьд Хөшигийн хөндийд баригдсан Олон улсын шинэ нисэх буудлыг дагасан хот байгуулах төлөвлөгөөгөө танилцуулж бүс нутгийн орнуудын сайн туршлагыг судлан суралцахын зэрэгцээ нэн хурдацтай явагдаж буй хотжилт болон цаг тутам өөрчлөгдөн буй өнөөгийн дэлхий ертөнцийн өмнө тулгарч буй нийтлэг сорилтуудыг даван туулах арга замуудын талаар санал бодлоо хуваалцах юм.
Монгол Улсад зохион байгуулахад нягт хамтран ажилласан Азийн архитекторуудын Бүсийн Зөвлөлийн 2022 оны удирдах бүрэлдэхүүн, уралдаан тэмцээний шүүгч нар, монголын архитекторууд болон дэмжлэг туслалцаа үзүүлсэн Барилга, хот байгуулалтын сайд, Соёлын яам, Улаанбаатар хотын захирагч, төр засгийн болон бусад түнш байгууллагууд, ивээн тэтгэгч компаниуд, хувь хүмүүс зэрэг бэлтгэл ажилд оролцсон бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Үзэл бодол
Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвшилтэй зөвшилцөж байна
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Оросын Шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-ийн баруун талд орон сууцны барилга барих асуудлыг тухайн орчмын оршин суугчид эсэргүүцэж байна. Тухайн орчимд ногоон байгууламж барих хүсэлтийг иргэд 10 гаруй жилийн турш холбогдох газруудад өгөөд байгаа боловч одоо болтол шийдэгдээгүй. Гурван аж ахуйн нэгжийн газарт маргаан үүсэж, орон сууцны барилга эхлүүлэх тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрт үндэслэн олгосон байна. Тиймээс нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр барилга барьж буй аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, ногоон байгууламж бариулах иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх талаас нь өнөөдөр байршил дээр нь ажиллалаа.
Энэ үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Эс энд ви юу” ХХК РЦНК-ийн баруун талд цэцэрлэг, спорт цогцолбор бүхий 22 давхар орон сууцны барилга барих зохих ёсны зөвшөөрөл загвар зургийг 2022 онд батлуулж байжээ. Гэтэл иргэдийн зүгээс уг байршилд ногоон байгууламж бариулах хүсэлтэй байгаа. Шүүхийн маргаан 2025 оны долоодугаар сард эцэслэгдэж, барилга эхлүүлэх зөвшөөрлийг Хот байгуулалт, хотын стандартын газраас өгөөд удаагүй байна. Тиймээс хувийн аж ахуйн нэгжийг ч иргэдийг ч хохироогүй байх талаас нь зөвшилцөл хийхээр бид ирээд байна. Зөвшилцөл хийхдээ газрыг газраар шилжүүлэн олгох зорилт тавьж байна. Газрын маргаантай, иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудалд бидний зүгээс 10 орчим байршилд газрыг газраар шилжүүлж асуудал шийдвэрлэсэн байдаг. Энэ мэт байдлаар асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна” гэв.
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр төр иргэдийн хүсэлтийг сонсох үүрэгтэй. Гэвч зохих зөвшөөрөлтэй хувийн аж ахуйн нэгжийг ч хохироохгүй байх үүднээс асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ.
Үзэл бодол
Артерийн судсаар химий тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
БНХАУ-ын Гуанжоу хотод байрлах “Modern Cancer Hospital Guangzhou” буюу Гуанжоугийн орчин үеийн хавдрын эмнэлгийн Интервенцийн эмчилгээний тасгийн эмч Бан Жун Хуатай ярилцлаа. Дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд хавдрын 18-20 төрлийн эмчилгээг санал болгодог болсон. Түүний нэг нь химийн эмчилгээ. Гэхдээ химийн эмчилгээг маш нарийн мэс заслын аргаар, хавдрын голомт руу чиглэсэн байдлаар хийдэг болоод байгаа юм.
-Та өөрийгөө танилцуулаач, хими эмчилгээний чиглэлээр хэдэн жил ажиллаж байна вэ?
-Сайн байцгаана уу, би Гуанжоугийн Орчин үеийн эмнэлгийн Интервенцийн эмчилгээний тасгийн эмч Бан Жун Хуа байна. Би энэ салбарт 25 гаруй жил ажилласан туршлагатай. Харин хавдрын Интервенцийн эмчилгээгээр сүүлийн 15 жилийн турш ажиллаж байна. Манай эмчилгээний аргыг сонгосон нийт өвчтөний тоо 20 мянгаас давсан бөгөөд хүний биеийн бүх хэсгийн хавдрын эмчилгээг хийж ирсэн. Бид олон жилийн турш хавдрын эмчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай.
-Химийн эмчилгээг нарийн судсаар биш бичил мэс заслын аргаар, артерын судсаар хийхэд сөрөг нөлөө бий юу?
-Интервенцийн эмчилгээ нь 40–60 жилийн түүхтэй. Манай эмнэлэг байгуулагдсан цагаасаа хойш энэ технологийг ашигласан байдаг. Энэ нь бүрэн боловсорсон, найдвартай эмчилгээний арга тул ямар нэг сөрөг үр дагавар байхгүй, санаа зовохгүй байж болно. Энэхүү эмчилгээ нь дүрс оношлогооны төхөөрөмжийн тусламжтайгаар удирдан чиглүүлж, зүү эсвэл катетер ашиглан хавдрын байршилд маш нарийвчлалтай хүрч очин шаардлагатай эмчилгээг хийдэг. Манай Интервенцийн эмчилгээ нь артерийн судсаар дамжин орж, хавдарт цусан хангамж өгдөг судсыг олж илрүүлээд, өндөр тунгаар хими эмийг яг тэр судас руу нь тарьж өгдөг гэдгээрээ давуу талтай.
-Эмчилгээний үр дүн нарийн судсаар химийн тариа хийж эмчилснээс илүү гэж ойлголоо. Энэ талаар та дэлгэрэнгүй тайлбарлаач?
-Артерийн судсаар дамжуулан өгөх эмийн концентраци буюу хавдар руу чиглэсэн нөлөөлөл нь венийн судсаар тарьдаг уламжлалт аргынхаас 10 дахин өндөр байдаг. Энэ нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог. Хэрвээ тухайн судсанд тохирсон нөхцөл байвал бид хавдрын цусан хангамжийг хаах эмчилгээ болох судас боох буюу эмболизаци аргыг ашиглах боломжтой. Ерөнхийдөө хавдрын эмчилгээнд эм хийх хоёр зам бий. Уламжлалт арга бол венийн судсаар хийх. Харин бид артерийн судсаар дамжуулан хийх аргыг ашигладаг юм. Артерийн судсаар хийх арга нь дараах хэд хэдэн давуу талтай.
Нэгдүгээрт, Хавдарт маш нарийн чиглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хавдрын бүсэд эмийн концентраци маш өндөр байхад, эргэн тойрон дахь эрүүл эдүүдэд эмийн концентраци харьцангуй бага байдаг. Иймээс зорилтот хэсэгт өндөр тунтай эмийн нөлөө үзүүлэх боломжтой бөгөөд энэ нь хавдрын эмчилгээнд маш их үр дүнтэй байдаг.
Хоёрдугаарт, артерийн судсаар хийх хими нь мөн бүтэн биеийн хими эмчилгээний үйлчилгээг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, венийн судсаар өгдөг уламжлалт аргын үр нөлөөг давхар үзүүлдэг гэсэн үг.
Гуравдугаарт, энэ арга нь дархлааны системд үзүүлэх сөрөг нөлөө бага, богино хугацаанд хязгаарлагддаг. Мөн артерийн аргаар хийх хими эмчилгээ нь судасны гэмтэл бараг үүсгэдэггүй. Хэрвээ гэмтэл гарсан ч гэсэн энэ нь хавдрыг тэжээж буй судсанд хамаарах тул хавдарт цусан хангамж багасах нь эмчилгээний үр дүнг сайжруулна.
Нарийн судсаар эм хийх үед ихэвчлэн гаднах, өнгөц байрлалтай судаснууд гэмтэл авах магадлалтай байдаг. Тиймээс төв судсанд гуурс тавьсны дараа эмийг хийх шаардлагатай болдог. Энэ нь мөн адил бага зэргийн инвазив буюу жижиг хэмжээний мэс ажилбар юм. Манай артерийн замаар хийх эмчилгээтэй адилхан бөгөөд үндсэн ялгаа төдийлөн байхгүй.
-Артерийн судсаар хийх хими эмчилгээг бүхий л төрлийн хорт хавдрын үед ашиглах боломжтой юу. Байрлалаасаа хамаараад хийх боломжгүй байх тохиолдол бий юу?
-Биеийн бүх хэсгийн хорт хавдарт артерийн судсаар хүрсэн тохиолдолд бид эмчилгээ хийх боломжтой байдаг нь нэг давуу талтай. Нарийн судсаар хийх эмчилгээнээс давуу талтай өөр нэг зүйлийг хэлье. Хэрвээ артерийн замаар эм хийсний дараа хэрэв тухайн үед бөглөлт хийхэд тохиромжтой судас байвал бид тэр судсуудыг боож, эмболизаци хийж чаддаг. Ингэснээр хавдрын цусны хангамжийг тасалдуулж чаддаг юм.
-Танай эмнэлэгт хийж байгаа химийн тарианы чанарын талаар та юу хэлэх вэ?
-Дэлхий даяар ашигладаг, хамгийн чанартай эмнүүдийг бид эмчилгээндээ хэрэглэдэг. Хэрэв өвчтөн шаардлагатай гэж үзвэл гадаадаас импортолсон эмийг ч хэрэглэж болно. Эсвэл Хятадад үйлдвэрлэсэн дотоодын эмийг ч ашиглаж болно. Аль аль нь чанарын баталгаатай бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Эдгээр эмүүд нь холбогдох зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэгдсэн бөгөөд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, эмчилгээний зориулалтаар нийлүүлэгддэг.
Гэхдээ тухайн өвчтөн бүрийн эмчилгээний төлөвлөгөө нь Хятадад ирснийх нь дараа тодорхой болдог. Бид өвчтөн бүрийн онцлогт тохируулсан, хувийн буюу индивидуалчлагдсан эмчилгээний горим боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн биеийн байдлаас шалтгаалан зөвхөн түүнд тохирсон эмчилгээний хувийн төлөвлөгөө гаргадаг юм. Эмийн чанар, технологийн дэвшил бол аль батлагдсан, боловсронгуй болсон. Өвчтөнд яаж нөлөөлөх, үр дүн гарах нь эмчийн ур чадвар, туршлагаас хамаардаг гэдгийг энд зориуд дурьдаж хэлье.
-Дэлхий дээр химийн эмчилгээтэй холбоотой шинэ аргууд ойрын үед нэвтрэх үү. Магадгүй Хятад улсад ч юм уу тийм туршилт хийж байгаа, шинэ эмчилгээ нэвтрүүлэх гэж байгаа талаар мэдээлэл байна уу?
-Шинэ төрлийн хими эмчилгээний эмүүд гарч ирж магадгүй. Гэхдээ одоогийн энэ технологи бол аль хэдийнэ батлагдсан, тогтсон арга юм. Та мэс заслыг жишээ болгож бодоход, аль хэсэгт хийх вэ гэвэл биеийн аль ч хэсэгт хийх боломжтой шүү дээ. Энэ л зарчим юм. Өөрөөр хэлбэл, шинэ төрлийн судас боох буюу бөглөх материалууд болон шинэ хими эмчилгээний эмүүд дээр голчлон судалгаа хийгдэж байна. Мэдээжийн хэрэг, энэ чиглэлд ахиц дэвшил гарна. Учир нь дэлхийн шинжлэх ухаан, технологи тасралтгүй хөгжиж байгаа учраас анагаах ухааны чиглэлийн дэвшлүүд ч мөн адил уялдаа холбоотойгоор хөгжиж байна.
Үзэл бодол
Ж.Чинбүрэн: 2 нас хүртэл эхийн сүүгээр хооллох хувь 2023 онд 6.9 хувиар буурсан байна
“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 Хоног” үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2017, 2023 онд хийсэн Хүн амын хоол тэжээлийн V, VI үндэсний судалгааны дүнгээс харахад Хүүхдийг төрсний дараа 1 цагийн дотор ангир уураг амлуулах үзүүлэлт 2017 онд 83.7 хувь, 2023 онд 87.4 хувь болж, 3.7 хувиар өссөн.
Эхийн сүүгээр 6 сар дагнан хооллох хувь 2017 онд 58.3 хувь, 2023 онд 59.8 хувь болж 1.5 хувиар нэмэгдсэн боловч, 2 нас хүртэл эхийн сүүгээр хооллох хувь 2017 онд 47.3 хувь байсан бол 2023 онд 40.4 хувь болж 6.9 хувиар буурсан байна.
Хөхөөр хооллолтын зөвлөх эмч Х.Мөнгөнцэцэг: Хөхөөр хооллолт бол хүүхэддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Хүүхдээ төрүүлээд эхний зургаан сард заавал хөхөөр хооллоод, хамгийн багадаа хоёр нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлэх нь зөвхөн тухайн хүүхдийн хүүхэд насанд бус, өсвөр үе, насанд хүрсэн үед ч насан туршийн эрүүл мэндийн суурь болдог.
АУ-ны доктор, клиникийн профессор, Зинт клиникийн хүүхдийн эмч Т.Навчаа Хүүхдийг 2 нас хүртэл нь эхийн сүүгээр хооллосноор IQ чансааг нь 3-4 оноогоор дээшлүүлдэг. Мөн ээжийн таргалалт, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг бууруулдаг гэх мэт олон ач холбогдолтой. Ээж нь хүүхдээ хөхүүлэх тусам өндгөвч, хөхний хорт хавдраас өөрийгөө хамгаалж байдаг.
Дэлхийн улс орнууд 1992 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ жилийн уриа бол: “Нэн тэргүүнд эхийн сүүгээр хооллолт тогтвортой дэмжлэгт орчинг бүрдүүлье” бөгөөд 170 гаруй улс энэ өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
-
Урлаг спорт2019/11/29
Сурагч А.Төгсгоо "Best of best kids model of the Universe"-ийн ГРАНПРИ...
-
Цаг үе2020/05/20
Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо орж, сэрүүснэ
-
Шударга мэдээ2020/01/15
“Алтан төл”-ийн эздийг 42 дахь жилдээ шалгаруулна
-
Үзэл бодол2023/02/03
Зудын эрсдэл, нөлөөллөөс хүүхэд багачуудаа хамтдаа хамгаалцгаая