Улстөр нийгэм
УИХ-ын дарга Г.Занданшатар ХААИС-ийн багш, оюутнуудад “D-Parliament” цахим системийг танилцууллаа
УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн багш, оюутнуудад “D-Parliament” цахим системийн талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын тухай мэдээлэл өглөө.
Хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангахад веб, аппликейшн хосолсон уг платформын зорилго оршиж байгаа юм. Дэлхий нийтийн чиг хандлага хувьсан өөрчлөгдөж, нийгмийн шинэ хэв журам дэлгэрсэн өнөө цагт технологийн дэвшлийг ашиглан ардчиллыг илүү төгөлдөршүүлэхэд залуусын оролцоо, манлайлал чухал гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.
Тэрбээр, ““D-Parliament” систем бол цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлэн, УИХ-аар хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитойгоор нэмэгдүүлэх дэвшилтэт боломж юм. Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр “хэвтээ” хариуцлагын тогтолцоог бүрдүүлж, парламентын ил тод байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой” хэмээн тодотгосон юм.
Энэ үеэр ХААИС-ийн захирал, доктор, профессор О.Баатарцогт, цахим парламентын цогц шинэчлэлийн хүрээнд УИХ-аас хийгдэж буй ажлууд, хэлэлцэж буй холбогдох хууль, тогтоомжийн төсөлд эрдэмтэн, судлаач, багш, оюутнуудын саналыг сонсон, нээлттэй ярилцаж байгаад УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлэв.
Түүнчлэн уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн төслийн зарим зүйл, заалтын талаар багш, оюутнууд саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш, судлаачид хуулийн төслийн 10.5 дугаар зүйлд “төрийн өмчийн анагаах ухааны чиглэлээр сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг их сургууль нь их сургуулийн эмнэлэгтэй байна” гэсэн заалтад нэмэлт өөрчлөлт оруулах саналтай байгаагаа уламжиллаа.
Өнөөдрийн уулзалтын дараа “D-Parliament” аппликейшнийг гар утсандаа суулгасан оюутнууд УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа зарим хуулийн төсөлд санал өгч, хэрэглээг туршиж үзсэний зэрэгцээ УИХ-ын даргатай чөлөөт ярилцлага өрнүүлэв.
Цаашид “D-Parliament” цахим системийн хэрэглээг улам өргөжүүлж, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд цуврал уулзалтыг тогтмол зохион байгуулна гэдгээ УИХ-ын дарга хэлсэн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
ИБУИНХУ-тай хамтран эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
Эрчим хүчний сайд Б.Найдалаа COP17 хурлын үеэр өчигдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Байгаль орчны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Рут Дэвис болон холбогдох төлөөлөлтэй уулзлаа.
ИБУИНХУ-д Монголын эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа асуудлуудтай ижил бэрхшээлүүд бийг хатагтай Рут Дэвис хэлээд, Монгол Улс стратегийн түвшинд ямар төслүүд хэрэгжүүлэхээр зорьж буй болон сэргээгдэх эрчим хүчний анхны аукционыг амжилттай зохион байгуулсан туршлага, ногоон шилжилт хийхэд тус улсаас манайд хэрхэн дэмжлэг үзүүлж болох талаар сонирхлоо.
Монгол Улсын Эрчим хүчний яамнаас “Эрчим хүчний шилжилтийн стратеги 2026-2050” баримт бичгийн төслийг олон нийт, хөрөнгө оруулагчдад танилцуулсныг сайд Б.Найдалаа онцлов.
Мөн тэрбээр Монгол Улс нүүрс, нар, салхины арвин нөөцөө ашиглан дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна бүс нутгийн хэмжээнд тоглогч болж, эрчим хүч экспортлох амбицтай ажиллаж байгааг тодотголоо. Талууд хоёр улсын эрчим хүчний салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарахад санал нэгдэв.
Сайд Б.Найдалаа өнөөдөр мөн Их Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн (UKEF) Бизнес хөгжүүлэлт болон Харилцагчийн хамтын ажиллагаа хариуцсан олон улсын газрын дарга Вомик Нур Шах, тус агентлагийн Бизнес хөгжүүлэлтийн Зүүн Европ ба Төв Азийн бүс хариуцсан дарга Крис Аллум нарыг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр сайд Б.Найдалаа Монгол Улс эрчим хүчний салбартаа өргөн хүрээний шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж буйг танилцуулаад, өмнөхөөс илүү нээлттэй байхыг зорин, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татахад анхаарч байгаагаа онцлов.
Дээрх агентлаг нь Засгийн газрын байгууллага бөгөөд ноён Вомик Нур Шахын хувьд Их Британийн олон улсын бизнес хөгжүүлэлт, шинэ боломжуудыг бий болгох үйл ажиллагаа, мөн олон улсын сүлжээг хариуцан ажилладаг байна. Тэрбээр Монгол Улсын эрчим хүчний салбарт, тухайлбал, нар, салхи, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүч, жижиг модуль реактор (SMR)-ын төсөлд хөрөнгө оруулах боломжийн талаар судлах сонирхолтой байгаагаа дурдав.
Монгол Улсын хувьд эдгээр болон устөрөгч, усан цэнэгт станц, дата төв байгуулах, дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгааг сайд Б.Найдалаа тэмдэглээд, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулах боломж зэргийн талаар цаашид нарийвчлан ярилцах саналтай буйгаа илэрхийлэв. Тухайлбал, манай улс цөмийн эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр судалгаа хийх ажлын хэсэг байгуулж буй юм. Уг чиглэлээр гадаадын орнуудтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, нэг бус, хэд хэдэн улстай энэ талаар хэлэлцэн, хамгийн тохирох арга замыг сонгохыг зорьж буй.
Талууд цаашид харилцан мэдээлэл солилцож, яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгоход анхаарахаар болов. Их Британийн Экспортын санхүүжилтийн агентлагаас Монгол Улсад дөрвөн тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө оруулах боломжтой хэмээн тооцож байна гэж Монгол Улсын Эрчим Хүчний Яамнаас мэдээллээ.

Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчээр ажиллах “Ногоон дата төв” байгуулах санаачилгыг танилцууллаа. Монгол Улс Риогийн гурван конвенцын зорилгыг бодлого, санхүүжилт, шинжлэх ухаан, инновацын нэгдсэн тогтолцоонд уялдуулсан “Тал хээрийн төлөвлөгөө” санаачилгыг дэвшүүлээд байна.

Энэ хүрээнд Монгол Улс эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулахаар зорьж байна. Уг төсөл нь Монгол Улсын 2026-2030 оны таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажил юм.
Монгол Улс өргөн уудам газар нутаг, сэрүүн, хуурай уур амьсгал, нар, салхины арвин нөөцтэй. Дэлхийн хоёр том зах зээлийн дунд орших стратегийн байршлаараа сэргээгдэх эрчим хүч болон бүс нутгийн дижитал дэд бүтцийн шинэ төв болох суурь нөхцөлийг бүрдүүлж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Ногоон дата төв нь зөвхөн өгөгдөл хадгалах зориулалттай байгууламж бус, байгаль орчны өгөгдөл, зайнаас тандан судлах технологи, хиймэл дагуулын мэдээлэл, газарзүйн мэдээллийн технологи болон хиймэл оюун ухааныг нэгтгэсэн үндэсний болон бүс нутгийн ухаалаг шийдвэр гаргалтын платформын суурь болох юм.
Дэлхий даяар хиймэл оюун ухааны хөгжлийг дагаад дата төвийн эрэлт эрчимтэй өсөж байгаа энэ үед эрчим хүчний хэрэглээ болон нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах шаардлага нэмэгдэж байна. Иймээс сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг, өндөр үр ашигтай дата төвүүд дэлхийн шинэ стандарт болж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.

Энэхүү санаачилга нь Монгол Улс төдийгүй бүс нутаг, дэлхийн тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны шинэ боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийлж, олон улсын түншүүдийг хамтран ажиллах, хөрөнгө оруулах, технологи, мэдлэг, туршлагаа хуваалцахыг урив.

Улстөр нийгэм
Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлэв
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 389 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 269 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.
Одоогоор ажиллагаанд 120 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Үндэсний геологийн албаны холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар хариу мэдэгдэв.
Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 92 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 16 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад Эрүүгийн хуулийн 22.1, 22.10-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 этгээдэд холбогдох үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.
Төлөвлөгөөт хяналтаар 9 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Цаг үе2020/07/31
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
-
Улстөр нийгэм2023/04/05
"People awards-2023"-ын шилдгүүдтэй танилц
-
Улстөр нийгэм2023/09/26
Ерөнхий сайд зүүн аймгуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нэм...
-
Улстөр нийгэм2021/01/08
БГД-ийн 5, 6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтооло...
