Цаг үе
Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах шинэ үйлдвэр ашиглалтад орлоо
“Монгол мах, махан бүтээгдэхүүнийг Дэлхийн Брэнд болгоно” гэсэн Алсын хараа, эрхэм зорилгын хүрээнд 2017 онд олон улсын жишигт нийцсэн “Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр” байгуулахаар 3 үе шаттай төслийг хэрэгжүүлж байсан “Очирдагинас” ХХК, “Экспортын үйлдвэр”-ийнхээ төслийн 2 дахь шат болох “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэр”-ийнхээ нээлтийг өнөөдөр хийж байна.

Уг үйлдвэрийн онцлог нь Монгол улсдаа анх удаа “Нөөшилсөн буюу консервлосон махан бүтээгдэхүүнийг" экспортод гаргах үйлдвэр барьсан явдал юм. Тус үйлдвэрт нийт 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг банкны зээл болон өөрийн санхүүжилтээр хийсэн байна. Шинэ үйлдвэр нь ашиглалтад орсноор 50 гаруй ажлын байр шинээр бий болж байна.

Очирдагинас ХХК нь “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэр”-тээ Дэлхийн шилдэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Герман улсын Handtmann компанийн бүрэн автомат консерв савлах шугам, хэлбэржүүлэн шахах төхөөрөмж, MULTIVAC компанийн бүрэн автомат савлагааны шугамуудыг суурилуулсан байна.

Эдгээр бүрэн автомат шугамуудыг суурилуулснаар цаг хугацаа, эрчим хүчний зарцуулалтыг хэмнэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, бүтээмж нэмэгдэж үйлдвэрлэлтийн хэмжээг 4.5-6 дахин нэмэгдүүлж байгаа зэрэг ач холбогдолтой юм байна.
Очирдагинас ХХКомпани нь:
- Эхний ээлжинд сард 100 тн консерв үйлдвэрлэн экспортод гаргах боломжтой.
- Мөн импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн дотоодын хэрэглэгчдэдээ нийлүүлэх юм. Тухайлбал худалдаанд гарсан цагаасаа хэрэглэгчдийн таашаалыг маш их хүртсэн Bio брэндийн элэгний нухшийг үйлдвэрлэх ба цаашид олон төрлийн шинэ бүтээгдэхүүн гаргана.
- БНСУ-ын THE-O CORPORATION болон Natural Core компаниудтай 2017 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд гэрийн тэжээвэр амьтанд зориулсан 9 нэр төрлийн дайвар түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг БНСУ-ын зах зээлд нийлүүлж байна.
- Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор гэрийн тэжээвэр амьтдад зохиулсан дайвар түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнээ БНСУ-аас гадна ОХУ, Польш, Канад, Япон, Хонконг зэрэг улсуудад гаргана. Ингэснээр Монголдоо хэрэглээ бага, нядалгааны үеэр ихэнх нь хаягдаж буй малын гэдэс дотрын хэрэглээ нэмэгдэж эдийн засгийн эргэлтэд орох юм.

Одоо “Очирдагинас”ХХК нь жилд 100 тн дайвар түүхий эд хэрэглэж байгаа бол шинэ үйлдвэр нь ашиглалтад орсноор жилд 400 тн малын гэдэс дотор хэрэглэх юм байна. Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбар эзэлдэг бол үлдсэн хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж 0.5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж байна.
Уул уурхайн бус экспортын салбарт 704 аж ахуйн нэгж ажиллаж 55 улсад 233 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж байна. Уул уурхайн салбарт 25000 хүн, хөдөө аж ахуйн салбарт 300 мянган хүн ажиллаж байна. “Очирдагинас”ХХК-ийн хэрэгжүүлж буй “Экспортын үйлдвэр”-ийн төслийн гол зорилго нь уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх, тэр дундаа “Монгол мах, махан бүтээгдэхүүнийг Дэлхийн брэнд” болгоход чиглэж байна.
Тэд төслийн 3 дахь шат болох “Анхан шатны мах боловсруулах үйлдвэр”-ийн төслийг 2023-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Цаг үе
МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Юнител группийн охин компани Toki апп нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү хамтралын хүрээнд МИАТ компанийн нислэгийн тийзийг Toki апп-р дамжуулан дижиталаар хялбар захиалах үйлчилгээ албан ёсоор нээгдлээ.
2026 онд МИАТ ТӨХК-иар үйлчлүүлэх зорчигчдын тоо 1.2 сая хүрэх төлөвтэй байгаа бөгөөд цаашид энэ тоо тогтмол өсөх хандлагатай байна. Зорчигчдын урсгал нэмэгдэхийн хэрээр нислэгийн тийзийг илүү хурдан, түргэн шуурхай захиалах дижитал шийдлийн хэрэгцээ өссөөр байгаа юм. Иймд МИАТ компани хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон Toki супер аппликейшнтэй хамтран, үйлчилгээгээ иргэдэд улам бүр ойртуулж байна.
Тодруулбал, хэрэглэгчид Toki апп-ын “Олон улс” цэснээс МИАТ компанийн бүх чиглэлийн нислэгийн хуваарь, үнийн мэдээллийг цаг алдалгүй харан, тийзээ захиалахаас гадна зээлийн үйлчилгээ ашиглан худалдан авах боломжтой боллоо.
Цаашид талууд гадаад руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нислэгийн лояалти (loyalty) оноог Toki апп дотроосоо зарцуулах, тийзээ хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах зэрэг олон давуу талуудыг шат дараатайгаар нэвтрүүлэхээр ярилцав.

Арга хэмжээний үеэр Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав “Иргэний агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан МИАТ компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хялбар шуурхай хүргэхэд Юнител групп технологийн найдвартай хамтрагчаар ажиллахдаа таатай байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.” хэмээн хэллээ.
Ташрамд дурдахад, Toki апп-н төлбөр төлөлт, зогсоол, хэрэглээний төлбөр, онлайн дэлгүүр, powerbank түрээс, family зэрэг үйлчилгээг өдөр тутамд 1 сая гаруй хэрэглэгч ашигладаг бөгөөд энэ жил гадаадад зорчих иргэдэд зориулж олон улсад такси дуудах, төлбөрөө Toki-р төлөх зэрэг олон улсын цогц үйлчилгээнүүдээ нэвтрүүлсэн байна.
Цаг үе
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд Санзайн автозамаас Майхан толгой хүртэл 0.9 км автозам барьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн талбайд ажиллалаа.
Тус чиглэлд хоёр эгнээтэй, хоёр талдаа явган хүний замтай хатуу хучилттай автозам барьж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байна. Зам ашиглалтад орсноор Санзайн авто замаас Майхан толгой хүртэлх хэсгийн авто замын хүртээмж сайжирна. Мөн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдах бөгөөд тоосжилт буурах юм. Замын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна.

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд замын зураг төсөл, төлөвлөлтөд онцгой ач холбогдол өгч, ус зайлуулах хоолой, явган болон дугуйн зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, орц, гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэж ажлыг гүйцэтгэх ёстойг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо.


Цаг үе
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт
Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байна. Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд барьж буй Дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, оргил цагийн үед 2300 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм. Зорчигчдыг тус чиглэлд 11 минутын хугацаанд хүргэнэ.
Дүүжин замын тээврийн төслийн туршилтын ажил үргэлжилж байна.
Туршилтын эхний шатанд системийн үндсэн ган татлагыг ачаалалгүйгээр эргүүлэн ажиллуулж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгасан. Үүний дараа таван кабиныг хоосон горимоор ажиллуулан туршиж, дараагийн шатанд нэг бүр нь 750 кг жинтэй таван кабинаар ачааллын туршилтыг хийж байна.
Энэхүү туршилт амжилттай дууссаны дараа нийт 98 кабиныг хоосон болон 750 кг-ын ачаалалтайгаар системийн хэмжээнд бүрэн ажиллуулж, ашиглалтын найдвартай байдал, аюулгүй ажиллагааг баталгаажуулах иж бүрэн туршилтыг зохион байгуулна.
Үүний дараагаар олон улсын хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага болох “Bureau Veritas” техникийн аудит хийж, холбогдох дүгнэлт гарсны үндсэн дээр Улсын комисс хүлээн авах ажиллагааг зохион байгуулах юм.
НТУГ-аас дүүжин тээврийн төсөлтэй холбоотой иргэдээс ирж буй асуултад дараах хариултыг өгчээ.

Ган татлага нь тасрах уу?
Ган татлага нь сүлжмэл томоостой бөгөөд нэг томоос нь 36 утастай, нийт 216 ширхэг утаснаас бүрдсэн. Энэхүү татлага нь “В” маркийн, ачаа болон зорчигч тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй хийцтэй. Татлага нь механик үзүүлэлт, бат бэх чанар, зүсэлтийн тэсвэрлэлтийн үзүүлэлтээрээ мөрдөгдөж буй техникийн нөхцөл, олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан.
Өвлийн улиралд тросс хөлдөж, мөстөх үү?
Тээврийн ган тросс нь байнгын хөдөлгөөнтэй ажилладаг тул нэг цэг дээр зузаан мөс тогтох боломжгүй. Буудлын хэсгээр тросс нь эргэлдэн хөдөлж байх явцад дамрын үрэлтээс тодорхой хэмжээний дулаан ялгаруулдаг нь мөс тогтохоос сэргийлэх чухал хүчин зүйл болдог. Тросс хөлдөж, гэнэтийн осол үүсэхээс сэргийлж, техникийн болон ашиглалтын зохицуулалтаар бүрэн хянана. Дүүжин замын тээвэр нь хүйтэн уур амьсгалтай хотуудад аюулгүй, найдвартай ажиллагааг хангахаар зохион бүтээгдсэн, орчин үеийн нийтийн тээврийн шийдэл юм.
Эрс тэс уур амьсгалтай оронд зохицох уу?
Францын Пома групп нь Францын Альпийн нурууны цанын баазууд буюу өндөр уулын цас, мөс, хүчтэй салхи зэрэг эрс тэс нөхцөлд ажиллах зориулалттай технологийн шийдлүүдийг хөгжүүлсэн. Мөн хүйтэн, цастай уулын бүсээс гадна халуун, чийглэг болон далайн эргийн орчинд төслүүдээ хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал, Австри, Швейцар, Франц, Канад, Япон зэрэг орны уулын бүсийн хотуудад өвлийн хатуу уур амьсгалтай нөхцөлд ч дүүжин замын тээвэр найдвартай ажиллаж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь цас, мөсний нөлөөллийг багасгах тусгай ажиллагааны горим, байнгын хяналтын системтэй. Түүнчлэн дүүжин замын тээвэрт цагийн хяналт хийдэг мэдрэгч, хяналтын систем суурилуулдаг. Хэрэв мөстөлт үүсэх эрсдэл илэрвэл хурд тохируулах, системийг богино хугацаанд зогсоож шалгалт хийх, цас мөс цэвэрлэх зэрэг ажиллагааг аюулгүй байдлын зааврын дагуу хэрэгжүүлэх юм.

Хэрвээ эрчим хүчний тасалдал үүсвэл зорчигчдыг эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?
Дүүжин замын тээвэр нь үндсэн цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортай байна. Уг нөөц генератор нь 400 кВт хүчин чадалтай бөгөөд тог тасалдах зэрэг эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах зориулалттай. Энэ бол олон улсын аюулгүй байдлын стандарт бөгөөд үүнийг дүүжин замын тээврийг нэвтрүүлсэн бүх оронд мөрддөг. Нөөц генераторыг Франц улсаас тээвэрлэн, агуулахад байрлуулаад байна.
Дүүжин тээврийн кабин зорчигчдын аюулгүй байдал, тав тухыг хэрхэн хангасан бэ?
Дүүжин тээврийн кабин нь 10 хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нэг кабины даац 750 кг байна. Зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс хоёр талын буудалд даац мэдрэгч болон суудлын халаалтын систем суурилуулжээ. Кабины зөвшөөрөгдөх даац хэтэрсэн тохиолдолд систем автоматаар зогсож, аюулгүй ажиллагааг хангах зориулалттай. Мөн унадаг дугуй болон тэргэнцрийг бэхлэх тусгай тоноглолтой тул иргэд хүртээмжтэй, тав тухтай зорчих боломжийг бүрдүүлж буй. Кабин салхины ачаалалд тэсвэртэй, аюулгүй ажиллагааны хяналтын системээр тоноглогдсон. Дүүжин тээврийн систем нь 70 км/ц хүртэлх салхины хурдны нөхцөлд ажиллах зориулалттай.

-
Улстөр нийгэм2022/09/02
Тайландын Шадар сайд Журин Лаксанависит Монгол Улсад айлчилна
-
Шударга мэдээ2025/12/17
Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь “GRAND BULL AWARDS 2025” ш...
-
Цаг үе2020/09/04
Хууль бусаар хүрэн баавгай агнасан хэргийг илрүүллээ
-
Цаг үе2022/07/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
