Улстөр нийгэм
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өчигдөр Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар
Улсын Их Хурлаас 2012 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй болохыг, хүн амын эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээр тодорхойлсон.
Мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг Улсын Их Хурлаас 2016 онд баталсан ч нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн зохицуулах талаарх эрх зүйн орчин дутагдалтай хэвээр байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д “Нийгмийн эрүүл мэндийн төв нь нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх үйл ажиллагааг аймаг, дүүргийн түвшинд зохион байгуулна” гэж заасан боловч хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үндэсний тогтолцоо бүрэн бүрэлдээгүй, тусламж, үйлчилгээний төрөл, зохион байгуулалт, санхүүжилттэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтгүй байна.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулж байгаа 1 ам.доллар нь ирээдүйд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах 40 хүртэлх ам.долларыг хэмнэнэ, эрүүл мэндийн салбарын нийт зардлын 30-аас доошгүй хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг. Монгол Улсад эрүүл мэндийн нийт зардлын 19 хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулдаг. Салбарын нийт 50 мянга гаруй ажиллагчдын 1.9 хувь нь нийгмийн эрүүл мэндийн ажилтан байна.
Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин буюу сэргийлж болох өвчлөл, нас баралт эзэлж байна. Монгол хүний дундаж наслалт 2020 оны байдлаар 70.7 байгаагаас эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.2, эрэгтэйчүүдийнх 66.7 буюу 9.5 жилээр зөрүүтэй байгаа юм. Монгол Улс дэлхийд хорт хавдрын, ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар тэргүүлж байна. Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэн орчны эрсдэлт хүчин зүйлсийг арилгаснаар өвчлөл, нас баралтыг бууруулах боломжтой.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд 2022-2023 онд нийт хүн амын 30.8 хувь нь хамрагджээ. Хүүхэд бүрийг 9, 18, 36 сартайд нь эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгт хамруулан аливаа өвчин эмгэг, хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, 65-аас дээш насныхныг “Настны цогц үзлэг”-т хамруулах ажил бүрэн хийгддэггүй, 2022 онд 45,705 иргэн цэрэг татлагаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдсанаас 15,082 иргэн буюу гурван хүн тутмын нэг нь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанд тэнцээгүй байна.
Иймд хүн амд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааны хууль, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж Засгийн газраас Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ.
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар
Төсвийн тухай хуулийн 43 дугаар зүйлд төсвийн жил дамжин хэрэгжих арга хэмжээний зохицуулалт хэсэгт тухайн төсвийн жилд ашиглагдаагүй үлдэгдлийг дараагийн жилд үргэлжлүүлэн зарцуулж болохоор тусгасан бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ” гэж заасан байдаг.
Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй байхаар зохицуулсан. 2020 онд эрүүл мэндийн салбарын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн салбарт санхүүжилтийн цогц шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг салбарын хэмжээнд 328 сум, тосгоны эрүүл мэндийн төв, 207 өрхийн эрүүл мэндийн төв үзүүлж байгаа бөгөөд 2022 оны 4 дүгээр сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлсэн. 2022 оны төсвийн гүйцэтгэлийн тайлангаар 303 сум, тосгоны эрүүл мэндийн төв 21.1 тэрбум төгрөгийн дансны үлдэгдэлтэй гарчээ.
Төрийн аудитын тухай хуулийн дагуу төсвийн жилийн санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд “Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт "Энэ хуулийн 7.7 дахь хэсэг төрийн болон орон нутгийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төсвийн захирагчид хамаарахгүй" гэж заасан нь дээрх эрүүл мэндийн байгууллагад хамааралгүй байна” гэх үндэслэлээр дансны үлдэгдлийг татан төвлөрүүлэх тухай зөвлөмж өгсөн байна.
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үүсээд байгаа зөрчлийг арилгах, дансны үлдэгдлийг төвлөрүүлэхтэй холбогдсон зарим зохицуулалтыг боловсронгуй болгох зохицуулалтыг тусгажээ.
Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2.2-дахь заалтын 8-д “Товлолт дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлж, вируст гепатитын өвчлөл, сүрьеэгийн тохиолдлыг бууруулсан байна.” гэж, мөн заалтын 9-т “Сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эх нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин буурсан байна” гэж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.1.5.2-т “Монгол Улсын хэмжээнд мөрдөх заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлуулна” гэж тус тус заасан.
Дархлаажуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа (полиомиелит), В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно” гэж заасан байна.
Монгол Улс 1923 оноос цагаан цэцэг, 1962 оноос полиомиелит, 1966 оноос сахуу, татран, хөхүүл ханиад, 1974 оноос улаанбурхан, 1987 оноос сүрьеэ, 1991 оноос В вируст гепатитын халдварын эсрэг вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлсний үр дүнд 1940 оноос цагаан цэцэг, 2000 оноос полиомиелит өвчнийг устгаж, дархлаажуулалт бүхий бусад халдварт өвчнийг хяналтад аваад байна. Түүнчлэн манай улс 1987 оноос дархлаажуулалтын товлолыг бий болгож, 1991, 1993, 2006, 2009 онд шинэчлэн баталжээ. “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2009 оны 185 дугаар тогтоолд заасанчлан заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 10 халдварт өвчний эсрэг 6 төрлийн вакцинаар 0-15 насны хүүхдүүдийг дархлаажуулж, дархлаажуулалтын хамралт 95-аас дээш хувьтай болжээ.
Шинэ вакцины хөгжүүлэлт, хүн амын өвчлөлийн нөхцөл байдалтай уялдуулан дархлаажуулалтын товлолд шинэ вакцин нэвтрүүлэх практик шаардлага үүсэж байгаа аж. Тодруулбал, хүн амын өвчлөл, нас баралтын томоохон шалтгаан болсон А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин нэвтрүүлэх шаардлага үүссэн байна.
А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин нь заавал хийх дархлаажуулалтад хамрагдах сэргийлэх тарилгын нэр төрөлд оруулснаар уушгины хатгалгаа, умайн хүзүүний хорт хавдраас сэргийлж, халдварт өвчний, тохиолдол, нас баралтыг бууруулах эерэг үр дагавар бий болох юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
-
Үзэл бодол2021/02/05
“Имарт”-ын дэд захирал Д. Машбат: “Улирал бүхэн өөрийн өнгөтэй...
-
Цаг үе2021/02/20
“Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” соёлын арга хэмжээ ...
-
Улстөр нийгэм2022/08/17
"Solarcity" болон "Hyperloop" төслүүдийг Монгол Улсад хэрэгж...
-
Цаг үе2026/07/27
Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад о...
