Шударга мэдээ
Нүхтийн аманд барьж буй дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 10-нд нээнэ
Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна. Уг авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 10-нд нээх юм. Гүйцэтгэгчээр “Борхойн зам” ХХК ажиллаж байгаа бөгөөд иргэдийн зорчдог гол зам тул эгнээ бүрээр нь зам хаан, авто зам тавих ажлыг хийнэ. Мөн борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулах, авто замын дэргэдэх хөвөөг өнгөн хучилттай зэрэгцүүлж хийсний дараа нэг метр өргөнтэй явган хүний зам барина.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав.
Монгол Улсын эрчим хүчний салбарын хараат бус байдлыг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах зэрэг урт хугацаанд олон талын оролцоотой ажлууд хийхээр зорьж байгааг сайд Б.Найдалаа энэ үеэр тэмдэглээд, хамтын ажиллагааг өргөжүүлэх ихээхэн боломжтойг тодотгов.
Монголд хөрөнгө оруулах сонирхолтой Туркийн хувийн хэвшлийнхний тоо нэмэгдэж буй бөгөөд манай улсыг сэргээгдэх эрчим хүчний асар их боломжтой хэмээн үзэж байгаагаа Элчин сайд Башак Гэнч Юксэл онцолсон юм. Сүүлийн жилүүдэд тус улс сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэхэд ихээхэн амжилт гаргасан байна. Одоогоор эрчим хүчнийхээ 60 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авч буй аж. Иймээс эл салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг илэрхийллээ.
Эрчим хүчний салбарын шинэчлэлийг богино хугацаанд хийсэн туршлага нь монголчуудын анхаарлыг ихээхэн татдагийг Б.Найдалаа сайд тодотгоод, “Гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад өмнөхөөс илүү нээлттэй байхыг зорьж байгаа” гэв. Турк улсын Засгийн газрын зүгээс, эсвэл хувийн хэвшилтэйгээ хамтраад Монголд төсөл хэрэгжүүлэх талаар судлахыг хүсээд, эрчим хүчний салбарын боловсон хүчин бэлтгэх, дахин сургах, дадлагажуулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд богино хугацаанд ахиц гаргасан туршлагаас нь судлах зэргээр хамтран ажиллах саналтай байгаагаа мөн илэрхийллээ.
Нар, салхи, усны эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр бүс нутагтаа тэргүүлэгч тус улсын “Туркийн тэтгэлэг” (“Türkiye Bursları”) хөтөлбөрөөр дамжуулан монгол залуус шилдэг их, дээд сургуулиудад нь эрчим хүчний инженерчлэл, цахилгаан холбооны чиглэлээр суралцаж байгаа юм. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) нь Монголын эрчим хүчний салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, богино хугацааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулдаг гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд “Очир дагинас” ХХК-ын үйл ажиллагаатай танилцаж, хүнс үйлдвэрлэгч хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеийн шаардлагад нийцсэн стандартуудыг нэвтрүүлэх, олон улсын нийтлэг практикт хэрэглэгддэг зохицуулалтыг мөрдлөг болгох зорилгоор Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулсныг онцлов. Тус хуулийн төслийг баталснаар үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ олон улсын стандартад нийцүүлэн экспортлоход тулгардаг нөхцөл, шаардлага хөнгөрөх боломжтойг тэмдэглэлээ.
Тэрбээр Монгол Улсад үйлдвэрлэж буй хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлээр хязгаарлах бус, бүс нутгийн болон олон улсын зах зээлд гаргах бодит боломжийг тодорхойлох шаардлагатайг дурдав. Иймд чөлөөт бүсийг зөвхөн агуулахын зориулалтаар бус, үйлдвэржилт, экспорт, хөрөнгө оруулалт, ажлын байр бий болгох эдийн засгийн идэвхтэй бүс болгон хөгжүүлэх зорилт тавьж буйгаа илэрхийллээ. Мөн дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, их хэмжээний валютын урсгалтай бараа бүтээгдэхүүнийг чөлөөт бүсэд үйлдвэрлэх, нөгөө талаас дотоодын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ чөлөөт бүсээр дамжуулан экспортлох боломжийн талаар санал солилцов.
Уулзалтад оролцсон хүнс боловсруулах үйлдвэрлэгчид чөлөөт бүсэд газар олголтын асуудлыг шийдвэрлэх, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг Монгол Улсад хүлээн зөвшөөрдөг байх шаардлагыг хөндөн тавьсан байна.
Шадар сайд Н.Номтойбаяр цаашид үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийг өсгөн, чөлөөт бүсээр дамжуулан гадаад зах зээлд гаргах ажлыг бодит үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Шударга мэдээ
“Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.04.28/ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс болон Европын Холбооны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтын боломж, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын хүрээнд санал солилцов.

Ерөнхий сайд Н.Учрал Европын холбооны гишүүн улсуудтай харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг онцолж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эдийн засгийг идэвхжүүлэх, бизнесийн орчныг дэмжих зорилтуудыг Засгийн газар хэрэгжүүлж буйг онцлов.
Монгол Улс, Европын холбооны эдийн засаг, бизнесийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байгааг тэмдэглээд, 2025 онд зохион байгуулагдсан Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум болон 2026 онд болсон хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтыг дурдаж, Монгол Улсын Засгийн газар Европын хөрөнгө оруулалтын банктай нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын Санамж бичиг байгуулсан нь хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болсон гэдгийг онцоллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-д Европын холбооны өндөр түвшний төлөөлөгчийг оролцуулах урилга илгээснийг Ерөнхий сайд онцлоод тус хурал ногоон хөгжлийн салбарт хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал талбар болно гэлээ.
Европын Холбооны Элчин сайд Ина Марчюлёните Европын улс орнууд Монгол Улсад хөрөнгө оруулах, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол өндөр байгааг илэрхийлэв.

“Европын өдөрлөг-2026” үйл ажиллагаа Дархан-Уул аймагт ирэх сарын 23-нд болох гэж байгааг дурдаж өдөрлөг энэ жил анх удаа орон нутагт зохион байгуулагдах гэж байгааг онцоллоо.
Талууд байгаль орчин, орон нутгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэл зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцов.

-
Урлаг спорт2023/09/28
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо
-
Улстөр нийгэм2021/01/03
УОК, ЗГ хөл хорио сунгах эсэхийг шийднэ
-
Шударга мэдээ2020/03/26
Эм, эмнэлгийн хэрэгслийг тодорхойгүй эх сурвалжаас, цахим худалдаагаар авахгүй б...
-
Цаг үе2022/12/22
Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий 4 шүүгдэгчид хилээр гарахыг хязгаарлах хязгаа...
