Цаг үе
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэнэ
Монгол Улсын Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт ажиллах үеэр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцууллаа. Тэрбээр “Ерөнхий сайдын хувиар долоо хоног бүрийн даваа гарагт салбар бүрийн төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийлээ.
Засгийн газар хайрцаглагдсан орчноосоо гаръя, иргэдээ сонсъё гэж байгаа юм. УИХ, Засгийн газрын шийдвэр зарим тохиолдолд анхан шатанд тэс өөр болсон байдаг. Авлига, түгжрэл нэг өдөр бий болсон зүйл биш.
Урт хугацаанд үүссэн, үүнийг өөрчлөхийн тулд “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг баталж, хэрэгжүүлж байна. Монгол Улсын хөгжлийг ирэх 30 жилд 10, 10 жилээр зурагласан баримт бичиг юм. Хөгжлийг хязгаарлаж буй зүйлүүлийг “Шинэ сэргэлтийн бодлого”-оор шийдвэрлэхээр зорьж байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэх хамгийн эхний суурь нь авлигатай тэмцэх юм. Авлига нийгмийн өвчин болж байна. 5Ш ажиллагаа бидний хамтын тэмцэл байх ёстой” гээд улс орны эдийн засгийн өнөөгийн байдал, өр, зээлжих зэрэглэл, Хөгжлийн банк тойрсон асуудал, төлбөрийн тэнцлийн балансын талаар иргэдэд мэдээлэл өглөө.

Төв аймаг 97 мянган хүн амтай, иргэдийн сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байна. Энэ нь улсын дундажтай харьцуулахад 400 мянгаар бага үзүүлэлт аж.
Тус аймагт шилжин ирэгсэд жилээс жилд нэмэгдэж байна. Гэтэл сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ муу, барилга байгууламж хуучирсан зэргийг иргэд хэлж байлаа. Тухайлбал, Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг “Өнгөрсөн хичээлийн жилд манай цогцолбор сургууль 3300 хүүхэдтэй байсан бол энэ онд 3800 болсон. 95 бүлэгтэй, нэг ангид 40-өөс дээш хүүхэд суралцаж байна. Спортын төрөлжсөн сургуулийг яаралтай ашиглалтад оруулж, бидний ачааллыг хуваалцмаар байна. Иргэдийн шилжилт хөдөлгөөн энэ эрчээр нэмэгдвэл цаашид сургуулийн барилга шаардлагатай. Боловсролын багц хуульд төрөлжсөн ахлах сургууль байгуулна гэж заасан. Нийслэлийн төвлөрлийг сааруулахын тулд багшийн төрөлжсөн сургалттай ахлах сургууль Зуунмод хотод байгуулбал зүгээр байна. Энэ хэрээр үйлчилгээний чанар хүртээмжид сайнаар нөлөөлнө” гэлээ. Засгийн газраас сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Төв аймгийн Зуунмод хотын боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг шинэ түвшинд гаргахгүй бол болохгүй. Таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын зураг төсөл бэлэн бол ирэх оны төсөвт төсвийг нь шийдэж өгөхөө Ерөнхий сайд хэллээ.

Манзуширын хийд рүү инженерийн дулааны шугам сүлжээ татах, цагдаагийн байгууллага зориулалтын байртай болох, хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг төрөөс дэмжих, нийтийн тээврийн такси үйлчилгээг сонгон шалгаруулах тендерийн зөвшөөрөл өгөх, шинэ суурьшлын бүсэд дэд бүтэц шийдэж, цахилгаанаар хангах, заавал нийгмийн даатгал төлөх бус хадгалдаг, түүнийг барьцаалж зээл авдаг тогтолцоог бүрдүүлж өгөх зэрэг саналыг иргэд хэлсэн. Мөн залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх газар дутмаг, шилжин ирэгсдэд ээлтэй бодлого байхгүй, аймаг, орон нутгийн удирдлагууд иргэдийнхээ үгийг сонсохдоо хойрго байгааг шүүмжлэв.
Уулзалтын төгсгөлд Засгийн газрын гишүүд нар иргэдийн асуултад хариуллаа. Төв аймагт 2016 оноос хойш 70 гаруй бүтээн байгуулалтын ажил хийжээ. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар томоохон бүтээн байгуулалтыг улсын, засвар шинэчлэлтийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийхээр болсныг тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Батжаргал, Зуунмод-Улаанбаатар хотын чиглэлд хот хоорондын нийтийн тээвэр, такси үйлчилгээний зөвшөөрөл өгснийг Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөө аж ахуйн салбарт анхаарч ажиллана. Залуусыг дэмжсэн бодлого хэрэгжүүлээд явж байна. Орон нутагт ирж суурьшвал ипотекийн зээлийн хүүг жилийн гурван хувь болгосон, мөн түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууц барихаар төлөвлөж байна. Монголын хүн амын 70 хувийг залуус бүрдүүлж байна. Залуучуудын асуудлыг Ерөнхий сайд ахалж, Үндэсний хороо байгуулна. Ирэх жилийн төсөв хэлэлцэх үеэр Төв аймагт төр-хувийн хэвшлийн түншлэлээр барих барилгын ажлыг оруулж ирэхийг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд захилаа.

Засгийн газрын нөөцөөс шинэ суурьшлын бүсэд цахилгааны дэд бүтцийг шийдэх хөрөнгө гаргаж, айл, өрхүүдийг цахилгаанд холбогдох боломж бүрдүүлнэ гэв. Мөн гэр хорооллын инженерийн шугам сүлжээг иж бүрэн шийдвэрлэх төсвийг ирэх оны төсөвт тусгаж өгье. Улаанбаатар хоттой өрсөлдөхүйц хэмжээнд Зуунмод байх ёстойг Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд хэллээ.

Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
-
Улстөр нийгэм2020/09/14
Сэлэнгэ аймгийн төвд шинэ цэцэрлэг нэгээр нэмэгдлээ
-
Улстөр нийгэм2021/12/17
ХНХ-ын сайд А.Ариунзаяа БНСУ-ын Засгийн газрын байгууллагын шагнал хүртлээ
-
Цаг үе2023/12/25
Төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд амжилттай оролцсон багш, сурагчдад баяр х...
-
Цаг үе2023/05/18
Улсын гуравдугаар төв эмнэлэг Америкийн эмч нартай хамтран ажиллаж байна

