Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Эрдэнэзаяа: “Asian Cup” тэмцээний өсвөрийн болон насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэх зорилготой

Огноо:

,

Уран сайхны гимнастикийн “Starlit” клубийн дасгалжуулагч Б.Эрдэнэзаяатай ярилцлаа.  Тэрбээр Уран сайхны гимнастикийн олон улсын хэмжээний мастер, олон улсын II зэрэгтэй шүүгч, Азийн гимнастикийн холбоонд уран сайхны гимнастикийн техникийн хорооны сонгуульт ажилтай.


-Удахгүй уран сайхны гимнастикийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ талаар яриагаа эхэлье?

-Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар хоёр  жилийн өмнөөс төлөвлөж, клубийнхээ эцэг эхийн зөвлөлтэй зохион байгуулах хороо болж ажиллаад явж байна. Монголд 1000 гаруй хүүхэд энэ спортоор хичээллэж, 300 гаруй хүүхэд тэмцээн уралдаанд тогтмол оролцож байна. Энэ тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн ердөө 10 хувь нь буюу 30-аад хүүхэд жилдээ ганц удаа хувиасаа зардлаа гаргаж олон улсын тэмцээнд оролцдог. Бусад нь хэдий ур чадвартай ч санхүүгийн байдлаас шалтгаалж олон улсын тэмцээнд оролцох боломжгүй байдаг. Энэ статистик үзүүлэлтээс шалтгаалаад зөвхөн мандатын мөнгөө төлөөд эх орондоо олон улсын тэмцээнд оролцох боломж олгохыг зорьсон.

ОХУ, Хонгконг, БНСУ, Энэтхэг, БНАСУ зэрэг улсын 4-22 насны 300 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлсэн. Энэ сарын 27, 28-нд Буянт-Ухаа спортын ордонд хоёр өдрийн турш ур чадвараараа өрсөлдөж аваргаа шалгаруулна. Мөн өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалд финалын тэмцээн хагас сайн өдөр 15:00-16:00 цагийн хооронд үргэлжилнэ. Улсаас болон засгийн газраас ямар нэгэн дэмжлэггүй зохион байгуулагдаж байгаа. Олон улсын тэмцээнийг хүүхдүүдэд маань авчрахад гол дэмжлэг туслалцаа үзүүлсэн ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууддаа маш их баярлалаа.

-Гимнастикийн олон төрөл байдаг. Энэ дотроос уран сайхны гимнастикийн онцлог нь юу вэ?

-Гимнастик бол маш олон төрөлтэй спорт. Спортын, уран сайхны гимнастик, аэробик, нийтийн гимнастик гээд олон төрлийг багтаадаг. Харин уран сайхны гимнастик нь олимпын спорт бөгөөд зөвхөн эмэгтэйчүүд оролцдогоороо онцлог.

Мөн уран сайхны гимнастикийн үндсэн суурь нь балет байдаг. Тамирчид маань уран нугаралтын жүжигчид шиг маш уян хатан байх ёстой. Мэргэжлийн бүжигчид шиг олон төрлийн бүжгийн хөдөлгөөнийг хийж чаддаг байх ёстой. Мөн циркийн бүжигчид шиг цагираг, бөмбөг булаах чадвартай байх. Туузыг шидэх, өнхрүүлэх, ойлгох зэрэг олон төрлийн ур чадвар шаарддаг учраас яг л циркийн бүжигчид шиг байна. Үүнээс гадна нүүрний хувирал эмоциороо оноо авдаг. Тиймээс жүжигчид шиг жүжиглэх зэрэг олон төрлийн цогц нийлбэр болсон спорт юм.

-Уян хатан, уян налархай байснаар хүн урт насалдаг гэдэг…?

-Сүүлийн үед хүмүүс энэ спортын ач холбогдлыг ойлгож эхэлж байна. Уян хатан байдал хамгийн чухал. Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг. Уян хатан чанар 12 нас хүртэл хөгждөг. Энэ чанарыг хурдтай сайжруулъя, мэргэжлийн тамирчин болохыг хүсвэл бага байхад нь суралцах хэрэгтэй гэсэн үг юм. Уян чанар ялангуяа тулгуур эрхтэн тогтолцоонд чухал ач холбогдолтой. Уян чанартай хүн бэртэж гэмтэл авах эрсдэл бага байдаг. Ер нь уян байна гэдэг эрүүл байна гэсэн үг л дээ.

-Бага наснаасаа энэ төрлийн спортоор хичээллэхийн давуу талыг тайлбарлавал?

-Уран гимнастик гэлтгүй спортоор хичээллэхийн давуу тал нь хүүхэд бага байхдаа аливаа зүйлийг хурдан сурч насан туршид нь үлддэг. Тэр сууриар ачаалал даах чадвар, цаг баримтлах гээд чадвар эзэмшинэ. Тухайн хүний суурь хүмүүжилд үзүүлэх нөлөө их байна гэсэн үг юм. Багаасаа энэ спортоор хичээллэснээр хөдөлгөөний эвсэлтэй, гоо зүйн мэдрэмжтэй, зөв тэгш бие галбиртай хүн болж хөгжинө.

Багаасаа хичээллэж байгаа учир багийн болон ганцаарчилсан байдлаар явна. Багийн төрлөөр хичээллэж байгаа хүүхэд хүмүүстэй харьцаж сурдаг. Өөрийнхөө төлөө бус бусад гишүүдийнхээ төлөө бэлтгэлээ хийж, бие биеийнхээ шүүмжийг уурлахгүй хүлээж авах чадварт суралцдаг.

-Манай улсын гимнастикийн “школ” ямар байдаг вэ. Олон улсад ямар байдаг талаар ярихгүй юу?

-Анх ОХУ-аас дасгалжуулагч багш ирж уран сайхны гимнастикийн суурийг тавьсан. Тэр ч утгаараа Зүүн Өмнөд Азийн орнуудаас суурь хөгжил сайтай байдаг. Энэ жил хоёр дахь удаагаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхээ авсан. Бид 2018 онд Азийн аваргад шилдэг 15 финалд шалгарсан. 2019 онд шилдэг найм, 2022 оны Азийн аваргад дөрөвдүгээрт байрт шалгарч амжилтаа ахиулсаар байна.

-“Asian cup-2023” тэмцээнд оролцож буй хүүхдүүдийн гаргасан амжилтаас дурдвал..?

-2018 онд Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулж байсан. Энэ үед монголчууд ганцаарчилсан болон багийн төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Харин энэ удаа бид өсвөрийн болон насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэх зорилготой.

-Өмнө нь Монголд уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээн зохиогдож байв уу?

-Анх 2018 онд Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохиогдож түүнийгээ хоёр жил тутам тогтмол зохион байгуулаад явах байсан ч ковидын улмаас чадаагүй. Энэ жил үргэлжлүүлэн дараагийн цуврал тэмцээнээ хийж байна. Үүнээс гадна “Mon­golia open” тэмцээн болж байсан.

-Тэмцээнд оролцож буй хүүхдүүдийг харахад ихэнх нь бага насныхан байна. Хүүхдүүд гэхээс илүү эцэг эхчүүдтэй нь хамтарч ажиллах байх. Бэлтгэлийн явц хэр байгаа вэ. Мөн хооллолтын талаар ярихгүй юу?

-60-70 орчим хувь нь 13-аас доош насныхан байдаг. Тиймээс хүүхдүүдээ тогтмол бэлтгэлд нь явуулахад гэр бүлийнхний оролцоо маш их. Манай клубийн зүгээс хооллолт дээр нарийн зөвлөгөө өгдөггүй. Чихэр, печениэс илүү хамгийн гол нь хоолоо сайн ид гэдэг л зөвлөгөө өгдөг. Заавал жимс, ногоо ид гэдэггүй. Гэртээ хоолоо сайн ид. Усаа сайн уу. Чихэр, печень, өнгө оруулагчтай жүүс, газтай ундаа бүү уу гэж захидаг.

-Манай улсад уран сайхны гимнастикаар тогтмол хичээллэх орчин нөхцөл хэр байдаг вэ?

-Монголд уран сайхны гимнастикийн спортод зориулсан мэргэжлийн заал, талбай, бэлтгэл хийх заал байдаггүй. Энэ спортын онцлог нь хэрэглэлээ дээш нь аль болох өндөр шидээд тэр хугацаанд олон зүйл хийж амжсаны дараа барьж авбал илүү өндөр оноо авдаг.

Бидэнд аль болох өндөр тааз хэрэгтэй. Өндөр таазанд бэлтгэл хийснээр хэрэглэлээ илүү өндөр шиднэ. Тиймээс доод тал нь 15 метр өндөртэй таазтай зааланд бэлтгэх хийх шаардлагатай болдог. Мэргэжлийн зааланд бэлтгэл хийж амжилгүй Ази, Дэлхийн аваргын тэмцээнд оролцдог. Тэнд очихоороо бэлтгэлгүй учраас хэрэглэлийн шидэлтийн хувьд бусад тамирчдаас намхан шиддэг. Үүнээсээ болж оноо алддаг сул тал бий. Бусдаар манай тамирчид олон улсын тэмцээнд дутагдахааргүй оролцож чадахаар чадвартай.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвшилтэй зөвшилцөж байна

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Оросын Шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-ийн баруун талд орон сууцны барилга барих асуудлыг тухайн орчмын оршин суугчид эсэргүүцэж байна. Тухайн орчимд ногоон байгууламж барих хүсэлтийг иргэд 10 гаруй жилийн турш холбогдох газруудад өгөөд байгаа боловч одоо болтол шийдэгдээгүй. Гурван аж ахуйн нэгжийн газарт маргаан үүсэж, орон сууцны барилга эхлүүлэх тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрт үндэслэн олгосон байна. Тиймээс нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр барилга барьж буй аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, ногоон байгууламж бариулах иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх талаас нь өнөөдөр байршил дээр нь ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Эс энд ви юу” ХХК РЦНК-ийн баруун талд цэцэрлэг, спорт цогцолбор бүхий 22 давхар орон сууцны барилга барих зохих ёсны зөвшөөрөл загвар зургийг 2022 онд батлуулж байжээ. Гэтэл иргэдийн зүгээс уг байршилд ногоон байгууламж бариулах хүсэлтэй байгаа. Шүүхийн маргаан 2025 оны долоодугаар сард эцэслэгдэж, барилга эхлүүлэх зөвшөөрлийг Хот байгуулалт, хотын стандартын газраас өгөөд удаагүй байна. Тиймээс хувийн аж ахуйн нэгжийг ч иргэдийг ч хохироогүй байх талаас нь зөвшилцөл хийхээр бид ирээд байна. Зөвшилцөл хийхдээ газрыг газраар шилжүүлэн олгох зорилт тавьж байна. Газрын маргаантай, иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудалд бидний зүгээс 10 орчим байршилд газрыг газраар шилжүүлж асуудал шийдвэрлэсэн байдаг. Энэ мэт байдлаар асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна” гэв.

 Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр төр иргэдийн хүсэлтийг сонсох үүрэгтэй. Гэвч зохих зөвшөөрөлтэй хувийн аж ахуйн нэгжийг ч хохироохгүй байх үүднээс асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Артерийн судсаар химий тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог

Огноо:

,

БНХАУ-ын  Гуанжоу хотод байрлах “Modern Cancer Hospital Guangzhou” буюу Гуанжоугийн орчин үеийн хавдрын эмнэлгийн Интервенцийн эмчилгээний тасгийн эмч Бан Жун Хуатай ярилцлаа.  Дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд хавдрын 18-20 төрлийн эмчилгээг санал болгодог болсон. Түүний нэг нь  химийн эмчилгээ. Гэхдээ химийн эмчилгээг маш нарийн мэс заслын аргаар, хавдрын голомт руу чиглэсэн байдлаар хийдэг болоод байгаа юм. 

-Та өөрийгөө танилцуулаач, хими эмчилгээний чиглэлээр хэдэн жил ажиллаж байна вэ? 

-Сайн байцгаана уу, би Гуанжоугийн Орчин үеийн эмнэлгийн Интервенцийн эмчилгээний тасгийн эмч Бан Жун Хуа байна. Би энэ салбарт 25 гаруй жил ажилласан туршлагатай. Харин  хавдрын Интервенцийн эмчилгээгээр сүүлийн 15 жилийн турш ажиллаж байна. Манай эмчилгээний аргыг сонгосон нийт өвчтөний тоо 20 мянгаас давсан бөгөөд хүний биеийн бүх хэсгийн хавдрын эмчилгээг хийж ирсэн.   Бид олон жилийн турш хавдрын эмчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай.

-Химийн эмчилгээг нарийн судсаар биш бичил мэс заслын аргаар, артерын судсаар хийхэд сөрөг нөлөө бий юу?

-Интервенцийн эмчилгээ нь 40–60 жилийн түүхтэй. Манай эмнэлэг байгуулагдсан цагаасаа хойш энэ технологийг ашигласан байдаг. Энэ нь бүрэн боловсорсон, найдвартай эмчилгээний арга тул ямар нэг сөрөг үр дагавар байхгүй, санаа зовохгүй байж болно. Энэхүү эмчилгээ нь дүрс оношлогооны төхөөрөмжийн тусламжтайгаар удирдан чиглүүлж, зүү эсвэл катетер ашиглан хавдрын байршилд маш нарийвчлалтай хүрч очин шаардлагатай эмчилгээг хийдэг. Манай Интервенцийн эмчилгээ нь артерийн судсаар дамжин орж, хавдарт цусан хангамж өгдөг судсыг олж илрүүлээд, өндөр тунгаар хими эмийг яг тэр судас руу нь тарьж өгдөг гэдгээрээ давуу талтай. 

-Эмчилгээний үр дүн нарийн судсаар химийн тариа хийж эмчилснээс илүү гэж ойлголоо. Энэ талаар та дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Артерийн судсаар дамжуулан өгөх эмийн концентраци буюу хавдар руу чиглэсэн нөлөөлөл нь венийн судсаар тарьдаг уламжлалт аргынхаас 10 дахин өндөр байдаг. Энэ нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог. Хэрвээ тухайн судсанд тохирсон нөхцөл байвал бид хавдрын цусан хангамжийг хаах эмчилгээ болох судас боох буюу эмболизаци аргыг ашиглах боломжтой. Ерөнхийдөө хавдрын эмчилгээнд эм хийх хоёр зам бий. Уламжлалт арга бол венийн судсаар хийх. Харин бид артерийн судсаар дамжуулан хийх аргыг ашигладаг юм. Артерийн судсаар хийх арга нь дараах хэд хэдэн давуу талтай.

Нэгдүгээрт, Хавдарт маш нарийн чиглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хавдрын бүсэд эмийн концентраци маш өндөр байхад, эргэн тойрон дахь эрүүл эдүүдэд эмийн концентраци харьцангуй бага байдаг. Иймээс зорилтот хэсэгт өндөр тунтай эмийн нөлөө үзүүлэх боломжтой бөгөөд энэ нь хавдрын эмчилгээнд маш их үр дүнтэй байдаг. 

Хоёрдугаарт, артерийн судсаар хийх хими нь мөн бүтэн биеийн хими эмчилгээний үйлчилгээг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, венийн судсаар өгдөг уламжлалт аргын үр нөлөөг давхар үзүүлдэг гэсэн үг. 

Гуравдугаарт, энэ арга нь дархлааны системд үзүүлэх сөрөг нөлөө бага, богино хугацаанд хязгаарлагддаг. Мөн артерийн аргаар хийх хими эмчилгээ нь судасны гэмтэл бараг үүсгэдэггүй. Хэрвээ гэмтэл гарсан ч гэсэн энэ нь хавдрыг тэжээж буй судсанд хамаарах тул хавдарт цусан хангамж багасах нь эмчилгээний үр дүнг сайжруулна.

Нарийн судсаар эм хийх үед ихэвчлэн гаднах, өнгөц байрлалтай судаснууд гэмтэл авах магадлалтай байдаг. Тиймээс төв судсанд гуурс тавьсны дараа эмийг хийх шаардлагатай болдог. Энэ нь мөн адил бага зэргийн инвазив буюу жижиг хэмжээний мэс ажилбар юм. Манай артерийн замаар хийх эмчилгээтэй адилхан бөгөөд үндсэн ялгаа төдийлөн байхгүй.

-Артерийн судсаар хийх хими эмчилгээг бүхий л төрлийн хорт хавдрын үед ашиглах боломжтой юу. Байрлалаасаа хамаараад хийх боломжгүй байх тохиолдол бий юу?

-Биеийн бүх хэсгийн хорт хавдарт артерийн судсаар хүрсэн тохиолдолд бид эмчилгээ хийх боломжтой байдаг нь нэг давуу талтай. Нарийн судсаар хийх эмчилгээнээс давуу талтай өөр нэг зүйлийг хэлье. Хэрвээ артерийн замаар эм хийсний дараа хэрэв тухайн үед бөглөлт хийхэд тохиромжтой судас байвал бид тэр судсуудыг боож, эмболизаци хийж чаддаг. Ингэснээр хавдрын цусны хангамжийг тасалдуулж чаддаг юм.

-Танай эмнэлэгт хийж байгаа химийн тарианы чанарын талаар та юу хэлэх вэ?

-Дэлхий даяар ашигладаг, хамгийн чанартай эмнүүдийг бид эмчилгээндээ хэрэглэдэг. Хэрэв өвчтөн шаардлагатай гэж үзвэл гадаадаас импортолсон эмийг ч хэрэглэж болно.  Эсвэл Хятадад үйлдвэрлэсэн дотоодын эмийг ч ашиглаж болно. Аль аль нь чанарын баталгаатай бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Эдгээр эмүүд нь холбогдох зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэгдсэн бөгөөд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, эмчилгээний зориулалтаар нийлүүлэгддэг. 

Гэхдээ тухайн өвчтөн бүрийн эмчилгээний төлөвлөгөө нь Хятадад ирснийх нь дараа тодорхой болдог. Бид өвчтөн бүрийн онцлогт тохируулсан, хувийн буюу индивидуалчлагдсан эмчилгээний горим боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн биеийн байдлаас шалтгаалан зөвхөн түүнд тохирсон эмчилгээний хувийн төлөвлөгөө гаргадаг юм. Эмийн чанар, технологийн дэвшил бол аль батлагдсан, боловсронгуй болсон.  Өвчтөнд яаж нөлөөлөх, үр дүн гарах нь эмчийн ур чадвар, туршлагаас хамаардаг гэдгийг энд зориуд дурьдаж хэлье.  

-Дэлхий дээр химийн эмчилгээтэй холбоотой шинэ аргууд ойрын үед нэвтрэх үү. Магадгүй Хятад улсад ч юм уу тийм туршилт хийж байгаа, шинэ эмчилгээ нэвтрүүлэх гэж байгаа талаар мэдээлэл байна уу?

-Шинэ төрлийн хими эмчилгээний эмүүд гарч ирж магадгүй. Гэхдээ одоогийн энэ технологи бол аль хэдийнэ батлагдсан, тогтсон арга юм. Та мэс заслыг жишээ болгож бодоход, аль хэсэгт хийх вэ гэвэл  биеийн аль ч хэсэгт хийх боломжтой шүү дээ. Энэ л зарчим юм. Өөрөөр хэлбэл, шинэ төрлийн судас боох буюу бөглөх материалууд болон шинэ хими эмчилгээний эмүүд дээр голчлон судалгаа хийгдэж байна. Мэдээжийн хэрэг, энэ чиглэлд ахиц дэвшил гарна. Учир нь дэлхийн шинжлэх ухаан, технологи тасралтгүй хөгжиж байгаа учраас анагаах ухааны чиглэлийн дэвшлүүд ч мөн адил уялдаа холбоотойгоор хөгжиж байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ж.Чинбүрэн: 2 нас хүртэл эхийн сүүгээр хооллох хувь 2023 онд 6.9 хувиар буурсан байна

Огноо:

,

“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 Хоног” үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2017, 2023 онд хийсэн Хүн амын хоол тэжээлийн V, VI үндэсний судалгааны дүнгээс харахад Хүүхдийг төрсний дараа 1 цагийн дотор ангир уураг амлуулах үзүүлэлт 2017 онд 83.7 хувь, 2023 онд 87.4 хувь болж, 3.7 хувиар өссөн.

Эхийн сүүгээр 6 сар дагнан хооллох хувь 2017 онд 58.3 хувь, 2023 онд 59.8 хувь болж 1.5 хувиар нэмэгдсэн боловч, 2 нас хүртэл эхийн сүүгээр хооллох хувь 2017 онд 47.3 хувь байсан бол 2023 онд 40.4 хувь болж 6.9 хувиар буурсан байна.

Хөхөөр хооллолтын зөвлөх эмч Х.Мөнгөнцэцэг: Хөхөөр хооллолт бол хүүхэддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Хүүхдээ төрүүлээд эхний зургаан сард заавал хөхөөр хооллоод, хамгийн багадаа хоёр нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлэх нь зөвхөн тухайн хүүхдийн хүүхэд насанд бус, өсвөр үе, насанд хүрсэн үед ч насан туршийн эрүүл мэндийн суурь болдог.

АУ-ны доктор, клиникийн профессор, Зинт клиникийн хүүхдийн эмч Т.Навчаа Хүүхдийг 2 нас хүртэл нь эхийн сүүгээр хооллосноор IQ чансааг нь 3-4 оноогоор дээшлүүлдэг. Мөн ээжийн таргалалт, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг бууруулдаг гэх мэт олон ач холбогдолтой. Ээж нь хүүхдээ хөхүүлэх тусам өндгөвч, хөхний хорт хавдраас өөрийгөө хамгаалж байдаг.

Дэлхийн улс орнууд 1992 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ жилийн уриа бол: “Нэн тэргүүнд эхийн сүүгээр хооллолт тогтвортой дэмжлэгт орчинг бүрдүүлье” бөгөөд 170 гаруй улс энэ өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох