Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 23 дахь “Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай хийж, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
Тэрбээр уулзалтын эхэнд хоёр жилийн өмнө буюу цар тахлын амаргүй цагт эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед уулзаж байсныг дурдаад өдгөө эдийн засаг энэ оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны ашиг 4.9 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт гэдгийг хэллээ. Мөн “Төсөв 2.1 их наядын ашигтай гарч, төлөвлөснөөс орлого давж биеллээ. Эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр гарсан. Энэ өсөлт иргэд, бизнесийнхэнд өгөөжөө өгнө. Эдийн засгийн өсөлтөө хадгалж, айл, өрх бүрт хүргэхийн тулд оновчтой бодлого баримтлах нь чухал учраас та бүхэнтэй санал солилцож байна” гэв.

Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, боомтын сэргэлтийг эрчимжүүлэх, авлига, хулгайтай тэмцэх арга хэмжээ авсны үр дүнд төлбөрийн тэнцэл 791 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ жил ДНБ 5000 ам.долларт хүрсэн. Ирэх онд 6000 ам.долларт хүргэхээр зорьж байна.
Эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд төлөвлөлт маш чухал. Аль салбарыг яаж дэмжих вэ гэдгээ төлөвлөх ёстой. Тодорхой салбарыг хөгжүүлэхдээ бусад салбартай яаж уялдаж байна вэ гэдгийг судалж, хөгжүүлэх, халамжийн бодлогыг танаж, хаана амьдарч буйгаас үл хамаарч айл өрх бүр эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хүртэх ёстой гэдгийг уулзалтад оролцогчид хэлж байлаа. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарыг тэгш хүртээмжтэй хөгжүүлэх нь чухлыг ч хөндлөө. Тухайлбал, СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан ”Уул уурхайгаас орж ирж буй орлогыг боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү зарцуулмаар байна. Эдийн засаг өсөж байгаа нь сайн. Одоо энэ өсөлтөө хадгалахын тулд засаглалын чадварыг бэхжүүлэх, халамжийн бодлогыг танах хэрэгтэй. Ингэж байж эдийн засгийн өсөлт урт хугацаанд хадгалагдана” гэсэн бол ШУТИС-ийн багш Ч.Баасандаш “Хоршоог сайн хөгжүүлмээр байна. Дундын шатлалтын хоршоог бид хийж чадахгүй байна. Боловсруулах үйлдвэрээ орон нутагт барьж, ажлын байр нэмэгдүүлэх ёстой. Үүнийг дагаад төвлөрөл ч буурна” гэж санал хэллээ.
Манай улс 980 гаруй мянган өрхтэйгөөс 400 мянга нь нийслэлд амьдарч байна. Энэ оны гуравдугаар улиралд өрхийн орлого 11.7 хувиар өсжээ.

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир Өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцийг бууруулж, тогтвортой болтол мөнгөний бодлогын хатуу төлөвийг хадгалах шаардлага үүсэж буйг “Эдийн засгийн сэргэлтийн өрхөд үзүүлэх нөлөө, анхаарах асуудал” илтгэлдээ дурдсан юм.
Эдийн засагчдын санал, асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа ирэх онд халамж нэмэгдээгүй. Цаашид ч халамжийн бодлогыг нэмэхгүй, хөдөлмөр эрхлэлт рүү аажмаар шилжүүлнэ гэдгийг онцлоод “Инфляц өрхийн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хамгийн чухал үзүүлэлт. Цар тахлын үед хэрэгжүүлсэн эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын хөтөлбөр түүхэн үүргээ гүйцэтгэсэн, 126 мянган ажлын байрыг хадгалж үлдсэн. Эдийн засгийн өсөлт ард иргэдэд очиж байгаа. Түүхэндээ анх удаа төсвийн орлого давж, төсвөө тодотгож айл өрхөд шууд очдог цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмсэн” гэв.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засагчдынхаа хийсэн судалгааг сонсдог нэгдсэн платформтой болмоор байна. Эдийн засаг, хөгжлийн яамаа институц болгоход Та бүхэн оролцоорой. Цогц судалгаа гаргаад ирвэл хамтарч ажиллая. Өрхийн орлого нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлт өгөөжөө өгч эхэлж байгааг харуулж байна” гэлээ.
Улстөр нийгэм
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Улстөр нийгэм
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Улстөр нийгэм
Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.
Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.
Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:
- БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
- "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
- Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
- Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
- Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
- Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
- Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
-
Шударга мэдээ2025/01/30
Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээ...
-
Улстөр нийгэм2026/01/20
Амралтын өдрүүдэд осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
-
Улстөр нийгэм2024/12/24
Хүний эрхийн дэд хорооны гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уул...
-
Үзэл бодол2021/08/04
“Хариуцлагын гэрээ" байгуулж, караоке, баарыг нээх санал гаргалаа
