Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хөгжлийн банк засаглалыг сайжруулж муу зээлийн эргэн төлөлтөд анхаарав

Огноо:

,

Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд 2019 оны ажлаа тайлагнаж эдийн засгийн сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар зээлийн эргэн төлөлтийг сайжруулах хүрээнд хийгдсэн шинэчлэл, банкны бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, бодлого, журмын шинэчлэл, ISO стандарт нэвтрүүлэлт, ханшийн эрсдлийн талаарх мэдээллийг онцлон танилцуулав.

Энэ оны эхээр Монгол Улсын Хөгжлийн банкны  үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар, Үндэсний Аудитын газраас  шалгалт хийсэн. Тус шалгалтын дагуу чиг үүргийн давхардал арилгах чиглэл өгсөн. Үүнийн хүрээнд тус банк нь бүтцийн өөрчлөлт хийж анхан шатны нэгжийн тоог 18 хувиар бууруулсан байна. 2019 оны цалингийн төсвийг 460 сая төгрөгөөр хэмнэжээ.  Мөн тусгай актив хариуцсан хэлтсийг байгуулсан. Тус хэлтэс байгуулагдсанаар таван сарын хугацаанд 3.8 тэрбум төгрөгийг эргэн төлүүлсэн байна. Банкны зээлийн чанарыг бууруулж буй зарим томоохон зээлдэгчдийг Засгийн газар болон хуулийн байгууллагатай хамтран төлүүлэхээр ажиллаж байна.

   

Тайлант хугацаанд банкны бодлого, журмын шинэчлэлүүдийг хийсэн байна. Нийт 14 бодлого, журам, зааврыг шинэчлэн батлуулсан. Үүнээс зээлийн бодлого, эрсдэлийн  бодлого болон чанаргүй активыг бууруулах үйл ажиллагааны журам, зээлийн үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулсан. Мөн  ISO 9001-Чанарын удирдлага, ISO 27001-Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартыг  банкинд нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. 2020 оны 1 дүгээр улиралд бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны нийт актив хөрөнгө 2019 оны эхний 11 сарын байдлаар 4.2 их наяд төгрөгт хүрсэн бол өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Банкны зээлийн багц тайлант хугацаанд 2.7 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд нийт зээлийн 46.7%-ийг ам.долларын зээл, 35.8%-ийг төгрөгийн зээл эзлэж байгаа бол евро болон иений зээлийн үлдэгдэл харгалзан 10.8%, 6.7%-тай байна.

Монгол Улсын Хөгжлийн банк нь 2019 оны эхний 11 сард төсөл, хөтөлбөрүүдэд нийт 620.1 тэрбум төгрөгийн зээлийг олгосон бөгөөд үүнд Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 314.7 (51%) тэрбум төгрөг, Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт 107.2 (17%) тэрбум төгрөг, Уул уурхай, олборлолтын салбарт 83.8 (14%) тэрбум төгрөгийг олгосон бол бусад салбарт 113.7 (18%) тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна.

Монгол Улсын Хөгжлийн банк нь уул уурхайн бус эдийн засгийн үр өгөөжтэй экспортод гарах боломжтой төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байна.  Тухайлбал, ноолуур хөтөлбөрийн хүрээнд зах зээл дэх ноолуурыг дотоодын аж ахуйн нэгжүүд худалдан авах эргэлтийн хөрөнгийг үе шаттай шийдвэрлэх,  эргэлтийн хөрөнгийг аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход чиглэсэн технологийн хөрөнгө оруулалтруу чиглүүлэн дэмжиж ирсэн. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Ноолуур хөтөлбөрийг шинэчлэн баталснаар Монгол Улсын Хөгжлийн банк нь 2018-2019 онд нийт 34 үйлдвэрт 277.3 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгож үйлдвэр эрхлэгчдээ дэмжин ажиллаж байна. Мөн Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн элэгдэж хуучирсан тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлийн төслийг ОХУ-ын Внешэконом банкны хөнгөлөлттэй эх үүсвэрээр  хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжсэнээр Турбингенераторууд шинэчлэгдэж, суурилагдсан хүчин чадал 89 мвт, дулаан 152 Гкалаар тус тус нэмэгдэж, үйлдвэрлэлийн үр ашиг болон найдвартай ажиллагаа дээшилж, цахилгаан, дулааны нэгжийн өртөг буурч, үйлдвэрийн ажиллагаа 35 жилээр нэмэгдэх юм.

Охин компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт: МУХБ нь хөрөнгө оруулалтын “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ эрхэлдэг “Ди Би Эм лизинг” ХХК-иудыг байгуулан ажиллаж байна. Тус хоёр компанийн хувьд тухайн салбаруудад шаардлагатай хөрөнгө оруулалт түрээсийн үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины манай улсад хийсэн дөрөв дэх удаагийн  албан ёсны айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг  ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан, “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК хооронд үзэглэсэн. Мөн тус компанийн “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-д 2019 онд эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж нийгэм эдийн засгийн өндөр өгөөжтэй төсөлд хөрөнгө оруулалт хийх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан, Улаанбаатар хотын захиргаа, Монгол Улсын Хөгжлийн банк, Арилжааны банкууд, орон сууц худалдан авах иргэдийн  хамтарсан 570.1 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд “Ди Би Эм Ассет менежмент ҮЦК” ХХК  нь Уур амьсгалын ногоон сангийн эх үүсвэрээс 75.7 сая ам.долларын амлалтыг авсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэх “Эко-хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-г үүсгэн байгуулах шатандаа ажиллаж байна.  “Ди Би Эм Ногоон хөгжил хувийн ХОС ТЗК” ХХК-ийг 2019 оны 12 сард Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүллээ.   Тус сан нь агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, байгаль хамгаалал, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой.  

“Ди Би Эм лизинг” ХХК  нь Монголдоо хамгийн том тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага. Тус компани нь атрын 3-р аяны хүрээнд зөвхөн тариалан эрхлэлтийг дэмжих сантай хамтран  20 гаруй сая ам.долларын 835 ширхэг тоног төхөөрөмжийг газар тариалан эрхлэгчдэд санхүүгийн түрээсээр олгожээ.  “Ди Би Эм лизинг” ХХК нь  11 дүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу өөрийн хөрөнгийн хэмжээг 100.0 тэрбум төгрөг болгож нэмэгдүүллээ. Мөн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын банктай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулав.  Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өндөр өгөөж бүхий бизнесийн төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор БНХАУ-ын Хөгжлийн банк, Экспорт ба зээлийн даатгалын корпорацтай төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

Монгол Улсын Хөгжлийн банк нь цаашид активын чанар, эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулах, тэргүүлэх салбарын томоохон төслүүдийг санхүүжүүлэх, үйл ажиллагааг төрөлжүүлэх чиглэлүүдэд чиглэсэн ажлыг түлхүү хийхээр төлөвлөж байна.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Хүннү хотын авто зам, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Огноо:

,

Хүннү хотыг Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшигийн хөндийд, Богд уулын өвөрт байгуулахаар төлөвлөсөн.

Тус байршилд хот байгуулалтын суурь болох дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэж байгаа юм. Тодруулбал, Хүннү хотын үерийн хамгаалалтын 1-р сувгийн ажил 75 хувь, Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 30 хувь, "Сэргэлэн" дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувь, "Хүннү" дэд станцын бүтээн байгуулалтын ажил 86 хувь, Хүннү хотын 127.4 км авто замын зураг төсөл, бүтээн байгуулалт 35 хувьтай хэрэгжиж байна.

Хүннү дэд станц нь 110/35/10 кВт-ын 2x40 МВт хүчин чадалтай бөгөөд кабель шугамын угсралт бүрэн дуусжээ.

Хүннү хотын эрчим хүчний хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах зорилтын хүрээнд 100 МВт-ын нарны үүсгүүр, 90 МВт хүчин чадалтай, 360 МВт.ц багтаамж бүхий батарей хуримтлуурын станцыг 47.8 га талбайд байгуулахаар төлөвлөж байна.

Эдгээр бүтээн байгуулалт ашиглалтад орсноор эрчим хүчний найдвартай, тасралтгүй хангамжийг нэмэгдүүлэхээс гадна төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн хүчин чадлыг өргөтгөх чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Хүннү хотын цэвэрлэх байгууламж нь хоногт 3000 шоо метр ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. 35-40 мянган хүн амтай хотын бохир усыг татан зайлуулах хүчин чадалтай байхаар төлөвлөсөн. Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг “Комфорт Импекс” ХХК гүйцэтгэж, 2027 оны IV улиралд дуусгахаар үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Хүннү хотыг 150 мянган оршин суугчтай, 80 мянган ажлын байртай орчин үеийн жишиг хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Тус хотын “Aerocity” хөгжлийн бүсэд эдийн засгийн чөлөөт бүс, амралт, аялал жуулчлалын бүс, олон нийт худалдаа үйлчилгээний бүс, засаг захиргааны бүс, оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор, зах, худалдаа, бөөний төвийн бүс, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго бүс, аж ахуйн нөөц бүстэй байхаар төлөвлөөд байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

2019 оноос хойш гэрлэлт буурч, харин гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна

Огноо:

,

Монгол Улсад 2024 оны байдлаар 14225 гэрлэлт бүртгэгдсэн ба өмнөх оноос 18.3 хувиар буурсан байна. Харин гэр бүл цуцлалт нь 4463 бүртгэгдэж өмнөх оноос мөн адил 6.6 хувиар буурчээ. Гэрлэлт нь 2020-2022 онд өссөн боловч 2022-2024 онд эргээд буурсан. Харин гэр бүл цуцлалт нь 2020 оноос хойш өсөх хандлагатай байна.

Гэрлэлтийн статистикийн 10 жилийн динамик үзүүлэлтээс харахад, 2019 оноос эхлэн гэрлэлтийн тоо тасралтгүй буурч, харин гэр бүл цуцлалтын тоо өсөх хандлагатай байна. Тухайлбал, 2019 онд 20,043 гэрлэлт бүртгэгдсэн бол 2024 онд энэ тоо 14,225 болж, 29.1 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Харин 2019 онд 4,262 байсан гэр бүл цуцлалтын тоо 2024 онд 4,463 болж, 4.6 хувиар нэмэгдсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Огноо:

,

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 19-ний өдөр Дундговийн нутаг, Өмнөговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. 19-ний өдөр Хэнтийн хойд хэсгээр хүйтэн бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 19-нд Хэнтийн өмнөд, Дорноговь, Сүхбаатарын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны зургаадугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нийт нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 5-10 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор, Эхийн голын Баянбүрд орчмоор 24-29 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх гол орчмоор 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 8-10 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 7-9 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 5-7 хэм дулаан байна.


2026 оны зургаадугаар сарын 20-ноос
2026 оны зургаадугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22,23-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан хөрсөн дээр цочир хүйтрэнэ, өдөртөө 7-12 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 24-29 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох