Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

"Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

Огноо:

,

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор Тавантолгой нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, тус компанийн хувьцааны 20 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компаний нийт хувьцааны 18.4 хувийг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.

Тус компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Засгийн газар 2022 оны 10 дугаар сард “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид онцгой дэглэм тогтоож, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан байна. Улмаар онцгой дэглэм тогтсоноос хойш компанийн санхүүгийн үзүүлэлт эрс сайжирч, өр төлбөр үнэмлэхүй хэмжээгээр буурчээ. Улсын Их Хурлын 2023 оны 08 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд шинээр эзэмшүүлэх асуудлыг судалж, танилцуулах; 2021, 2022 онд 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан байна. Энэ дагуу дээрх тогтоолын төслийг боловсруулсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Төсөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд шинээр эзэмшүүлэхээр; 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны оногдох хувийг эзэмшүүлж байхаар; эзэмшлийн хувьцааныхаа зарим хэсгийг, эсвэл бүгдийг худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр буюу 933 төгрөгөөр буцаан худалдан авах боломжийг олгох; иргэн нас барсан, Монгол Улсын харъяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байх зэрэг асуудлыг тусгажээ.

Тогтоолын төслийн дагуу 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг шинээр эзэмшүүлснээр нийт хувьцааны 27.6 хувийг Монгол Улсын иргэд эзэмших урьдчилсан тооцоолол байгаа гэлээ. Цаашид нийт хувьцааны 34 хүртэл хувьд багтаан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд ногдох хувьцааг эзэмшүүлж байхаар төлөвлөжээ.

Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах, үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртээх зарчмыг шинэчлэн тодорхойлж, байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоогийн ба ирээдүйн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээхэд чиглэнэ гэж хуульчилсан.

Тогтоолын төсөл батлагдаж, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 34 хүртэл хувийг Монгол Улсын иргэдэд үе шаттай эзэмшүүлснээр байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүр тэгш хүртэх боломжийг хангахад чухал ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Т.Энхтүвшин, Н.Ганибал нар асуулт асууж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тарааж байгаагүй бөгөөд Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд үр өгөөж нь нэмэгдсэн, Монгол Улсын экспорт нэмэгдсэн зэрэгт үндэслэн Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг боловсруулсан болохыг Д.Амарбаясгалан сайд хэлж байв. Түүнчлэн төр хувьцаа эзэмшигчдийн өмнөөс шийдвэр гарган, ашиг, хувьцааны ногдолоор аливаа төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр зарцуулдаг байсныг өөрчлөх зорилтыг Засгийн газар дэвшүүлжээ. Дээрх хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалахтай холбоотой асуултад тэрбээр хариулахдаа “Төрөөс стратегийн ач холбогдол бүхий ордыг эзэмшиж байгаа төрийн өмчит компанийн хувьцааг үнэ төлбөргүй тараах анхны концепц гарахдаа арилжихгүй байх зорилгыг агуулсан. Хөрөнгө чинээтэй хэсэг, бүлэгт энэ хувьцаа төвлөрөхгүй байх, иргэд байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртдэг байх нь нь зөв хэмээн үзэж, шийдвэрлэсэн байдаг. Энэ удаагийн тогтоолын төсөл, улмаар Засгийн газраас холбогдуулан батлах тогтоолуудад хувьцаа эзэмшигч нь төрийн мэдлийн 66 хувьтайгаа дотоод бонд хэлбэрээр харилцаа үүсгэх боломжийг нээлттэй болгох зорилго агуулж байгаа” гэлээ.

Гишүүдийн тодруулсны дагуу тус компанид Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат дараах мэдээллийг өгөв. 2023 оны III улирлын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгө 19.3 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа аж. Өр төлбөрийн тухайд 2022 оны 10 дугаар сард 4.3 их наяд төгрөг байсан бол 2023 оны III улирлын байдлаар 3.2 их наяд төгрөг болжээ. Урьдчилж олсон орлого буюу 603 сая ам.долларыг 2023 оны 09 дүгээр сард бүрэн барагдуулжээ. Иймд борлуулж байгаа нүүрсний орлогоо 100 хувь авч байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Улсын Их Хурал, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу компанийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудитын шалгалт оруулаад байгаа бөгөөд хувьцааны 34 хувийн ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ. Одоогийн байдлаар тус компанид нууц болон нууцын зэрэглэлтэй ямар нэг гэрээ байхгүй гэдэг мэдээллийг Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өглөө.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүд төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нарын гишүүд баялгийн менежментийг сайжруулах, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж үр ашигтай ажиллуулах, улмаар иргэдэд хувьцааны ногдол ашгийг олгохтой холбоотой саналууд хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг хувьцаа эзэмшигчдийн эрх, оролцоог бодитой болгож "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих боломжтой болгох, иргэний өмч буюу эзэмшлийн хувьцаагаа өвлүүлдэг байх зохицуулалтын талаар судлахтай холбоотой байр сууриа илэрхийлэв. 

Байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 58.8 хувь нь дэмжлээ. Эдийн засгийн байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулахаар шийдвэрлэснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Монгол Улс энэ оны эхний найман сард 622 мянга гаруй жуулчин хүлээн авчээ

Огноо:

,

Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 9-ний байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ.

Засгийн газраас 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, визийн нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм.

Цар тахлын өмнөх аялал жуулчлалын салбарын оргил үе болох 2019 онд Монгол Улс бүтэн жилийн хугацаанд 577,300 жуулчин хүлээн авч байжээ.

Харин 2026 оны наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар жуулчдын тоо 2019 оны бүтэн жилийн үзүүлэлтээс 44,823-аар буюу 7.8 хувиар давсан байна.

Ингэснээр Монгол Улсыг зорих олон улсын жуулчдын урсгал нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байгааг энэ үзүүлэлт харуулж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.

Томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Үр дүнд Наймдугаар сард багтаан манай улсад нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцов. ОХУ-д дотооддоо хүнд нөхцөл байдалтай байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж манай улсад түлш, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Г.Дамдинням сайд урьд өмнө огт тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг даван гарахад тусалж байгаа ОХУ-ын Засгийн газар, Аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгоно

Огноо:

,

Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гарлаа. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ бол чөлөөт бүсээс тусдаа зүйл. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм. Энэ бүсийг эдийн засгийн тусгай бүс болгосноор 420 бизнест татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, бойжуулах, ажлын байр бэлтгэх, иргэдийнхээ орлогыг сайжруулах юм. Мөн технологийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд туршилт хийх, үйлчилгээ явуулах сэндбокс орчныг энэ бүсэд бий болгоно.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Энэ орчинд технологийн компаниуд үйл ажиллагаагаа нэвтрүүлэхийг урьж байна. Эдийн засгийн тусгай бүс болсноор шинээр эхэлж байгаа болон, үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесүүд үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, газрын төлбөр зэргээс тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалттай. Мөн дулаан, болон цахилгааны хөнгөлөлтүүдийг эдлэх, гэх мэт боломжууд бий болно. Түүнчлэн бизнесийн зээл, ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай” гэлээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе18 цаг 48 минут

Башар Ассад болон түүний дүүд цаазаар авах ял оноожээ

Цаг үе19 цаг 1 минут

Далайн гадаргын температур долдугаар сард дээд хэмжээнд хүрчээ

Цаг үе19 цаг 18 минут

“Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэ...

Цаг үе19 цаг 24 минут

Шатахууны нөөцийг жигд, хүртээмжтэй түгээх үүрэг өглөө

Шударга мэдээ19 цаг 30 минут

Дархан-Уул аймагт сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ загв...

Цаг үе19 цаг 33 минут

COP17 бага хурлын үеэр ажиллах 600 сайн дурын ажилтныг бэлтгэж байна...

Улстөр нийгэм19 цаг 41 минут

Монгол Улс энэ оны эхний найман сард 622 мянга гаруй жуулчин хүлээн ...

Цаг үе19 цаг 47 минут

Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаар...

Цаг үе2026/08/11

Бичил тээврийн хэрэгслийн осол хоёрхон сарын дотор 1235-д хүрчээ

Улстөр нийгэм2026/08/11

ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр болло...

Санал болгох