Үзэл бодол
Х.Нямбаатар: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг доороо автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөсөн

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, чөлөөлсөн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн.
Үүнтэй холбоотойгоор чөлөөлсөн байршилд байгуулах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Урт цагааны чөлөөлсөн талбай болон урд талын авто замын зорчих хэсгийг оруулаад 1 га орчим талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөлтийг эхний байдлаар олон нийтэд танилцуулахад иргэдээс автомашины зогсоолын талаар ялгаатай санал, байр суурь илэрхийлж байна. Цэцэрлэгт хүрээлэнг доороо 196 автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөж, зураг төсөл урьдчилсан байдлаар гарсан. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженерүүд ирэх долоон хоногт тухайн орчмын иргэдийн автомашинаа гараашинд байрлуулдаг байдал, Урт цагаан орчмын болон Бага тойруу руу орж ирэх автомашины зорчих хөдөлгөөнийг тооцоолж шийдвэр гаргах юм. Түүнчлэн уг цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын түүх, түүний талаар сэдэвчилсэн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа.
2024 оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулан, явган хүний замуудыг стандартад нийцүүлэн засварлаж, ногоон байгууламжуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Хүүхдийн паркийн тохижилтыг энэ онд дуусган, иргэдэд амарч зугаалах орчныг стандартын дагуу бүрдүүлнэ" гэлээ.
Урт цагааны барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан юм.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Үзэл бодол
А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.
Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ.