Шударга мэдээ
Өнөөдрөөс авто замын даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоолоо
Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, түүний ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг.
Өнөөдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл автотээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоож байна.
Дээрх хугацаанд стандарт шаардлага зөрчсөнөөс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө хариуцах бөгөөд авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна.
Иймд дээрх хугацаанд аж ахуйн нэгж та бүхэн олон улс, улсын чанартай авто замаар даац хэтрүүлэн тээвэр хийхгүй байхыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас зөвлөлөө.

Шударга мэдээ
Монгол Улсын гадаад худалдааны баланс эерэг гарлаа
2025 оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 21596.3 сая ам.доллар болж 2024 оны мөн үеэс 1190.6 сая ам.доллар буюу 5.2 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 2864.9 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.


Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
Шударга мэдээ
Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөх зээлийн хэлэлцээрийг батлав
Энэ хүрээнд “Эрчим хүч-3 төсөл” буюу Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөхөөр болсон юм.
Зээлийн хэлэлцээр хэрэгжсэнээр Багануур-Чойр чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг нэмэгдүүлж, эрчим хүчний чанар, найдвартай ажиллагаа, тогтвортой байдал хангагдах боломж бүрдэв.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах 250 МВт-ын салхин цахилгаан станц, Говьсүмбэр аймгийн Чойрт байрлах 50 МВт-ын нарны цахилгаан станц, Дундговь аймгийн Мандалговьд байрлах 30 МВт-ын нарны цахилгаан станц, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд шинээр хэрэгжүүлэх 30 МВт-ын нарны цахилгаан станцын сэргээгдэх эх үүсвэрүүдийн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд бүрэн нийлүүлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Шударга мэдээ
Нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгож, компанийн сайтад байршуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг холбогдох хууль тогтоомж, гэрээнд нийцүүлэн олон нийтэд ил тод болгох ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий ордод үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын нийт иргэд хувьцааг нь эзэмшдэг төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани болохын хувьд үйл ажиллагаа, олборлолт, борлуулалтын талаарх мэдээллийг хууль тогтоомжийн дагуу олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх шаардлагатай. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах бүх гэрээг ил тод болгох үүрэг даалгавар өгсөн. Тус компани 2010-2025 оны хугацаанд нүүрс худалдах, худалдан авах нийт 586 гэрээ байгуулснаас 581 гэрээг ил тод нээлттэйгээр компанийн цахим хуудаст байршуулж байна. Урт хугацаатай, уурхайн ам нөхцөлтэй таван гэрээг байршуулаагүй байна. Эдгээр нь олон улсын гэрээний дагуу нууцлах зохицуулалттай, мөн талуудын байгуулсан гэрээгээр нэг талдаа урьдчилан мэдэгдэх, зөвшөөрөл авах шаардлагатай байх тул худалдан авагч гэрээний талд мэдэгдэн таван гэрээг тус бүрийг ил тод болгох чиглэлээр ажиллаж байна.
