Цаг үе
С.Чинзориг: Эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэхийг бүхий л талаар дэмжинэ
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг үндэсний хэмжээнд зүрх, мэдрэлийн лавлагаа төвийн үүргийг гүйцэтгэдэг Улсын гуравдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын бодлогын хэрэгжилт, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, эмчилгээ оношилгооны шинэ арга технологиудын явцын талаар тодорхой мэдээлэл авч, эмнэлгийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээнд тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдэх зорилгоор яамны Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн даргаас гадна ЭМДЕГ-ын удирдлага гээд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажиллав.
Эмнэлгийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, шинэ технологи, иноваци, хүний нөөц, нийгмийн баталгаа, үндэсний хэмжээний лавлагаа тусламж үйлчилгээний байдал, тулгамдаж буй асуудлын талаар гүйцэтгэх удирдлагын багтай хийсэн уулзалтын үеэр Ц.Төмөр-Очир захирал тодорхой танилцуулсан.
Тус эмнэлэг нийт 810 ажиллагсадтай. Тэднийг 198 нь эмч, 398 нь буюу нийт ажиллагсдын 49,1 хувь нь сувилагч тусгай мэргэжилтэн, төгсөлтийн дараах сургалтын 237 резидент эмч ажиллаж жилдээ 24 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, 154 мянга шахам хүнд оношилгоо, эмчилгээ, 6500 орчим мэс засал хийдэг. Тус эмнэлэгт зүрх судасны мэс засал эмчилгээнд орох үйлчлүүлэгчийн тоо жилээс жилд нэмэгдэж дунджаар 330 гаруй нээлттэй хагалгааг хийж байна. Мөн титэм судасны хүнд хэлбэрийн хагалгаа, зүрхний хэм алдагдлын оношилгоо, эмчилгээний тоо өсч байна.
Зүрх, мэдрэлийн үндэсний хэмжээний лавлагаа төвийн хувьд зүрхний шигдээс, тархины харвалтын төрөлжсөн тусламж үйлчилгээний ачаалал нэмэгдэж, мэдрэлийн мэс засал жилд 1500-гаас дээш тоогоор хийдэг нь гадагшаа явах урсгалыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулж байгаа үзүүлэлт гэдгийг эмнэлгийн дарга танилцуулсан.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн хувьд эмчилгээ, оношилгооны шинэ технологийг нэвтрүүлж, нутагшуулах, эмч мэргэжилтнүүдээ сургаж чадавхижуулах, гадаадын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр онцгой анхаарч, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийг манлайлж ажилладаг. Мөн эмч нараа гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургах, гаднаас зочин профессорын баг урьж ажиллуулах, хамтарч мэс засал хийх зэргээр боломж бүрийг ашигладгаараа давуу юм.
Тэр хэрээр тодорхой ахиц дэвшил гарч буй. Тухайлбал, Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн төслийн үр дүнд эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээний чадавхи сайжирч, нас баралт 8,0 хувиар буурсан, зүрхний эмч нарын үндэсний сүлжээ бий болсон зэргийг дурдаж болно.
Цаашид өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судасны өвчнийг бууруулахад Зүрх судасны төв барих зайлшгүй шаардлага байгааг УГТЭ-ийнхэн танилцуулсан.
Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоор ахлуулсан ЭМЯ-ны удирдлагын баг тус эмнэлгийн Яаралтай тусламж, Тархины харвалт, Зүрхний шигдээсийн тасгуудаар орж үйл ажиллагаатай нь танилцаж, эмнэлгийн нийт ажиллагсадтай уулзалт хийлээ.
Эмнэлэг хооронд өвчтөн солилцох 13А маягтыг шаардахгүй болсноор ачаалал эрс ихэссэн, хөдөө орон нутгаас ирж буй зүрхний шигдээс, тархины харвалтын тохиолдлын 80 хувь нь тус эмнэлэгт ирж байгаа зэргийг эмч нар ярьсан.
С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарт өнгөрсөн 2023 онд эхлүүлсэн хууль эрх зүйн шинэчлэл, авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнийхээ талаар танилцуулсан.
Ирэх сарын 1-нээс хэрэгжих Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулиар лавлагаа шатлалын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хувьд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, ялангуяа зүрх судасны өвчин, тархины харвалтаас урьдчилан сэргийлэх нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр иргэдийг хангах ажлыг өргөн далайцтай хийхийг эмч нараас хүсч, сайдын зүгээс бүхий л боломжоороо дэмжинэ гэдгээ хэлсэн.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Эрүүл мэндийг дэмжих сангийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, төвлөрөх хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлснээр Монголд эмчлэх боломжгүй эмчилгээ оношлогооны шинэ технологи нэвтрүүлэх ажлыг тодорхой хэмжээгээр дэмжих боломж гарсныг эмч нарт танилцууллаа.
Мөн эрүүл мэндийн салбарт анх удаа нэвтрүүлж буй үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэхэд Шастины эмнэлгийнхэн манлайлж ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн.
УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлыг хамгаалах, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн заалтуудыг оруулахаас гадна амь нас, эрүүл мэндээ эрсдэлд орохоос үл эмээн бусдын төлөө зүтгэж буй эмнэлгийн ажилтнуудад зориулсан эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх талаар тодорхой зүйлийг хийж буйгаа ярьсан.
Мөн эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй санхүүжилтийн асуудал, шаардлагатай тоног төхөөрөмж, унаа машинаар хангах, эмч, сувилагчдыг сургалтад хамруулах, шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулахад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх зэрэг асуудлыг үе шаттайгаар шийднэ гэдгийг хэлж Польш улсын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн хэвтрийн өвчтөн тээвэрлэх иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машиныг гардуулж өглөө.
Эмч ажиллагсдын зүгээс ур чадварын нэмэгдэл олгох журмыг яаралтай батлах, орон нутгаас ирж буй зүрхний өвчний тусламж үйлчилгээний ачааллыг жигд хуваарилахад анхаарах, ангиограф зэрэг зарим нэг өндөр өртөгтэй тоног төхөөрөмжтэй болоход дэмжлэг үзүүлэх, эмч, ажиллагсдад зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх, оношлогоо эмчилгээнд цацрагийн багаж тоног төхөөрөмж өргөн ашигладаг болсонтой холбоотойгоор эмнэлгийн физикч ажиллуулах зэрэг саналыг тавьсныг судалж, шийдвэрлэх үүргийг яамны газар, хэлтсийн дарга нарт өглөө.
Цаг үе
Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна
Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.
Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.
Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.
Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.
Цаг үе
Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.
Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Цаг үе
Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна
Энэ сарын 04-ний өдрөөс эхлэн эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж байна. Тус зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой.
Өнөөдөр таны автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол шатахуун авах боломжтой юм.
Сануулахад:
- 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 8, 10, 12, 14-ний өдрүүдэд,
- 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.
Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.

