Цаг үе
Хянан шалгах түр хорооны ээлжит сонсголыг 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд товлоло
Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр / 2024.05.14 / болж гурван асуудал хэлэлцсэн талаар тус түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ гишүүдийн хамт мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Хянан шалгах түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Т.Доржханд, С.Одонтуяа, Г.Тэмүүлэн, Н.Ганибал оролцов.
Хянан шалгах түр хорооны 2024 оны 5 дугаар 14-ний өдрийн хуралдаан 09.15 цагт эхлэн 72.7 хувийн ирцтэйгээр хуралдаж,Түр хорооны сонсгол товлон зарлах тухай, Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай, Сонсголд гэрч дуудах тухай гэсэн 3 тогтоолын төслийг хэлэлцэж баталсан байна. Энэ дагуу 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Хянан шалгах түр хорооны сонсголын товыг тогтоосон гэж тус түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээллийнхээ эхэндээ онцоллоо.
Мөн тэрбээр, сонсголоор худалдан авах үйл ажиллагаа ямар хэмжээнд явагдав, хэн гэдэг албан тушаалтан ямар хэлбэрээр оролцов, хууль эрх зүйн хүрээнд хэрхэн дүгнэлт гаргав, орж ирсэн ногоон автобус стандартын шаардлагыг хангасан уу” гэсэн гурван бүлэг сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлах болно гэж тодотгов. “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос 8 хянан шалгагч, шинжээч томилогдож, сар гаруйн хугацаанд нотлох баримтыг шинжлэн судалжээ. Сонсголд нийт 98 гэрчийг оролцуулахаар дуудсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
-
Улстөр нийгэм2025/01/16
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Цаг үе2019/08/15
Сэрэмжлүүлэг
-
Шударга мэдээ2021/04/12
Дүүрэг бүрт дархлаажуулалтын цэг ажиллаж 60-аас дээш насныхныг дархлаажуулалтад ...
-
Цаг үе2024/05/01
Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн хуваарь

