Цаг үе
АНУ-ын Тэнгисийн цэргийн академид монгол залуу шалгалт өгөөд тэнцжээ
Тодруулбал, Монгол Улсын шилдэг залуусын төлөөлөл болж Б.Түвшинтөгөлдөр АНУ-ын “West Point” цэргийн академид, С.Чингүн АНУ-ын Тэнгисийн цэргийн академид тус тус тэнцсэн байна.
Хамгийн сонирхолтой нь С.Чингүн 2021-2022 онд Зэвсэгт хүчний 110 дугаар ангид хугацаат цэргийн албаа хаасан ба энэ үедээ цэргийн хүн болох зорилго тээж, халагдмагцаа АНУ-ын АНУ-ын Тэнгисийн цэргийн академид элсэхээр бэлтгэж эхэлжээ. Дэлхийн шилдэг цэргийн сургуульд тэнцэж, удахгүй АНУ-ыг зорих гэж буй түүний сэтгэгдлийг хуваалцахад “Намайг Соёл-Эрдэнийн Чингүн гэдэг, Зэвсэгт хүчний 110 дугаар ангид хугацаат цэргийн албаа хаасан, жирийн нэг айлын том хүү. Аав маань хувиараа хөдөлмөр эрхэлж, ээж мэргэжлийн хяналтад ажилладаг. Эрдэнэт хотынх. АНУ-ын Тэнгисийн цэргийн академид шалгалт өгч, элсэх бодол маань хугацаат цэргийн албаа хааж байхад төрсөн. “АНУ-ын “West Point” цэргийн академид ахмад Н.Мөнгөншагай суралцаж байна” гэдэг мэдээллийг хугацаат цэргээс чөлөөгөөр гарахдаа сошиалаас олж уншсан. Тэр үеэс надад ч гэсэн ийм боломж байгаа, би заавал суралцах болно гэдэг шаардлагыг өөртөө тавьж, халагдмагцаа зөвхөн үүний төлөө бэлтгэж эхэлсэн. Аав, ээж маань ч зөвшөөрсөн.
Уг нь цэргийн албанд татагдахаас өмнө МУИС-д хэрэглээний математик мэргэжлээр хоёрдугаар дамжаанд суралцаж байсан. Халагдаж ирмэгцээ хичээлдээ төдийлөн явж амжаагүй, цэргийн академидаа бүх талаар бэлтгээд. Харин өнөөдөр хүсэл мөрөөдлөө нэг шатаар ахиулж АНУ-ыг зорих гэж байгаадаа баяртай байна. Тэнцэх хүртлээ олон сарын бэлтгэл хийж, хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. 2023 онд тус академийн элсэлтэд шалгалт өгөөд унаж байсан ч урам хугаралгүйгээр дахин бэлтгэсэн маань өнөөдрийн баяртай мэдээг авчирсан. Энэ долоо хоногтоо багтаад АНУ-ыг зорино” гэж хариулсан юм.
Тэрээр ярилцлагадаа хүн хичээвэл боломж үргэлж байдаг, гагцхүү өөрийгөө дайчилж, өмнөө тавьсан зорилгоо нэгдүгээрт тавих ёстой гэж өгүүлж байв. Мөн АНУ-ын Тэнгисийн цэргийн академи, “West Point” цэргийн академид элсэх тухай мэдээллийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны веб сайтаас авах боломжтойг ч нэмж тодотгов. Ташрамд онцлоход, АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн анхны Монгол сонсогч С.Санаасайн өнгөрсөн тавдугаар сард сургуулиа амжилттай дүүргэсэн билээ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.

