Цаг үе
2024-2025 оны хичээлийн жилд сурагчид нэгдсэн загварын дүрэмт хувцсаа өмсөнө
Энэ жил буюу 2024-2025 оны хичээлийн жилд сурагчид нэгдсэн загварын дүрэмт хувцсаа өмсөнө.
Сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн хөдөлгөөнд нийцтэй, эцэг, эхэд санхүүгийн хүндрэл бага учруулахаар байлгахын тулд 2025-2026 оны хичээлийн жилээс бага сургуулийн хэмжээнд поло цамцны сонголтыг нэвтрүүлэхээр стандарт, материал зэргийг судалж байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Цаг үе
Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаар тогтоолоор Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд “Монголиа Фойсон Энержи” ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон юм.
Энэ хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал “Монголиа Фойсон Энержи” компанийн гүйцэтгэх захирал Мен Зи Ли нар Бүтээгдэхүүн хуваах гэрээг өнөөдөр үзэглэлээ.
Ёслолын арга хэмжээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Ганхуяг, Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга Э.Мөнх-Ирээдүй, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн бодлогын газрын Газрын тосны бодлого хариуцсан ахлах шинжээч А.Пүрэв болон яам, агентлагийн холбогдох газрын удирдлагуудаас гадна “Фойсон Энержи Холдингс Лимитед” компанийн хөрөнгө оруулагч “Бээжин Фуайер хөрөнгө оруулалт” компанийн захирал Луй Күн нарын бусад зочид төлөөлөгчид оролцов.
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ дотоодын эх үүсвэрээр хангахыг зорин, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Иймд тус үйлдвэрийг түүхий тосоор хангах, нөөцийг нэмэгдүүлэхэд “Монголиа Фойсон Энержи” ХХК-ийн Хэрлэнтохой XXVIII талбайн хайгуулын ажил маш чухал үүрэгтэй гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал нээлтэд хэлсэн үгэндээ онцоллоо.
Мөн тэрбээр “Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх зорилтыг тусгаж, эдийн засгийн үр өгөөж өндөртэй төслүүдэд хөрөнгө оруулагчдыг урьж, эрх зүйн таатай, тогтвортой орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч, олон шинэчлэл хийсэн энэ цаг үед та бид энэхүү гэрээг үзэглэж байна. Тиймээс газрын тосны салбарын төр засгийн бодлого, хууль тогтоомжтой уялдаж, хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлж, орон нутагтайгаа харилцан ойлголцож, сум, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, байгаль орчин, нийгмийн нөлөөллийг харгалзах, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ сайтар биелүүлж ажиллах”-ыг “Монголиа Фойсон Энержи” компанийн удирдлагуудад сануулж, эрэл хайгуулын ажилд нь амжилт хүссэн юм.
“Монголиа Фойсон Энержи” компанийн гүйцэтгэх захирал Мен Зи Ли хэлсэн үгэндээ “Монгол Улсын холбогдох бүх л хууль тогтоомжийг чанд мөрдөж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана” гэдгээ илэрхийлэв.
Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд “Монголиа Фойсон Энержи” ХХК-тай байгуулсан энэхүү гэрээ нь Монгол Улсын Засгийн газар газрын тосны хайгуулын шинэ талбайд 8 жилийн дараа хийж буй Бүтээгдэхүүн хуваах гэрээ юм.
“Монголиа Фойсон Энержи” ХХК нь хайгуулын 8 жилийн хугацаанд нийт 49,7 сая ам.долларын хөрөнгийг хайгуулын талбайн геологийн мэдээлэл цуглуулах, тайлал хийх, соронзон болон хүндийн хүчний судалгаа 20,000км2, 2 хэмжээст чичирхийллийн судалгаа 2000 тууш/км, 3 хэмжээст чичирхийллийн судалгаа 400 км2 талбайд тус тус хийж, хайгуулын 13 цооног өрөмдөх, дээжлэлт, цооногийн иж бүрэн судалгаа, туршилт, шингэн хагалбар, хайгуул, судалгаа, нөөцийн тайлан боловсруулах зэрэг ажлуудад зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажилд 575,000 ам.долларыг зарцуулахаар төлөвлөсөн байна.
“Монголиа Фойсон Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Бээжин Фуайер хөрөнгө оруулалт” ХХК нь 2007 оноос хойш газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн олон улсын туршлагатай компани бөгөөд тус талбайд өрөмдлөг, шингэн хагалбар болон каротажийн ажлуудыг гүйцэтгэнэ гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.
Цаг үе
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишийг бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Цаг үе
Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, хулгайн ан хийх гэж байсан иргэдийг саатууллаа
Хилийн цэргийн 0277 дугаар ангийн ... дугаар салбарын хариуцсан хэсэгт 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн 6 иргэн 1 автомашин, 5 морин уналгатайгаар хулгайн ан хийх зорилготойгоор хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрчээ.
Тус ангийн хилчид дээрх хэргийг илрүүлэн хуулийн дагуу шийдвэрлэлээ гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2021/12/28
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Үзэл бодол2021/09/01
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ
-
Цаг үе2024/09/12
Улаанбаатарт орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
-
Улстөр нийгэм2020/01/31
Энэ жилийн сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй...