Цаг үе
Адууны нийлүүлгийн өвчнөөс эрүүлжүүлэх төслийн багийн гишүүдтэй уулзлаа
Япон Улсын Жайка ОУБ, Шинжлэх ухаан, технологийн газрын санжүүжилтээр Мал эмнэлгийн хүрээлэн (Монгол), Япон улсын Обихирогийн Хөдөө Аж Ахуй, Мал Эмнэлгийн Их Сургуультай хамтран “Халдварт өвчний судалгаа, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох замаар адууны нийлүүлгийн өвчнөөс эрүүлжүүлэх нь” шинжлэх ухаан технологийн төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа төслийн багийг хүлээн авч уулзан мал эмнэлгийн оролцоо хамтын ажиллагаа, адууны нийлүүлгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, адуунд хийгдэж буй шинжилгээ оношилгооны чадавх, хорио цээрийн хяналт, малын эмч, малчдыг мэдээ, мэдээллээр хангах зэрэг ажлын хэрхэн оновчтой хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Төслийг Мал эмнэлгийн хүрээлэн хэрэгжүүлж, МЭХ-ийн Молекул генетикийн лаборатори, Эмгэг судлалын лаборатори, Үржлийн эмгэг даавар судлалын лабораторийн судлаачид, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн эх барих, мэс заслын зарим багш нар хамтран оролцоно.
Монгол Улсад нийлүүлгийн өвчнийг устгах эсвэл бүрэн хяналтанд оруулах зорилготой 4 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд дараах ач холбогдолтой шинжлэх ухааны салбарын эрдэмтэд онцоллоо.
- Адууны өвчлөлийн өнөөгийн байдлыг сонгогдсон аймгуудад тандалт, хийх ялангуяа нийлүүлгийн өвчний байдал, Монголын адууны аж ахуйн салбар болон менежементийн тогтолцоог боловсронгуй болгох санал боловсруулах,
- Адууны нийлүүлгийн өвчний хяналтын тогтолцоо, генетикийн нөөцийн менежемент болох орчин үеийн малын эрүүл ахуйн болон үржлийн инженерчлэлийн чадамжийг сайжруулах. (Төв, Дорнод, Булган, Сэлэнгэ),
- Адууны нийлүүлгийн өвчний хяналт, оношлогоо, эрт илрүүлэг болон үржүүлгийн биотехнологийн мэдлэг болон арга барилд мэргэшсэн хүний нөөц бэлтгэх,
- Монгол Улсад мөрдөгдөх малын хорио цээрийн тогтолцооны загварыг боловсруулж Монгол Улсын засгийн газарт хүргүүлнэ.
2022 оны мал тооллогын дүнгээр Монгол Улс 4.8 сая толгой адуу тоолоогдсон бөгөөд Монгол, Тэс, Галшар, Мянгад, Өндөршил, Говь-шанх, Дархад зэрэг үүлдэр, омгийн адуу нутагшдаг. Монгол адууны өвөрмөц чанарт үндэслэн адууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, морин уралдаан, аялал жуулчлал, биологийн олон янз байдлын өвөрмөц онцлог, давуу талыг тусгасан шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгох бүрэн боломжтой гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.

