Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д оролцохоор НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирлээ.
“Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ыг зохион байгуулах санал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлд туссан бөгөөд энэ жилийн чуулга уулзалтыг “Илүү сайхан маргаашийн төлөөх олон талт шийдлүүд” сэдвийн дор 2024 оны 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулж байна.
Дээд түвшний уулзалтад 83 улсын төрийн тэргүүн, хоёр улсын дэд Ерөнхийлөгч, 52 улсын Засгийн газрын тэргүүн, 5 гишүүн улсын Шадар сайд оролцож байгаа юм.

Чуулга уулзалтаар үндсэн баримт бичиг болох “Ирээдүйн төлөө гэрээ”-г баталж, “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” гэсэн баримт бичгүүдийг хавсралт хэлбэрээр батлах юм.
Мөн энэ үеэр “Дэлхийн засаглалыг өөрчилж, “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь”, “Олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөөх олон талт үзлийг бэхжүүлэх нь”, “Нийтлэг цахим ирээдүйн төлөө: Цахим хуваагдлыг арилгахад хүртээмжтэй инновац, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь”, “Ирээдүй одоо эхэлнэ: өнөөгийн болон ирээдүй хойч үеийнхний төлөө дэлхийн тогтолцоог сайжруулах нь” гэсэн сэдэвт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна.

Монгол Улс “Ирээдүйн төлөөх дээд түвшний уулзалт”-ыг угтаж “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”, “Тогтвортой хөгжлийн зорилгуудын үндэсний зөвлөлдөх уулзалт”, “Залуучуудын зөвлөлдөх уулзалт” “Глобал цахим хэлэлцүүлэг”, “Дижитал хамтын ажиллагааны яриа хэлэлцээ” “Тогтвортой хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацыг ашиглах асуудлаарх зөвлөлдөх уулзалт” зэрэг арга хэмжээг цуврал хэлбэрээр зохион байгуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2024 оны 08 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаас гарсан “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ын үзэл санаа “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-аар батлах төгсгөлийн баримт бичгүүдийн төсөлд тусгалаа олсон.



Улстөр нийгэм
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Улстөр нийгэм
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Улстөр нийгэм
Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.
Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.
Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:
- БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
- "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
- Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
- Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
- Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
- Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
- Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
-
Цаг үе2024/05/17
Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
-
Улстөр нийгэм2022/02/11
“Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай&...
-
Улстөр нийгэм2021/12/09
Монгол, Хятадын ЗГХК-ын ажлын хэсгийн хуралдаан боллоо
-
Улстөр нийгэм2025/09/25
Олон улсын валютын сангийн төлөөлөлтэй уулзлаа
