Улстөр нийгэм
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 23-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Монгол Улс 1972 оноос хойш Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдсон баталгааг хэрэглэх тухай хэлэлцээр, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай конвенц зэрэг олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон бөгөөд эдгээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн.
2009 онд УИХ-аас баталсан Цөмийн энергийн тухай хууль нь 8 бүлэг, 51 зүйлтэй бөгөөд нийт 15 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 8 бүлэг, 38 зүйлийн хэсэг, заалтад өөрчлөлт оруулж байжээ. Хууль хэрэгжих хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, эрх зүйн харилцаанд гарсан томоохон өөрчлөлтүүдийг харгалзан холбогдох өөрчлөлтийг эдгээр хууль тогтоомжид оруулах зүй ёсны шаардлага үүссэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Улстөр нийгэм
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Улстөр нийгэм
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Улстөр нийгэм
Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.
Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.
Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:
- БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
- "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
- Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
- Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
- Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
- Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
- Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
-
Шударга мэдээ2025/05/23
Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгдлээ
-
Шударга мэдээ2024/08/16
Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувий...
-
Улстөр нийгэм2025/11/07
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад ...
-
Цаг үе2021/10/07
Томуугийн дархлаажуулалтад 152 мянган хүүхэд хамрагдлаа
