Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Улс төрийн намын санхүүжилтийн талаарх олон улсын туршлагыг хэлэлцлээ

Огноо:

,

Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас хамтран 2024 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр “Улс төрийн намын санхүүжилт ба Монгол Улс, пост коммунист орнуудын туршлага, харьцуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Их Британы Ноттингхамын их сургуулийн профессор Фернандо Касал Бертоа тавьсан юм. Тэрбээр пост коммунист орнуудын улс төрийн намын санхүүжилтийн харьцуулсан судалгааг сүүлийн жилүүдэд дагнан хийж, энэ талаар ном гаргасан байна.

Профессор Фернандо Касал Бертоа илтгэлдээ Монгол Улс болон бусад пост коммунист орнуудын улс төрийн намын тухай хууль тогтоомж, эрх зүйн орчныг харьцуулан өгүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа хүндрэлтэй асуудлууд, намын санхүүжилтийн хяналтыг хэрэгжүүлэх субъектуудын эрх зүйн чадамж, энэ асуудлаарх парламентын болон Засгийн газрын эрх хэмжээг хэрхэн тодорхойлсон зэргийг нарийвчлан авч үзсэн байна. Пост коммунист орнуудын улс төрийн намын санхүүжилтийн тогтолцоонд парламентад суудалгүй намуудад санхүүжилт олгох, мөн жендэрийн тэгш байдалд чиглэсэн санхүүжилт, бэлэн бус болон арилжааны бус санхүүжилт, мөн “Ардчиллыг дэмжих” олон улсын санхүүжилт, сонгуулийн зардлын ил тод байдал, завсрын тайлан, гуравдагч этгээдийн сурталчилгааны хориг хязгаарлалт, сонгуулийн байгууллагын эрх хэмжээ, хариуцлагын тогтолцоо зэрэг дэвшилтэт арга хэрэгслүүдийг тодорхой хэмжээнд хэрэглэж байгаа ч нарийвчилсан зохицуулалт байхгүй, парламентын суудлыг хувьчлан хуваарилаагүй, улс төрийн зээлийн санхүүжилтийн тогтолцоо, зохицуулалт байхгүй, улс төрийн санхүүжилтийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үздэггүй, хандивлагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт сул зэрэг учир дутагдал олон байгааг тэрбээр дурдсан юм.

Мөн хэлэлцүүлэгт Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.ЭнхцэцэгУлс төрийн санхүүжилт ба Монгол Улс” сэдэвт илтгэл тавилаа. Тэрбээр Улсын Их Хурлын 2020, 2024 оны сонгууль, тэдгээрийн үр дүнг харьцуулан авч үзсэн байна. Улсын Их Хурлын сонгуулийн тойргуудын сонгогчдын дундаж тоо 28,692 бол, нийслэл Улаанбаатар хотын тойргуудын сонгогчдын дундаж 45,575 буюу ерөнхий дунджаас 60 хувиар илүү, орон нутгийн тойргуудын дундаж 21,119 буюу ерөнхий дунджаас 26 хувиар бага байна. Энэ зөрүүг 10 хувиас хэтрүүлэхгүй байх Венецийн комиссын шаардлагыг дээрх үзүүлэлтийн аль аль нь хангахгүй байгааг тэрбээр онцлов. Мөн тэрбээр 2020 оны сонгуульд МАН, АН хоёр нийт сонгогчдын 69.4 хувийн саналыг авсан боловч парламентын суудлын 96.1 хувийг эзэлсэн бол 2024 онд сонгогчдын 61.0 хувийн саналаар парламентын суудлыг мажоритар аргаар бүрдсэн хэсгийн 97.4 хувийг эзэлсэн нь сонгуулийн хувь тэнцүүлэх зарчмын хэрэгжилт хангалтгүй байгааг илэрхийлж байна гэсэн юм. Сонгуулийн зардал бүрдүүлэлт, түүний тайлагналд илүү нарийвчилсан хяналт хэрэгжүүлэх шаардлага байгааг тэрбээр илтгэлдээ дурдав.

Хэлэлцүүлэгт оролцогчид үндсэн илтгэлүүдтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Улс төрийн намын санхүүжилтын талаарх хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Р.Батболд, Б.Мөнхсоёл, Л.Соронзонболд нар болон Монголын улс төрийн намуудын төлөөлөл оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Огноо:

,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.







Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.







Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.





Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох