Цаг үе
Төрийн банк Зээлийн батлан даалтын сантай "Ногоон санхүүжилтийг дэмжих" чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Төрийн банк болон Зээлийн Батлан Даалтын Сан хамтран ногоон хөгжил, байгальд ээлтэй ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.
Төрийн банк нь Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр Зээлийн Батлан Даалтын Сантай бодлогын түвшинд хамтран ажиллахаар энэхүү санамж бичгийг байгуулж байгаа ажээ. Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Дэд захирал Х.Лхагвасүрэн, Зээлийн батлан даалтын санг төлөөлж Гүйцэтгэх захирал С.Цогтсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Тус санамж бичгийг байгуулснаар талууд хамтран ногоон хөгжил, байгальд ээлтэй ногоон санхүүжилт шаардлагатай Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан ногоон зээлийн батлан даалтын бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүлэх юм. Энэ нь Тогтвортой хөгжилд чиглэсэн ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, цаашлаад дэлхий нийтэд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг болно гэдгийг талууд онцолж байлаа. Мөн Төрийн банк нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрийн үйл ажиллагаанаас ялгаруулсан болон санхүүжүүлсэн хүлэмжийн хийг тооцоолон бууруулах, нөөцийн зохистой хэрэглээг дэмжих, ажилтнуудын дунд автомашингүй өдөр аяныг санаачлан хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ.
Итгэл төгс Ногоон ирээдүй
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
-
Цаг үе2020/05/14
“Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
-
Цаг үе2026/05/11
Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн уралдаант сонгон шалгаруулалт явагдаж б...
-
Цаг үе2021/12/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2020/09/07
Төрийн банк ногоон зээлийн үйлчилгээг санал болгож байна

