Цаг үе
Төрийн банкныхан 15 жилийн ойгоо угтан бяцхан Зүрхнүүдэд амьдрал бэлэглэлээ

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банкны хамт олон үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 4000 гаруй ажилтныхаа дунд “Өгөх өдөр” хандивын аяныг зохион байгуулж цугларсан 50,555,000 төгрөгийг “Зүрх мартахгүй” төсөлд хандивлалаа.
Тэдний амьдрал бэлэглэсэн бяцхан зүрхнүүдийн нэг төлөөлөл нь П.Дөлгөөнзаяа охин юм. Тэрээр “Зүрх мартахгүй” төслийн багийн хамт олон Баянхонгор аймагт үзлэг хийхээр очих үед оношлогдсон бөгөөд яаралтай хагалгаанд орох заалттайгаар энэ оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод ирж эмчлүүлэн, хагалгаа амжилттай болж дахин нэг гэр бүлийн нүүрэнд инээмсэглэл тодорлоо.
Дэлхий дахинд түгээмэл тохиолддог эмгэгүүдийн нэг болох зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхэд манай улсад жилд 1000 орчим төрдөг гэсэн судалгаа бий. Тэдгээр хүүхдүүдийн дийлэнх нь бүрэн эмчлэгдэх боломжтойгоос гадна яаралтай мэс засалд орох шаардлагатай байдаг аж.
“Зүрх мартахгүй”, “Хязгаараас чинад” төслийн багийнхан хамтран Монгол орны өнцөг булан бүрд мөн ОХУ, Тува, Афганистан улсын төрөлхийн зүрхний гажигтай хүмүүсийг үзлэгт хамруулан шаардлагатай тохиолдолд хагалгаанд оруулж энэхүү нийгмийн сайн сайхны төлөөх ажлаа олон улсын шинж чанартай болгон цар хүрээгээ жилээс жилд өргөжүүлэн тэлж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар тэд дотооддоо болон хилийн чанадад 90,000 километр замыг туулан 40,322 хүнд эмчийн үзлэг үнэгүй хийж, нийт 1280 гаруй зүрхийг авраад байна.
Банк санхүүгийн салбарынхан тэр дундаа Төрийн банкныхан өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2020 онд “Зүрх мартахгүй” төсөлд хандив өгч эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулж байсан бол энэ удаа 15 жилийн ойгоо тохиолдуулан орон даяарх салбар нэгжийн бүх ажилтан тус аянд оролцсоноороо онцлог болжээ.
Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк нь Тогтвортой хөгжлийн зорилтуудад манлайлагч болохын хувьд 2022 оноос
“Эрүүл иргэн” хадгаламж, картын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж иргэдийг эрүүл мэндийн багц үзлэг, шинжилгээнд хөнгөлөлттэй үнээр хамрагдах дадалд суралцуулах зорилго тавин ажиллаж буй. Цаашид Тогтвортой хөгжлийн томоохон зорилтуудын нэг болох Эрүүл мэндийг дэмжих, эрүүл Монгол иргэнийг төлөвшүүлэн бий болгох төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, санаачлан зохион байгуулах тал дээр олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Итгэл төгс Ногоон ирээдүй
Цаг үе
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Цаг үе
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 3-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсэж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны аравдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 1-6 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 6-11 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 9-11 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 9-11 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 7-9 хэм дулаан байна.
2025 оны аравдугаар сарын 04-нөөс 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 4-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.