Цаг үе
БНТУ-ын 12 мужид их хэмжээний цас орж, огцом хүйтэрчээ
БНТУ-ын төвийн бүсэд хамаарах 12 мужид их хэмжээний цас орж, агаарын хэм шөнөдөө 10, өдөртөө 4 хэмд хүрч огцом хүйтэрчээ. Үүний улмаас хот хоорондын авто замуудад 787 тээврийн хэрэгсэл цасанд боогдож, арван хоёр мужийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн хаасан байна.
Цаашид Кайсери, Малатия, Сивас зэрэг хотод 20-30 см зузаан цас орох төлөвтэй байгаа учраас орон нутгийн Цаг агаарын байгууллагаас улбар шар түвшний сэрэмжлүүлэг зарлаж, оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд хөдөлгөөн үйлдэхгүй байх, гадагшаа гарахдаа дулаан хувцаслахыг анхаарууллаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Цаг үе
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих дунд хугацааны стратегийн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлого, стратегийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүйгээр эрэлтийг огцом өдөөж зах зээл дээрх байрны үнийг нэмэгдүүлсэн, зорилтот бүлэгтээ чиглэхгүй, орлого өндөртэй, урьдчилгаа төлбөр төлөх чадвартай иргэдийг хамруулсан. Хөтөлбөрийн зээл авах өргөдөл хоёр жил гаруй хүлээх дараалал үүссэн. Хуримтлагдсан өргөдлийг шийдвэрлэхэд 40-55 сар зарцуулахаар байна. Түргэн шийдвэрлэхээр барилгын нийлүүлэлт хэрэгцээг гүйцэхгүй учраас үнэ өсөж, зөвхөн борлуулагч талд ашигтай байдал үүсэхээр байна гэдгийг Л.Энх-Амгалан сайд хэллээ.
Урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх, мөн залуучуудын урьдчилгаа төлбөрийн хуримтлалыг урамшуулах зорилгоор банканд зөвхөн орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд зориулсан Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгосноор залуу өрхийг дэмжих боломжтой зэрэг саналыг тавьсан байна.
“Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги төлөвлөгөө 2025-2029” -г Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулж батлуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин даалгав.
Цаг үе
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо. Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Цаг үе
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дууслаа
Яармаг орчимд буюу Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж дууслаа.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн дээрх хороодын оршин суугчдаас зэвтэй ус гардаг талаарх санал гомдол нэлээдгүй ирдэг байсан. Үүний дагуу Яармаг бүсийн цэвэр усны шугамыг шинэчлэх ажлыг шат дараатайгаар хийж гүйцэтгэж байна.
Энэ онд Хан-Уул дүүргийн 23,24 дүгээр хороодын нутаг дэвсгэрийг дамнасан 4,8 км цэвэр усны шугамын ажлыг бүрэн шинэчилж, 11 дүгээр сарын 25-ны өдрөөс шинэ шугамаар цэвэр усыг хэрэглэгчдэд хүргэлээ.
Яармагт шинээр сольсон уг 4.8 км үндсэн шугамын эх үүсвэрээс тухайн орчмын 500 гаруй барилга, байгууламж цэвэр усаа авдаг.
Зөвхөн цэвэр усны төв шугамыг шинэчлээд зогсохгүй Яармаг орчмын орон сууцны хорооллууд, барилгуудын ашиглалтыг хариуцагчид, орон сууцны конторууд дотор шугам сүлжээндээ засвар үйлчилгээ, угаалга зэргийг тогтмол хийх шаардлагатай юм. Ингэснээр зэвтэй усны асуудал бүрэн шийдэгдэх юм.
-
Цаг үе2023/04/05
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Цаг үе2023/04/21
ЭЗХЯ: БНХАУ-ын “Тианжин Теда” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
-
Үзэл бодол2019/09/11
“Цахим сэтгүүл зүй ба монгол хэлний дархлаа” сэдэвт сургалт болно
-
Улстөр нийгэм2022/12/07
Гар урлаачдын бүтээлийг олон улсын зах зээлд гаргана