Шударга мэдээ
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийн УИХ-д өргөн барина

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийн талаар танилцууллаа. Уг хуулийн төсөл нь нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүс тогтоох болон холбогдох бусад арга хэмжээг тусгай журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.
Хуулийн төсөлд нийслэл хот нь агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон, шар бүстэй байх бөгөөд бүсийн хилийн зааг, байршлыг тогтоох, өөрчлөх асуудлыг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ гэж тусгасан юм.
Тодруулбал, ногоон бүсэд:
- Стандартад нийцсэн хийн болон шингэн түлшнээс бусад төрлийн түлш, эд зүйл шатаах; /бүх төрлийн хатуу түлш/
- Стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа автотээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид автобензин, дизель түлшийг худалдан борлуулах;
- Инженерийн шугам, сүлжээнд холбогдох боломжтой байршилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх ус ашиглах;
- Нүхэн жорлон, угаадасны нүх ашиглах;
- Авто сэлбэгийн задгай худалдаа, авто засварын бүх төрлийн үйлчилгээ эрхлэх;
- Хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг хориглохоор тусгасан юм.
Харин агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй айл өрхийг хамруулна. Шар бүсэд хамрагдах эдгээр айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулахаар тусгасан.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
ГЕГ: Гаалийн 9 түр агуулахад хугацаа хэтэрсэн 324 автомашин болон 30 гаруй чингэлэг бараа, бүтээгдэхүүн байна
Гаалийн түр агуулах болон, баталгаат бүсэд байгаа хугацаа дууссан бараа, тээврийн хэрэгслүүдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
“Гааль-Бизнесийн түншлэл” болон төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлж, үйл ажиллагаагаа уялдуулж, мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлэх чиглэлийн хүрээнд өнөөдөр Улаанбаатар хот дахь гаалийн газрын хурлын танхимд түр агуулах, баталгаат бүсэд байгаа хадгалах хугацаа дууссан бараа, тээврийн хэрэгслийг хэрхэн шийдвэрлэх талаарх “Асуудал-Шийдэл 2025” панелист хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт ГЕГ-ын Хяналт, бүрдүүлэлтийн газрын төлөөлөл, УБГГ-ын удирдлагууд, гаалийн улсын ахлах байцаагчид болон УБТЗ, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Гаалийн хяналтын бүс эзэмшигч ААН, Гаалийн зуучлалын мэргэшсэн холбоодын удирдах албан тушаалтнууд оролцож, хадгалах хугацаа дууссан бараа, тээврийн хэрэгслүүдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх арга замуудын талаар ярилцаж, санал солилцлоо.
Энэ оны тавдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод байрлаж буй гаалийн 9 түр агуулахад хугацаа хэтэрсэн 324 автомашин болон 30 гаруй чингэлэг бараа, бүтээгдэхүүн байгаа талаар Улаанбаатар хот дахь гаалийн газраас мэдээллээ. Гаалийн түр агуулахад байрлаж буй хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүний хамгийн их хувийг цементийн нэмэлт болон тамхи, эмнэлгийн тоног төхөөрөмж эзэлж байгаа аж. Мөн энэ оны I улирлын байдлаар Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүс болон баталгаат бүсэд байрлаж байсан хугацаа хэтэрсэн 8.8 тонн барааг 990 горимоор устгасан бол 1.9 тэрбум үнийн дүн бүхий 94 ширхэг барааг хурааж улсын орлого болгохоор НЗДТГ-т шилжүүлжээ.
Харин “Материалимпэкс” Олон Улсын Тээвэр Зуучлалын байгууллагын гаалийн хяналтын бүсэд хадгалах хугацаа хэтэрсэн 154 ширхэг автомашин, бүрдүүлэлт хийгдээгүй 38700 кг хуучин хувцас байгаа бол “Амгалан” гаалийн хяналтын бүсэд хүлээн авагч нь олдохгүй байгаа 2 тонн гаруй сэлбэг, 40 хайрцаг линзний шингэн гэх мэт бүтээгдэхүүнүүд байгаа нь ААН-үүдийн хувьд тулгамдаж буй асуудал болж байгааг хэллээ. Энэ мэтчилэн хугацаа хэтэрсэн бараа, бүтээгдэхүүнээс үүдэн талбай чөлөөлөх үйл явц удаашрах, чингэлгүүдийг тээвэрлэлтэд ашиглах боломжгүй болох, хадгалалт болон тээвэрлэлтийн хөлсөө төлөөгүйгээс үүдэн ААН-үүдэд хохирол учрах цаашлаад эдийн засгийн урсгал удаашрах гэх мэт хүндрэлтэй асуудлууд гарч байгааг хэлэлцүүлэгт оролцогч талууд дурдлаа.
Цаашид дээрх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж, хэлэлцүүлэгээс гарсан санал, дүгнэлтийг эцэслэн боловсруулж удирдлагын зөвлөлд оруулж ажиллах юм.
Шударга мэдээ
Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа
Аялал жуулчлалын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа.
Дээрх иргэд нь жуулчин буюу К2 ангиллын визээр Монгол Улсад ирсэн бөгөөд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ майнинг үйлс” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд хөдөлмөр эрхэлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар гадаадын иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр 3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.
Гадаадын иргэн аялал жуулчлалын визээр орж ирсэн тохиолдолд аяллын маршрут, байрлах зочид буудал, аяллын хөтөлбөр тодорхой байх шаардлагатай бөгөөд визийг зөвхөн аялж, амрах зорилгын дагуу ашиглахыг ГИХГ-аас анхааруулж байна.