Үзэл бодол
Төрийн банкны Гүйцэтгэх кахирал Ө.Гантөр: Төрийн банк 2024 онд дотооддоо төдийгүй дэлхий дахинд өндөрөөр үнэлэгдэж санхүүгийн найдвартай түнш болохоо бататгалаа
- Төрийн банк өнгөрсөн арваннэгдүгээр сард олон нийтэд Ногоон хөгжлийг дэмжигч банк болж буйгаа зарласан. Ногоон хөгжлийг дэмжигч банк болсноор ямар ажил хийв ?
- Төрийн банк нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан, урт хугацаанд тогтвортой хөгжихийн тулд байгаль орчин, нийгэмд ээлтэй, сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг дэмжих, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Ногоон хөгжлийг дэмжигч банк болсон. Улмаар өнгөрсөн хугацаанд бид биржийн бус зах зээлд 10 тэрбумын “Ногоон ирээдүй” бонд гаргаж ногоон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажиллаж байна. Мөн ногоон санхүүжилтийн тогтолцоог сайжруулж, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн цар хүрээг нэмэгдүүлэх замаар орчны бохирдлыг бууруулах, байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, үйл ажиллагааг дэмжих нөхцөлийг бүрдүүлэн, тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон эдийн засгийн шилжилтийг хурдасгах боломжийг бүрдүүлэхээр хэд хэдэн яамд болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
- 2024 он банк санхүүгийн салбарт тэр дундаа Төрийн банкны хувьд нэлээдгүй онцлог жил болж өнгөрсөн. Тэгвэл та өнгөрсөн онд гаргасан томоохон ололт амжилтуудаас дурдвал ?
- Өнгөрсөн 2024 онд Төрийн банкны гаргасан томоохон гурван ололт амжилтыг энд дурдах нь зүйтэй болов уу. Нэн тэргүүнд бид банкны засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоогоо сайжруулан хүний нөөцийн болон бизнес төлөвлөгөөний зөв менежментийг хэрэгжүүлсний үр дүнд санхүүгийн үзүүлэлтийн сууриа бататган 107.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Банкны ашиг сүүлийн 6 жилийн хугацаанд тогтмол өсөлттэй байгаа, ялангуяа сүүлийн 3 жилийн хугацаанд огцом өссөн гэдгийг харж болно. Ашиг өссөнөөр Төрийн банк ХК-н жижиг хувьцаа эзэмшигчдэд оногдох ноогдол ашгийн хэмжээ нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсөвт төлөх татвар мөн өссөн үзүүлэлттэй байна.
Дараагийн томоохон ололт нь Ногоон хөгжлийг дэмжигч банк болж ирэх жилүүдэд Тогтвортой хөгжилд тэргүүлэгч байх зорилт тавиад байна. Бидний хувьд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан, урт хугацаанд тогтвортой хөгжихийн тулд байгаль орчин, нийгэмд ээлтэй, сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг дэмжих, зохистой засаглалыг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогыг баримтлан ажиллаж эхлээд байна. Улмаар Төрийн банкны хийж хэрэгжүүлсэн ажил, санхүүгийн үзүүлэлтүүдийг дэлхий дахинд нэр хүндтэй Global Banking & Finance publication байгууллагаас өндрөөр үнэлэн 2024 оны "Монгол Улсын шилдэг иргэдийн банк"-аар тодруулан өргөмжилсөн.
Дээр дурдсан ололт амжилтууд нь Төрийн банкны харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн дэлхийн жишиг бүхий банк санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэн салбартаа манлайлан ажиллаж, хүртээмжтэй байдлыг эрхэмлэсний үр дүн гэдэгт итгэлтэй байна.

- Харилцагчдадаа зориулан дэлхийн жишиг бүхий ямар бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн бэ ?
- Төрийн банкнаас харилцагчдадаа банкны бүх төрлийн үйлчилгээг шуурхай, хялбар хүргэхээр зорьж ажилласаар ирсэн төдийгүй 2024 онд Банк, санхүүгийн салбарт анхдагч болж хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн. Тухайлбал, Төрийн банк Монгол Улсад анх удаа хилийн хяналтын бүсэд салбараа нээж гадаадын жуулчдад зориулсан “Tax Refund” үйлчилгээг нэвтрүүлэн, анхны долларын ATM-ийг ашиглалтад оруулаад байна. Энэ бол Монголын банкны үйлчилгээ олон улстай хөл нийлүүлэн хөгжиж буйн нэгээхэн илрэл юм.
Төрийн банкны харилцагчид Эрүүл иргэн бүтээгдэхүүнээр дамжуулан дотоодын болон гадаадын 80 орчим эмнэлгээр 20 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болсон. Ингэснээр бид иргэдийг санхүүгийн боловсролтой болгож эрүүл мэнддээ анхаардаг болгох зорилгоо биелүүлэхэд нэг алхам урагшилсан. Мөн Тогтвортой, ногоон хөгжлийг дэмжих зорилгоор ногоон зээлийн нөхцөлийг уян хатан тогтоож, бүтээгдэхүүнийг төрөлжүүллээ. Энэ хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хамгийн чухал сегмент болсон ХАА тэр дундаа малын бэлчээрийн зүй зохистой ашиглалт, үүлдэр угсаа, үржил шим, эрүүл мэндийг сайжруулах зориулалттай Малчны ногоон зээлийг зах зээлд нэвтрүүлээд байна.
- Та иргэдийг санхүүгийн болон эрүүл мэндийн боловсролтой болгох нь танай банкны нэг зорилго гэж хэллээ. Энэ талаар дэлгэрүүлж болох уу ?
- Төрийн банк нь 2022 оноос эхлэн “Дундаж давхаргын дэмжих” чиг үүрэгтэйгээр ажиллаж, өрхийн болон гарааны бизнесийн зээлийн бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, гарааны бизнес эрхлэхээр зорьж буй хүмүүст санхүүгийн боловсрол, зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан. Мөн байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан байгаль орчин, боловсрол, эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд гар бие оролцон, нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлж улмаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ эдгээр чиглэлтэй уялдуулан хөгжүүлсээр ирсэн. Эрүүл иргэн багц бүтээгдэхүүн, Миний Монгол карт, Эко карт зэрэг бүтээгдэхүүнүүд нь хамгийн тод жишээ юм.
Зөвхөн 2024 онд л гэхэд бид уламжлал болсон “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” болон Модыг мод(а) болгоё аянуудыг 4000 ажилтнуудынхаа дунд өрнүүлэн Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумдад байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав газрыг цэвэрлэж, орон даяар нийт 7000 гаруй га талбайгаас 800 тонн хог хаягдал цуглуулж 37 нэр төрлийн 5,594 ширхэг мод тарилаа. Мөн бизнес инкубатор төвөөр дамжуулан нийт 32,535 бизнес эрхлэгчдэд сургалт явуулж 9,276 харилцагчийг бойжуулсан. Санхүүч тагтаа хөтөлбөрийг хэрэгжүүлэн 216,433 оюутан сурагчдад cанхүүгийн боловсрол олгож давхардсан тоогоор 3.2 сая иргэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.
- Төрийн банкны хийж бүтээсэн зүйл ололт амжилтыг улам бататгах ирэх жилүүдийн томоохон төлөвлөгөө стратегийн тэргүүлэх чиглэлүүд нь юу байх вэ?
- Банк нь байгаль орчин, нийгэм, засаглалын удирдлагыг тууштай хэрэгжүүлэх, дэлхийн ирээдүйн тогтвортой хөгжил, инновацын чиг хандлагыг харгалзан дунд хугацаандаа Зах зээлээ тэлж, санхүүгийн үзүүлэлтүүдийг зорилтот түвшинд хүргэх, тогтвортой ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Цахим шилжилт хийж, дижитал сувгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, сувгийн удирдлагыг оновчтой зохион байгуулах, Банкны тогтвортой, тасралтгүй үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэсэн 5 тэргүүлэх чиглэлээр банкны стратеги төлөвлөгөөг төлөвлөн, хэрэгжүүлэн ажиллаж байна.
- Төрийн банк ESG зорилтуудаа хэрэгжүүлэхэд технологийн шийдлийг хэрхэн ашиглахаар төлөвлөж байна вэ?
- Банк нь ESG буюу байгаль орчин, нийгэм засаглалын зорилтуудаа хэрэгжүүлэхдээ банкны харилцагч, хөрөнгө оруулагчид, ажилтнууд зэрэг бүхий л оролцогч талуудын урт хугацааны тогтвортой үнэ цэнийг бий болгохын төлөө чиглэн ажилладаг.
Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд цахим шилжилт хийж банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг цахимжуулах, тогтвортой санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний цогц экосистемийг хөгжүүлэх стратеги зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд харилцагчид, хамтрагч байгууллагуудад цахим платформуудыг ашиглан тогтвортой санхүүжилт, байгаль орчин, нийгэм засаглалын сургалтыг тогтмол хүргэж байна.
Банк дотоод үйл ажиллагаандаа нөөцийн хэрэглээг хянаж, удирдах тогтолцоог нэвтрүүлж, технологийн шинэчлэл бүхий ERP /Enterprise resource program/ системийг үе шаттайгаар нэвтрүүлснээр цаг хугацаа хэмнэж, дотоод үйл ажиллагаанд ашиглагддаг баримт бичгүүдийг цахимжуулж, цаасны хэрэглээгээ багасгаж байна.
- Цаашид санхүүгийн салбарыг илүү тогтвортой, хүртээмжтэй ирээдүй рүү чиглүүлэхэд Төрийн банк ямар үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна вэ?
- Манай банкны хувьд Монгол улс даяар 500 салбар нэгжээр дамжуулан иргэн бүрд хүрч ажилладаг бөгөөд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор тэдгээр хөтөлбөрүүдийг дэмжин хэрэгжүүлж ирсэн. Бид энэ оноос эхлэн ногоон банк болох зорилт чиглэлээ илүү тод томруун гаргаж, хүний эрхийг дээдлэн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг түлхүү гүйцэтгэж банк, санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлж, харилцагч бүрийн хэрэгцээнд тохирсон хүртээмжтэй байдлыг хангахаар ажилласаар байна.
Үзэл бодол
Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.
Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.
Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.
Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.
Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.
Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.
Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.
Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.
Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.
Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.
Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.
Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.
Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.
Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.
Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.
Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.
Үзэл бодол
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,
Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.
Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.
Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200 төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.
Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750 ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.
Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн.
Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.
Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.
Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Үзэл бодол
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ.
Уг бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан төсөл юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ өнгөрсөн оны зургаадугаар сард батлагдсан. Тус үнэлгээнээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэх зөвлөмж гарсны дагуу 2026 оны хоёрдугаар сард Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдан барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Туулын хурдны зам нь долоон орц, гарцтай. Эмээлт болон Дарханы замаас энэ зам руу орох, гарах боломжтой. Ямар нэг гэрлэн дохио байхгүй бөгөөд олон түвшний огтлолцлоор бусад замтай холбогдоно. Эдгээр орц, гарцыг дурдъя. Мянган машины зогсоол буюу Хайрхан худалдааны төвд олон түвшний огтлолцол бий болно. Мөн Сонсголонгийн гүүр, Наадамчдын гүүр, Мишээл экспогийн хойгуур явж байгаа замаас мөн Туулын хурдны зам руу нийлэх боломжтой. Уулын замаас мөн холбогдоно. Түүнчлэн Залаатын амнаас Дүнжингаравын нүхэн гарцтай холбогдох гүүрэн байгууламж болон олон түвшний уулзвартай байх юм. Сүүлийн орц гарц нь Гачууртын уулзварын хойд хэсгээс буюу Налайхын замтай холбогдож байгаа хэсэг дээр тус хурдны замтай холбогдоно. Туулын хурдны зам нь Яармаг болон Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг хуваалцаж, түгжрэлд шууд нөлөө үзүүлнэ. Туул гол дагуу 19 км үерийн далан бий болж байгаа юм. Туулын бургасыг хядлаа гэдэг мэдээлэл гараад байгаа боловч тийм зүйл байхгүй. Хойд хэсгээрээ далан байдлаар ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын Туул голын хамгаалалтын бүс рүү орж байгаа хэсэг дээр гүүрэн байгууламж барих юм. Ингэхдээ 10 метрийн өргөнөөр өрмийн машин явах зориулалттайгаар трассыг гаргаж байна. Туул голын экосистемийг алдагдуулж, бургасыг хядахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ.

ТЭКОЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргал “Туулын хурдны замыг барихад голын дагуу өртөж байгаа модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцоолсон. Нийт 32 км автозамын трассд 43.2 га талбай өртөнө гэж тооцоолсон. Үүнээс мод, бут таарч байгаа нь 10 га юм. Хохирлын хэмжээг 805 сая төгрөг гэж гаргасан. Тус төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ, зөвлөмжийг дэлгэрэнгүй өгсөн. Байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тусгасан. Тус төсөл хэрэгжсэнээр ундны усны эрсдэл учрахгүй” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн "12 дугаар сарын 5-нд Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдсан. Энэ хүрээнд экологи эдийн засгийн үндэслэл гарсан. Нарийвчилсан үнэлгээний тайланд бидэнд нөхөн сэргээлтийн таван жилийн хугацаа өгсөн. Бид усны газартай хэд хэдэн уулзалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Олон улсын жишигт нийцүүлж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд гүйцэтгэнэ” гэв.

-
Улстөр нийгэм2025/11/07
Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдэд сургалт зохион байгуулав
-
Цаг үе2021/05/07
Санхүүгийн салбарын 2021 оны нэгдүгээр улирлын тойм мэдээллээ танилцууллаа
-
Улстөр нийгэм2021/12/23
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Улстөр нийгэм2022/04/06
УИХ-д өргөдөл, гомдол, хүсэлтээ илгээж, хуулийн төсөлд санал өгөх албан ёсны цах...
