Цаг үе
Монгол Улс Ази тивээс анх удаа Нээлттэй Засгийн түншлэлийн улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах Сорилтод нэгдлээ
Нээлттэй Засгийн түншлэл (OGP)-ийн Ази, Номхон далайн гишүүн орнуудын Бүсийн чуулган 2025 оны хоёрдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Филиппин улсад боллоо. Уг чуулганд Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан референт Б.Уянга нар оролцож Сайд нарын түвшний хэлэлцүүлэг, ярилцлага, уулзалтуудад сонгуулийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлыг танилцуулж, туршлага солилцов.
Нээлттэй Засгийн түншлэлээс 2024 оноос шинээр хэрэгжүүлж эхэлсэн Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах Сорилтод Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Азийн орнуудаас анх удаа нэгдсэн. Тус түншлэлийн хяналтын хороо Сонгуулийн ерөнхий хорооны санаачилгыг хянан үзэж, Ази тивээс Сорилтод нэгдсэн анхны улс хэмээн батлан, чуулганы үеэр гэрчилгээ олгож баяр хүргэлээ.
Ази, Номхон далайн орнуудын Бүсийн чуулганд тус бүсийн орнуудын төрийн болон иргэний нийгэм, олон улсын байгууллагын 800 гаруй төлөөлөгч оролцож ардчиллыг бэхжүүлэх, төр засгийн ил тод нээлттэй, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар хэлэлцэв. Түүнчлэн нээлттэй, ил тод засгийн түншлэл, санаачлагыг хэрэгжүүлэхэд бүс нутагт тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ Бүсийн чуулганы эхний өдөр Сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцож улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа шинэлэг ажил, зорилтыг танилцууллаа. Монгол Улсын хувьд 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн Улс төрийн намын тухай хуулийг 18 жилийн дараа бүхэлд нь шинэчлэн баталж, улс төрийн намыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, санхүүжилт үйл ажиллагаа нь ил тод, хяналттай, хариуцлагатай, Үндсэн хуульт ардчиллын чухал институт, бодлогын нам болон хөгжиж, бэхжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Сонгуулийн төв байгууллага энэхүү хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж байгааг танилцуулсан юм. Улс төрийн намын санхүүжилтийг зөвхөн мэдээлэх нь ил тод, хяналттай байдлыг бүрэн хэрэгжүүлэхэд учир дутагдалтай тул нээлттэй эх сурвалж /open data/ болгон ил тод нийтлэх нь олон нийтийн зүгээс бүрэн хяналт тавих боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо энэ чиглэлд анхаарал хандуулж, идэвхитэй ажиллаж байгаа талаар тэрбээр илтгэлдээ дурдаад Нээлттэй Засгийн түншлэлийн Сорилтод оролцож байгаа туршлагаасаа танилцуулж, оролцогчидтой санал солилцлоо. Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг хэрэгжүүлэхдээ цахим систем ашиглан санхүүжилтийн ил тод байдлыг хангах, мэдээлэх ажлыг эхлүүлсэн. Сорилтод нэгдсэнээр оролцогч талуудын үүрэг оролцоог илүү идэвхжүүлэх, олон улсын өмнө үүрэг хүлээх, оролцогч талуудын ажлын үр дүнг илүү өгөөжтэй болгох ач холбогдолтой илтгэлдээ онцоллоо.
Бүсийн чуулганы хоёр дахь өдөр зохион байгуулагдсан “Улс төр дэх мөнгөний ил тод байдлыг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ илтгэгчээр оролцож Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлох зохицуулалт болон түүнтэй холбоотой хэрэгжүүлж буй ажлуудыг танилууллаа. Нээлттэй Засгийн түншлэлийн Сорилтод оролцох санаачлага, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар болон бусад орнуудыг хэрхэн манлайлах талаарх түүний ярилцлагыг тус байгууллагын олон нийтийн цахим мэдээллийн сувгаар дамжуулсан юм.
Бүсийн чуулганы салбар уулзалтуудад Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид Нээлттэй Засгийн түншлэлийн Сорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийхээр төлөвлөж байгаа ажлуудыг донор байгууллага, олон улсын бусад байгууллагуудын төлөөлөлд танилцуулж, санал солилцов. Уулзалтад Нээлттэй Засгийн түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын Сорилт хариуцсан ажилтнуудаас гадна, Нээлттэй нийгэм форум, Транспарэнси интернэшнл, Ардчилал сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн төлөөлөгчид оролцов. Цахим систем нэвтрүүлсэн олон улсын туршлагыг хэлэлцэх, дотоодын оролцогч талуудад сургалт зохион байгуулах, болон хамтарч ажиллах донор байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох уулзалтыг эхний ажил болгон зохион байгуулахаар оролцогчид санал нэгдлээ.
Мөн донор байгууллагад санал тавих, боломжит хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг Нээлттэй Засгийн түншлэлийн төлөөлөл дэвшүүлсэнийг оролцогчид дэмжсэн. Ил тод байгаагүй ямар мэдээлэл нийтэд ил болсон талаар үнэлгээ хийж, үр дүнг харуулах нь Сорилтын чухал асуудал болохыг онцлов. Уг олон талт хэлэлцүүлгийг энэ оны гуравдугаар сарын сүүлийн хагаст Монгол Улсад зохион байгуулахаар тохиров.
Төр, засгийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах, иргэдийн оролцоог дээшлүүлэх, авлигын эсрэг тэмцэх, нээлттэй засгийн үйл ажиллагааг цахимжуулах замаар дэмжих олон улсын санаачлага нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2011 оны чуулганаар байгуулагдсан.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг олон улсын конвенци (United Nations Convention Against Corruption (UNCAC)-ийн улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хэрэгжүүлэх тухай 7.3 дахь заалтын хэрэгжилтийг идэвхжүүлэхээр Транспэрэнси интернэшнл байгууллага, Нээлттэй засгийн түншлэл хамтран санаачилж, тогтоолын төслийг боловсруулаад байгаа. Монгол Улс уг тогтоолын төслийг дэмжин батлуулах байр суурь баримталж байгаа орнуудын нэг юм.
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.

