Улстөр нийгэм
Улаанбаатар хотод орчин үеийн жишиг номын сан барих ажлыг эхлүүллээ
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн дэргэд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсын стандартад нийцсэн бүх төрлийн үйлчилгээг санал болгох жишиг номын сан барих ажлыг эхлүүллээ.
Тус номын санг ирэх оны хоёрдугаар сард ашиглалтад оруулна.
Уг төслийг БНСУ-ын Соёлын яамнаас зарласан "Хилийн чанад дахь номын сан" төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.
Тус номын сангийн барилга нь 2500 ам метр талбай бүхий дөрвөн давхар бөгөөд давхар бүртээ уншигчдын насны онцлогт тохирсон ном, соёлын үйлчилгээг үзүүлэхээс гадна, кофе шоп, зохиолчтой уулзах цаг, номын нээлт, цахим өртөө, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан тусгай булан зэрэг үйлчилгээг олон нийтэд үзүүлэх юм.

Бүтээн байгуулалтын ажлын талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Тус номын сангийн гадна барилга угсралтын ажлыг ирэх арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөж байна. Харин дотор засал чимэглэл, техник, тоног төхөөрөмжийн суурилуулалтыг ирэх оны хоёрдугаар сарын 1-нд дуусгана. Мөн төслийн хүрээнд номын сангийн ажилтнуудыг гурван үе шаттай БНСУ-д мэргэшүүлэх сургалтад хамруулж эхлээд ulбайна. Энэ нь Монгол Улсын номын сангийн үйлчилгээний түвшнийг шинэ шатанд гаргах чухал алхам болно” хэмээв.

Улаанбаатар хотын нийтийн төв номын санг 1980 онд байгуулж, 45 гаруй жилийн турш танхимын уншлагын үйлчилгээ явуулж ирсэн. Нийслэлийн таван дүүргийн салбар номын сан нь жилд 150-200 мянга орчим уншигчид үйлчилж, 500 мянга гаруй цаасан болон цахим номоор олон нийтийн соёл, боловсролын хэрэгцээг хангаж байна. Мөн 2016 оноос эхлэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай үйлчилгээ нэвтрүүлж, NVDA дэлгэц уншигч болон брайль үсгийн хэрэглээнд шилжиж, 3000 гаруй номын сан хөмрөгтэйгөөр жилд 350 гаруй тусгай хэрэгцээт иргэнд үйлчилж байгаа юм.



Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
-
Улстөр нийгэм2022/04/18
УИХ: Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан болно
-
Улстөр нийгэм2019/08/14
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна
-
Улстөр нийгэм2021/03/31
УИХ-ын байнгын болон түр хорооны хуралдаан болно
-
Шударга мэдээ2021/06/25
Хураан авсан хахуулийн мөнгө болох 639,244,450 төгрөгийг улсын орлого болгов
