Цаг үе
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах анхны мэс засал амжилттай хийлээ
Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-ийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 2022 оноос Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхээр бэлтгэж ажлаа хийснээр 2025 оны 3-р сарын 8-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Элэг шилжүүлэн суулгах" мэс заслыг амжилттай хийлээ.
Уг мэс заслыг УХТЭ-н эмч нар Солонгосын Самсунг медикал төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн профессор Ким Жонгман, түүний баг, УНТЭ болон ХСҮТ-н элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нарын зөвлөмжтэйгээр хийжээ.
Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарч дараагийн хяналтанд шилжжээ.
Мэс заслаар донорын элгийг Дурангийн мэс заслын аргаар авч шилжүүлэн суулгасан нь Монгол улсад 3 дахь тохиолдол болсноороо эрхтэнээ бэлэглэж буй эмчлүүлэгчид зовуурь бага, эдгэрэлт хурдан, хөнөөл багатай байна гэдгийг албаныхан хэлэв.
Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг УХТЭ дээр хийж эхэлснээр Монгол улсад тулгамдаж буй элэг шилжүүлэн суулгах мэс заслын хүлээгдэл багасаж, гадаад орон руу зорих урсгалыг төдий чинээгээр бууруулж, эх орондоо дэлхийн чанартай тусламж үйлчилгээг авах олон давуу талууд бүрдэж байгаа юм.
Цаашид УХТЭ-т Элэг шилжүүлэн суулгах мэс заслаас гадна ойрын ирээдүйд Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр бэлтгэж ажлаа үргэлжлүүлж байна.
Цаг үе
ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд хууль сахиулах байгууллагуудын хэмжээнд хэрэгжүүлж буй хүний эрхийн сургалт, нөлөөллийн ажлын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлуудыг тусгасан.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2025 оны 77 дугаар тогтоолын 6.3-д хууль сахиулагч бэлтгэх сургалтын тогтолцоо, хөтөлбөрийн агуулгад дүн шинжилгээ хийх, хүний эрхийн стандартад нийцүүлэн хөгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан.
Энэ арга хэмжээний хүрээнд хүний эрхийн боловсролын үзэл баримтлал, агуулга, арга зүйг төрийн цэргийн болон хууль сахиулах сургалтын байгууллагуудын сургалтын үйл явцад бүрэн хэвшүүлж, ахлагч, офицер, удирдах ажилтан бэлтгэх бүх түвшний сургалтын хөтөлбөрт тусган баталгаажуулж, тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, зөвлөн туслах зорилгоор “Аюулгүй байдлыг хангах үйлчилгээ(103)” чиглэлийн сургалтын хөтөлбөрт хүний эрхийн үнэлгээ хийж байна.

Эдгээр сургалтын хөтөлбөрүүдэд үнэлгээ хийж, сайжруулснаар батлан хамгаалах, хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага төлөвших, алба хаагчдын хүний эрхийн чадамжийг дээшлүүлэхэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.
Комиссын гишүүн Б.Энхболд, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, үнэлгээний багийн шинжээчид 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль болон Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын төвийн удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, үнэлгээний ажлын удирдамж, төлөвлөгөөг танилцууллаа.
Цаг үе
Юнайтед Эйрлайнс компанийн онгоц буух үеэрээ гэрлийн шон мөргөжээ
АНУ-ын Нью-Жерси мужид зорчигч тээврийн онгоц буух үеэрээ зам дагуух гэрлийн шонг мөргөсөн хэрэг гарчээ. Холбооны Нисэхийн захиргааны мэдээлснээр, уг хэрэг орон нутгийн цагаар 2026 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 14:00 цагийн орчимд болж, Юнайтед Эйрлайнсийн 169 дугаар нислэг Ньюарк хотын нисэх буудалд буух үедээ Нью-Жерси мужийн хурдны замын хажуугийн гэрлийн шонтой шүргэлцжээ.
Италийн Венец хотоос ниссэн тус Бойнг 767 онгоц мөргөлдсөн ч хэвийн газардаж, зорчигч болон багийн гишүүд гэмтээгүй байна.
Харин онгоц шонтой мөргөлдөх үед замаар явж байсан ачааны машины жолооч бага зэргийн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн тухай орон нутгийн албаныхан мэдээлжээ. Одоогоор онгоцонд учирсан гэмтлийг шалгаж, нислэгийн багийг түр хугацаанд үүргээс нь чөлөөлөөд байна. Мөн National Transportation Safety Board болон холбогдох байгууллагууд уг хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ.
Цаг үе
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
Нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэмэгдүүлж, ногоон байгууламж, тохижилт хийх ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замчдын байр орчимд хотын дарга болон нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид, холбогдох албаныхан ажиллалаа. Тухайн байршилд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай болгоно. Мөн барилгын хажуугийн тоосгон гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Баянгол дүүргээс энэ хэсэгт тоосгон гараашийг буулгаад эхэлжээ. Харин ашиглалтын шаардлага хангахгүй барилгын эзэмшигчтэй зах зээлийн ханшаар нь тохиролцож, газрыг чөлөөлөх хүсэлтэй байна. Олон жил болсон энэ байшин нурах дөхсөн, хогийн цэг үүссэн, хүмүүс хоног төөрүүлж, хэрэг зөрчил ч гарах болжээ. Энд шинээр байшин барих боломжгүй, барилга хоорондын зай стандартад нийцэхгүй байна. Тиймээс газрыг нийтээр нь чөлөөлөөд нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж хийе. Иргэд амарч, зугаалах талбай хэрэгтэй. Мөн ухаалаг хогийн цэгтэй болгоё. Цэвэр, эрүүл, тухтай орчныг бүрдүүлье. Энэ барилгыг Гандирс гэж компани эзэмшдэг бололтой. Эзэмшигчтэй холбогдож, саналаа хүргүүлнэ” гэлээ.
-
Улстөр нийгэм2021/09/14
Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлого хэ...
-
Урлаг спорт2019/11/11
"Увс нуур" дуу хөшөөтэй боллоо
-
Цаг үе2025/02/27
Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт өнөөдөр...
-
Үзэл бодол2020/04/22
Тойрогтоо хамгийн их, бага төсөв суулгасан гишүүд
