Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хяналтаар 590 зөрчлийг тогтоож анхааруулав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8600 гаруй иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэж, тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг хянаж томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэв.

Энэ хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсэх буюу нэр дэвшигч нь өөрийн хамаарал бүхий этгээдийг шууд захирах буюу шууд хяналт тавих нэгжид ажиллахаар нэр дэвшсэн, ажиллах байгууллага, салбар нэгжийн үйл ажиллагаа, чиг үүрэгтэй холбоотой чиглэлээр өмнө нь хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллага үүсгэн байгуулсан, удирдах бүтцэд болон эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй, мөн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй, өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт шүүхээр ял шийтгэгдэж байсан, Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг зөрчиж буй зэрэг 590 зөрчлийг тогтоож анхааруулсан байна.

Тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх тухай нийт 31 нэр дэвшигчийн талаарх дүгнэлтийг гаргаж томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэний дийлэнх хувийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, нутгийн захиргааны байгууллага эзэлж байна. Тухайлбал “Цемент шохой” ТӨХК, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК,  “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК,  Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Өвөрхангай аймгийн ИТХ, Баянхонгор аймгийн ИТХ, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллага байна.

Ялангуяа төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагад удирдах албан тушаалтныг томилохдоо сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зарлахгүйгээр тухайн албан тушаалд шууд томилох, хуульд заасан шаардлага хангаагүй нэр дэвшигчийг томилох, улмаар энэ нь тухайн албанд томилогдсон албан тушаалтнууд нь хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн албаны бүрэн эрхээ хэрэгжүүлдэг, цаашлаад авлигын гэмт хэрэгт өртөх эрсдэлийг бий болгож байна.

Авлигатай тэмцэх газраас хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн этгээдийг нийтийн албанд томилон ажиллуулж байгаа зөрчлийг арилгуулахаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад албан бичиг хүргүүллээ.

Цаашид нийтийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод болгох, удирдах албан тушаалтны авлигын эсрэг манлайлал, ёс зүйн байдлыг дээшлүүлэх, ялангуяа хууль бус зөрчил гаргаж төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, улмаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг нийтийн албанд нэр дэвшүүлэхгүй, томилохгүй байх талаар холбогдох байгууллагуудад  тодорхой үүрэг, чиглэл өгч хяналт тавин ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдав

Огноо:

,

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2025 оын дбрбвдүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, “Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, хэлэлцлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэлдээ дээрх тогтоолын агуулгын хүрээнд Засгийн газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хурлаар 2024 оны зургадугаар сарын 05-ны өдөр батлуулсан тухай онцлон дурдаж, хуульд эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, үнийг зохицуулж, хүн амд чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эм хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр нарийвчилсан зохицуулалтууд тусгагдсаныг танилцуулав. Тухайлбал, эмийн хатуу зохицуулалттай улсад бүртгэсэн эмийг түргэвчилсэн байдлаар бүртгэж, эмчилгээнд хэрэглэх, зайлшгүй шаардлагатай эмийг сонгох болон үнийн нэмэгдэх хувь хэмжээнд хязгаарлалт тогтоох, олон улсын чанарын шаардлага хангасан эмийг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагатай гадаад улсаас худалдан авах бол нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг хэрэглэх, эмийн бүртгэл, зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод болгох, эмийн болон эмнэлгийн хэрэгслийн зөвлөлийг тус тусад нь зохион байгуулах зэрэг зохицуулалтыг хуульд тусгасан байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын бүрэн эрхийг дэлгэрэнгүй тусгаж, санхүүжилт, болон хариуцан гүйцэтгэх чиг үүргийг тодорхой болгожээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас эм шинжлэх лабораторийг олон улсын стандартын дагуу бүрэн шинэчлэх хүрээнд ДЭМБ-тай хамтран Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Био аюулгүй байдлын III зэрэглэлийн лабораторийн шинэ байрны 1000 гаруй шоо дөрвөлжин метр талбайд лабораторийн модулийг угсарч эхлээд байгаа аж. Энэ ажлын гүйцэтгэгчийг олон улсын тендерээр шалгаруулсан бөгөөд шалгарсан компани манай улсад хоёр удаа ажилласны зэрэгцээ ДЭМБ-ын төв штабаас лабораторийн шинэчлэлийн ажлыг бүхэлд нь хянаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар зураг төслийг эцэслэх шатанд явж байна гэж Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдлаа. Мөн барилгын гүйцэтгэгчийг олон улсын тендерээр шалгаруулах бөгөөд ирэх тавдугаар сард зарлахаар ажиллаж байгаагаа танилцуулав. Энэ ажилд ДЭМБ-ын “Цар тахлын төсөл”-өөс 2.0 сая орчим ам.доллар зарцуулахаар шийдвэрлүүлээд байгаа юм байна.

Эм хангамжийн байгууллагуудад мөрдөх үндэсний стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлснээ сайд Т.Мөнхсайхан танилцуулж, оролцогч талуудаас саналыг авч, хэлэлцүүлж байгаа талаар дурдлаа. Өнөөдрийн байдлаар манай улсад 56 улсын 745 үйлдвэрлэгчийн 3,899 нэрийн эм бүртгэлтэй бөгөөд тэдгээрийн 80 орчим хувь нь импортынх боловч 36.3 хувь нь л ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий зохицуулалтын байгууллагатай улсад үйлдвэрлэгдсэн болохыг тэрбээр мэдээлж, хатуу зохицуулалттай улсад бүртгэгдсэн эмийг итгэлцлийн зохистой дадлын хүрээнд түргэвчилсэн журмаар бүртгэж, зах зээлд нийлүүлэх журам боловсруулж буйг өгүүлэв. Энэ талаар Швейцарийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ), Япон зэрэг улсуудын тэргүүлэх үйлдвэрлэгчидтэй үнийн хэлцэл хийж, дундын зуучлагчгүй эмийг хямд нийлүүлэх ажлыг өнгөрөгч оны есдүгээр сараас эхлэн зохион байгуулж байна. Үүний хүрээнд 2024 оны 12 дугаар сараас БНСУ-ын таван үйлдвэрлэгчийн 23 төрлийн эмийг  импортлож эхэлсний дотор 18 нэрийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 50-70 хувийн хөнгөлөлттэйгөөр буюу зах зээл дээр байгаа ижил төрлийн бусад эмээс 30-90 хувиар хямд олгож байна. Мөн хорт хавдрын эмчилгээний таван нэрийн эмийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авч Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээ, үйлчилгээнд хэрэглэж байна. Энэ сард багтаан Швейцарийн Рош үйлдвэрээс таван нэрийн бай эмчилгээний эмийг хүлээн авах хэлцлийг хийгээд байгаа ажээ.

Хуулийн хүрээнд Эмийн болон Эмнэлгийн хэрэгслийн зөвлөлийг тус бүр 15 хүний бүрээлдэхүүнтэй байгуулсан байна. Эмийн үнийг иргэдэд ил тод байлгах, үнийн өсөлтийг хянах, төрийн байгууллага хоорондын цахим мэдээллийн нэгдсэн сантай болох  тогтолцоог хуульд тусгасны дагуу Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Санхүү мэдээллийн технологийн төвтэй хамтран эмийн бүртгэлийн Лайсмед программд импортын эм, эмнэлгийн хэрэгслийг  стандарт код, цувралын дугаар тус бүрээр гаалиар орж ирсэн тоо хэмжээ, үнэ, эм хангамжийн байгууллагын борлуулсан тоо хэмжээ, бөөний үнэ, жижиглэнгийн үнэ зэрэг 40 өгөгдлөөр бүртгэх, мэдээлэл солилцох боломж бүрдсэн байна. Мөн цахим төлбөрийн баримтын системд эмийн мэдээллийг Засгийн газрын "Их өгөгдлийн (big data) сан"-д дашборд хэлбэрээр тогтмол нийлүүлэх ажил хийгдэж эхэлжээ. Цаашид тус программын хөгжүүлэлтийг үе шаттайгаар хийж, эмийн сангаас худалдан авсан эмийн болон И-баримтын цувралын дугаарыг ижил болгож, хяналтын тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Мөн Эм, эмнэлгийн хэрэгжлийн хяналт, зохицуулалтын газар, түүний зохион байгуулалт, эрх, үүргийн хэрэгжилтийг сайжруулах, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийгджээ. Тухайлбал, Бүгд Найрамдах Польш Улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны зэрэгцээ БНСУ-ын Койка байгууллагатай хамтран албан хаагчдын чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа эмийн хяналтын үүрэг чиглэлийг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын харьяаллаас гаргаж, Хүнс, эмийн агентлагийг яамныхаас өндөр статустайгаар байгуулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлэв. Учир нь харъяа агентлаг нь яамнаасаа давж хяналт хэрэгжүүлж чадахгүй, мөн осол гэмтэл, хүнсний болон эмийн хордлого сүүлийн үед ихээхэн нэмэгдэж байхад холбогдох байгууллага ажлаа хийхгүй байна гэлээ. Эмийн хяналт, зохицуулалтын байгууллага сайн төлөвшиж амжаагүй байхад хүнсний аюулгүй байдлын асуудлыг нэмж хариуцуулах боломжгүй, тийм чадавх хараахан бүрдээгүй гэж үзэж байгаагаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дурдлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ЭМЯ болон эмийн агентлагт ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг ажиллуулж байгааг яагаад засаж залруулахгүй, Улсын Их Хурлын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа талаар юуны өмнө асууж хариулт авав. Үүнд сайд Т.Мөнхсайхан хариулахдаа, эмийн салбарын чадварлаг боловсон хүчнүүд хувийн хэвшилд ажиллаж байгаа учир яам, агентлагт шилж сонгож ажиллуулдаг гээд, салбарын төрийн захиргааны төв байгууллагын боловсон хүчний асуудлыг Төрийн нарийн бичгийн дарга шийдвэрлэдэг гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн бөөний төвүүд гаалиар оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээ жижиглэнгийн үнээр бртгүүлэх, тэр үнээр эмийн сангаас иргэд QR код уншуулж худалдан авдаг байх систем чухал болохыг дурдаад, Лайсмед платформыг нэвтрүүлж байгаа явдлыг талархан тэмдэглэж, итгэлцлийн зохистой дадлын хамтын ажиллагааг олон улсын харилцааны зохих журмын дагуу хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөсөн юм. Мөн эмийн үнийн өсөлтийн талаарх сонсголыг үед илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар хэрхэн ажиллаж байгаа талаар асууж, хариулт авлаа. Тэрбээр эмийн болон хүнсний шинжилгээний лабаораториуд нэгдэж ажиллавал үйл ажиллагаа нь уялдаатай болохын зэрэгцээ зардал хэмнэнэ гэж үзэж байгаагаа хэлсэн юм.  

Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын үр дүнд засаг захиргааны анхан шатны нэгж буюу сум, багт эмийн үнийг тогтворжуулах талаар ямар үр дүн гарч байгаа болон Хүний эмийн хэрэглээн дэх техникийн шаардлагыг зохицуулах олон улсын зөвлөлийн бүртгэлийг ашиглахаа больж, зөвхөн ДЭМБ-ын зөвлөмжийг баримтлах болсноор бий болсон хүндэрлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх сургалт сурталчилгааны ажлын үр дүнгийн талаар, боловсролын байгууллага, эцэг эхчүүдтэй хэрхэн хамтран ажилласан болон хуулиар зохицуулсан зар сурталчилгаанд хориглох зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлсэн, илэрсэн зөрчил дутагдалд ямар хариуцлага тооцсон талаар асууж, Эрүүл мэндийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс тодорхой хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа эрүүл мэндийн зардлын 15-25 хувийг эм эзэлж байгааг дурдаад, энэ нь хяналтгүй, чанаргүй, нийт дүн үнэлгээ нь өсөлтгүй, хэрэглээ нь зохисгүй, борлуулалт нь ашиг хонжоо хөөсөн байдалтай байвал энэ бизнес томоохон эрсдэлтэй тулгарахыг анхааруулж, энэ салбарын зардал, санхүүжилт, санхүүгийн үзүүлэлтүүдийн чиг хандлага ямар байгаа талаар асууж хариулт авсан юм. ДЭМБ-ын жишиг үнэтэй харьцуулбал манай улсад зарим эмийн үнэ 3-4 дахин өндөр байгааг тэрбээр анхааруулаад, Эмийн зөвлөлийн гишүүдийг ямар шалгуураар томилсон, тус зөвлөл хэрхэн ажиллаж, ямар үр дүн гаргасан талаар болон эмийн салбарын хууль, эрх зүйн орчин ямар түвшинд бүрдсэнийг асууж, ярилцсан юм. Түүнчлэн тэрбээр эмийн үнийн дээд хязгаарыг тогтоох чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа, эрүүл мэндийн даатгалын мөнгөөр захиргааны зардал санхүүжүүлж байгаа эсэх, холбогдох журам, дүрмийн хэрэгжилтээс ямар бодитой үр дүн гарч байгаа зэрэг олон асуудлыг сөхөж хөндсөн юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн эмийн хяналтыг яамны эрхлэх асуудлын хүрээнээс гаргах саналтай ижил байр суурьтай байгаагаа хэлээд, хяналт сул, лабораторийн тоног төхөөрөмж хангалтгүй, үнэ буурахгүй байгааг анхааруулав. Тэрбээр эмийн үнийн өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлс, хөнгөлөлттэй эмийн хүртээмж, дотоодын эмийн үйлдвэрлэлээ дэмжих талаар явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяатай санал нэг байгаагаа илэрхийлж, эмийн чанар, стандартыг сайжруулах, хүртээмж, нөөцийг нэмэгдүүлэх шаардлага тулгамдаж буйг ярилаа. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат мөн эмнэлгүүдийн эмийн хангамж, нөөцийн асуудлыг хөндөж, нөөцийн программ хэзээ ашиглалтанд орох, чанарыг хэрхэн хангах болон иргэдийн эмийн зохистой хэрэглээг дэмжих чиглэлээр ямар ажил хийж байгаа талаар асууж, ярилцлаа.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбгдуулан үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа яам эмийн зохицуулалт, бодлого, бүртгэлээ чадан ядан авч яваа учир хяналтандаа төдийлөн анхаарч чадахгүй, эм шинжлэх лабораторийг хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторитой нэгтгэх талаар Засгийн газарт даалгасан ажил хийгдээгүй байгааг анхааруулж, эмийн хяналтын чиг үүргийг Эрүүл мэндийн сайдын харьяаллаас гаргаж, Ерөнхий сайдын, нэг бол Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахад анхаарах шаардлагатай байгааг дахин дурдав. Мөн тэрбээр осол гэмдэл, эмийн болон хүнсний хорлогын үр дагавар үлэмж хэмжээгээр нэмэгдэж байхад холбогдох байгууллагууд юу ч хийхгүй байгаа нь эс үйлдэхүй гэдгийг онцолж, энэ бол аль нэг яамны биш Засгийн газрын түвшинд авч хэлэлцэх асуудал гэдгийг санууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Улсын Их Хурлаас гарч буй тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг Т.Мөнхсайхан сайдад анхааруулаад, парламентын шийдвэрийг буруу гэж үзэж байна гэсэн байр суурь илэрхийлээд сууж байх нь зохимжгүй гэлээ. Тэрбээр үрэлгэн тогтолцоотой лабораториудыг нэгтгэж, үр дүнтэй ажиллуулах, өндөр хөгжилтэй орны холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар эмийн үнийг бууруулах, хувийн хэвшлийг боомилохгүйгээр чанартай эмийг боломжийн үнээр оруулж ирэх нөхцлийг бүрдүүлэх, монополыг халах зэрэгт анхаарч ажиллахыг сануулаад, Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолын биелэлт хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, дахин тогтоол гаргаж Засгийн газарт үүрэг, даалгавар өгөх саналтай байгаагаа тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар эм эмнэлгийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн системтэй болох, худалдаа, зах зээлийг зохицуулах ажлыг эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах, Эмийн зөвлөлд ашиг сонирхлын зөрчлийг бага байлгах талаар үр дүн гаргаж ажиллах, олон улсын эмийн чанарын стандартуудыг хослуулан хэрэглэх шаардлагатайг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун осол гэмтэл, хордлогоос урьдчилан сэргийлэх, эмтэй төстэй бэлдмэлийн хэрэглээг зохицуулах, нийгмийн эрүүл мэндийн нэгдсэн бодлого төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарал хандуулах нв зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа эмийн хангамж, хэрэглээ, үнэ, борлуулалт, хяналтын асуудлыг эрүүл мэндийн тогтолцооноос салгаж ойлгож болохгүй тул Улсын Их Хурлын тогтоолын мөрөөр авч буй Засгийн газрын үйл ажиллагаа салбарын бодлого, тогтолцоонд ямар эерэг үр дүн авчирч байна вэ гэдэгт үнэлгээ дүгнэлт хийх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хүн амын эрүүл мэнд хэрхэн сайжирсан, эрүүл мэндэд зарж байгаа, хөрөнгө нь үр ашигтай байсан эсэх, тоо хэмжээ нь нэмэгдсэн эсэх зэрэг суурь үзүүлэлтийг гаргаж, зах зээлийн бодит мэдээллээр хэрэглэгчдийг хангах шаардлагатай гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен улсын хэмжээнд эмийн нөөцийг бэхжүүлэх, хүртээмжийг сум, баг руу тэлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хяналтыг сайжруулж, зөрчил дутагдалд тооцох хариуцлагыг чангатгах, лабораториудыг бэхжүүлэх зэрэгт анхаарахгүй бол болохгүй нь ээ гэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан ч мөн дээрх асуудлуудыг хөндөж, эмийн чанарт онцгой анхаарах цаг болсныг анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат салбар зөвлөлүүдийн томилгоотой холбоотой асуудлыг чанаржуулж, ил тод, шударга болгоход анхаарах, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах чиглэлээр холбогдох дүрэм, журмыг шинэчлэх, лабораторийн шинжилгээ, хяналтын механизмыг сайжруулах, хүний нөөцийг бэхжүүлэх болон нийгмийн сүлжээгээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн сурталчлах явдлыг хязгаарлах зэрэгт анхаарал хандуулахыг зөвлөв.

Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Л.Энхнасан Улсын Их Хурлын гишүүдын асуулт, анхаарал хандуулж буй асуудлуудад илүү тодорхой, нэмэлт мэдээлэл өгөхийг Эрүүл мэндийн сайдаас хүсээд, цаашид эмийн бодлого, төлөвлөгөө, тэдгээрийн үр дүнг Нийгмийн бодлогын байнгын хороонд тогтмол танилцуулц ажиллах шаардлагатайг дурдав. Ялангуяа нийгмийн эрүүл мэндийн нэгдсэн төлөвлөгөө, бодлого орхигдож байгааг тэрбээр онцгойлон сануулаад, энэ асуудал болон эмийн салбарын хөгжлийн хэтийн чиг хандлагын талаар Байнгын хорооны дараагийн хуралдаанд танилцуулахыг даалгаж, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулж ажиллуулах болно гэлээ. Мөн гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд гарч буй эерэг үр дүнгүүдийг бэхжүүлэх, ойлголт мэдээллийг нэгтгэх шаардлага байгааг тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ХЗБХ: Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Огноо:

,

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.22) хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Улсын Их Хурлын холбогдох шийдвэр болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 1994 онд батлагдсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлжээ.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан, Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх нийт 6 илтгэлд тусгасан мэдээлэл, дүгнэлт, зөвлөмж, хуулийн хэрэгжилтийн талаар “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагаас гаргасан тайлан, дүгнэлт, зөвлөмж, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос 2021 оны зохион байгуулсан Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт тусгагдсан зарим асуудалд үндэслэн хуулийн төслийн нэрийг Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хэмээн өөрчилжээ. Үргэлжлүүлэн О.Алтангэрэл сайд төсөл дэх онцлог зохицуулалтуудыг танилцууллаа.

 

Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулиар “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэснийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага санаачлах, зохион байгуулах, оролцох эрхтэй байхаар өргөжүүлж байгаа юм байна.

Хүчин төгөлдөр хуульд жагсаал, цуглаан зохион байгуулах, санаачлах асуудал нь тодорхой  хүрээ хязгаартай, тухайлбал улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар гэж тусгайлан заасныг өөрчилж, ямар ч асуудлаар жагсаал, цуглаан хийж болох зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Жагсаал, цуглааны төрөл, хэлбэр болох аяндаа бий болсон, зэрэгцсэн, эсрэг жагсаал, цуглааныг хүлээн зөвшөөрөх тэдгээрийн аюулгүй байдлыг хангах, хэв журам хамгаалахтай холбоотой зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Бүртгүүлэх нэртэй боловч зөвшөөрөл авдаг тогтолцоог халж, зөвхөн авто замын зорчих хэсэгт зохион байгуулах бол урьдчилан мэдэгдэж, хариу авсны үндсэн дээр, хуулиар хориглосноос бусад газар зөвхөн мэдэгдэл хүргүүлснээр зохион байгуулдаг болохоор төсөлд тусгасан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулав.

 

Мэдэгдэл хүлээн авах, хариу өгөх, хууль бус жагсаал, цуглааныг албадан тараах эрх бүхий этгээд нь Засаг дарга буюу улс төрийн албан тушаалтан байгааг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Тодруулбал, мэдэгдэл хүлээн авах этгээд нь цагдаагийн байгууллага байх бол албадан тараах эрх бүхий этгээдээр цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн, тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга шийдвэр гаргадаг болгох нь зүйтэй хэмээн үзсэн гэв.

Хориглолт, хязгаарлалтыг тодорхой болгохоор төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Нийтийн хэв журмыг хангах, үндэсний аюулгүй байдал, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах шаардлагаар зөвхөн хуулиар хориглолт, хязгаарлалтыг тавихыг зөвшөөрөх юм байна. Жагсаал, цуглаан хийх эрхийг хориглосон, хязгаарласан захиргааны акт баталж, мөрдүүлэхийг хориглохоор төсөлд тусгажээ.

Зөвхөн хуульд заасан үндэслэлээр албадан тараах, ингэхдээ тус ажиллагааг баримтжуулах, урьдчилан сануулах, оролцогчдын хувийн байдалд тохирсон арга хэмжээ авах, аль болох хамгийн бага хүч хэрэглэх аргыг сонгох, тус ажиллагааг хэрэгжүүлсэн талаар олон нийтэд мэдээлэл өгдөг байх харилцааг хуульчлах нь зүйтэй хэмээн үзснийг илтгэлдээ дурдсан.

 

Түүнчлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн зарим зохицуулалтыг хэвээр үлдээх нь зүйтэй хэмээн үзсэн гэв. Тухайлбал, онц байдал, дайны байдал зарласан, гамшиг осол тохиолдсон хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох, энэ хууль болон бусад хуулиар хориглох тодорхой байршлууд, зохион байгуулагч болон оролцогчийн үүрэг, мэдэгдэл хүргүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хууль үйлчлэх, мөн хууль бус жагсаал цуглаан, албадан тараах үндэслэл зэргийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзжээ. Мөн шөнийн цагаар жагсаал, цуглаах хийхийг хориглох агуулгыг нэмсэн байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Иргэний болон улс  төрийн эрхийн тухай олон улсын Пактад заасан иргэдийн тайван хуран цуглах эрх бүрэн хангагдаж, зөвхөн хуульд заасан үндэслэлээр энэхүү эрхийг хязгаарлах зохицуулалт баталгаажих юм байна. Мөн жагсаал, цуглааны хэлбэрүүдийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн орчин бүрдэх аж. Жагсаал, цуглааны хориглолт, хязгаарлалтын хүрээ хязгаар тодорхой болохын зэрэгцээ хуульд зааснаас бусдаар, захиргааны хэм хэмжээний актаар хязгаарлах боломжгүй болно хэмээн сайд танилцуулав.

Жагсаал, цуглаан зохион байгуулахад бүртгүүлэх үүрэгтэй, эрх бүхий байгууллага бүртгэсэн тохиолдолд жагсаал, цуглаан хийх эрхтэй болох зохицуулалт үйлчилж байгаа байдал хязгаарлагдаж, зөвхөн онцгой нөхцөл байдал, зайлшгүй хориглох цөөн тохиолдлоос бусад тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэл хүргүүлснээр жагсаал, цуглаан зохион байгуулах боломж бүрдэж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулав. Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журмыг сахиулахдаа хүний эрхийн зөрчил гаргахгүй байх, хууль ёсны тайван жагсаал, цуглаанд жагсагч болон цагдаа хамтран ажиллах, хоорондоо идэвхтэй харилцаатай байх, мэдээлэл солилцох, зөвлөн туслах нөхцөл бүрдэх юм байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дайны байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.5 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг үндэслэн гаргасан хууль зүйн дүгнэлтийг хуралдаанд танилцуулсны дараа Байнгын хорооны гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, О.Алтангэрэл сайд болон ажлын хэсгээс тайлбар, мэдээлэл, хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, төслөөр нэрийг нь өөрчилж байгаа нь оновчтой хэмээн үзэж буйгаа илэрхийлээд хэлэлцүүлгийн явцад төсөл дэх зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэдэг байр суурь илэрхийлсэн. Жагсаал, цуглааныг албадан тараах эрхийг Засаг даргын Тамгын газрын даргад шилжүүлж байгаа шалтгааны талаарх Х.Баасанжаргал гишүүний асуултад “Одоо мөрдөгдөж буй хуулиар Засаг дарга жагсаал, цуглааныг албадан тараах шийдвэрийг гаргах зохицуулалттай. Гэхдээ Засаг дарга нь эрх баригч улс төрийн хүчнээс томилогдсон улс төрийн албан тушаалтан байдаг. Тамгын газрын дарга нь тухайн шатны үйл ажиллагааг хамгийн сайн мэдэх, улс төрийн албан тушаалтантай ойр байдаг, төрийн жинхэнэ албан тушаалтан юм. Иймээс улс төрөөс хамааралгүй, гаргасан шийдвэртээ бүрэн хариуцлага хүлээх албан тушаалтан гэж үзсэн” гэдэг хариултыг салбарын сайд өгсөн. “Хууль бус жагсаал, цуглаан” гэдэг нэр томьёоны талаарх асуултад нь дараах хариултыг өгсөн. Төслийн 4.1.4-т “хууль бус жагсаал, цуглаан” гэж энэ хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж зохион байгуулагдаж байгаа, эсхүл хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, эд хөрөнгөд эрсдэл учруулахуйц, хүч хэрэглэсэн байдлаар зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааныг ойлгоно хэмээн тусгасан. Өөрөөр хэлбэл, хориглосон газар, хориглосон цаг хугацаа, хориглосон агуулгаар жагсаал, цуглаан хийсэн тохиолдолд албадан тараахтай холбоотой зохицуулалт хэрэгжихээр төсөлд тусгасан гэв.

Жагсаал, цуглааны бүртгэлтэй холбоотой төсөл дэх зохицуулалтын талаар Ц.Сандаг-Очир гишүүн лавласан. Мөн мэдэгдэл өгсөн этгээд нь тухай жагсаал, цуглааныг зохион байгуулагч гэж ойлгож болох эсэх түүний асуултад “Төслийн 8 дугаар зүйлд жагсаал, цуглаан зохион байгуулах, мэдэгдэх үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг тусгасан. Аливаа жагсаал, цуглааныг зохион байгуулахдаа 48 цагаас доошгүй хугацааны өмнө нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бичгээр, эсхүл цахимаар  жагсаал, цуглааны зорилго; эхлэх, дуусах хугацаа; оролцогчдын тоо; хэрэглэх эд зүйл; цуглах, жагсан явах гудамж, чиглэл, байршил; зохион байгуулагчийн нэр, хаяг, харилцах утасны дугаар бүхий мэдэгдлийг хүргүүлнэ. Хариу өгсөн эсэхээс үл шалтгаалан жагсаал, цуглаанаа хийх эрхтэй болж байгаа юм. Жагсаал, цуглааны талаарх мэдэгдлийг хүргүүлсэн этгээдийг зохион байгуулагч гэж тооцно хэмээн төсөлд тусгасан” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуллаа. Түүнчлэн цагдаагийн үйл ажиллагаанд тулгардаг бэрхшээл, тодорхойгүй байдлыг шийдвэрлэх зохицуулалтуудыг төсөлд тусгаснаа тэрбээр тайлбарласан. Аливаа жагсаал, цуглаан нь явцдаа өөрчлөгдөөд дайныг сурталчлах, салан тусгаарлах, ялгаварлан гадуурхах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах; үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох тохиолдолд албадан тараах нь зүйтэй хэмээн үзсэн гэв. Ийм тохиолдолд тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга албадан тараах саналаа нийслэлийн нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, сумын нутаг дэвсгэр бол сумын Засаг даргын Тамгын газарт,  хоёр ба түүнээс дээш сумын нутаг дэвсгэр дамнасан тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхэд тухайн Тамгын газрын дарга шийдвэр гаргах юм байна.

“Аяндаа бий болсон жагсаал” гэдэг нэр томьёоны талаарх тодруулгад "Төслийн 4.1.7-д “аяндаа үүссэн жагсаал, цуглаан” гэж хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага тодорхой үйл явдалд хариу үзүүлэх зорилгоор тухайн үйл явдал болсон даруй хуран цуглаж үзэл бодлоо илэрхийлж байгаа үйл ажиллагааг ойлгоно” гэсэн хариултыг ажлын хэсгээс өгөв.

Жагсаал, цуглааны явцад хохирсон иргэн, алба хаагчийн асуудлыг хэрхэн зохицуулах тухай асуусан гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулахдаа тохиолдол бүр холбогдох хуулиараа буюу амь нас, эрүүл мэндээрээ хохирсон, бусдад энэ төрлийн хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар, бусдын эрх, эрх чөлөөнд халдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх болно гэлээ.

Жагсаал, цуглааны зорилгыг өөрчлөх үйл явц болон төлбөртэй жагсаал, цуглааны талаарх зохицуулалтын талаар О.Номинчимэг гишүүн, жагсаал, цуглаан зохион байгуулагчдыг хуульчилсан БНСУ-ын туршлагыг судалж, нэвтрүүлэх боломжийн талаар Б.Энхбаяр гишүүн, Хүний эрхийн олон улсын индексийг тодорхойлох үзүүлэлтэд Монгол Улс дахь жагсаал, цуглааны нөхцөл, холбогдох эрхийн хэрэгжилт нь нөлөөлж буй эсэхэд дүн шинжилгээ хийх шаардлагын талаар С.Эрдэнэболд гишүүн, одоо хэрэгжиж буй хуульд огт байхгүй хориглох, хязгаарлах зохицуулалтуудыг төсөлд тусгаж байгаа нь ямар үр дагавартай талаар Д.Цогтбаатар гишүүн тус тус тодруулж, сайд болон ажлын хэсгээс хариулт авсан. Дараа нь гишүүд хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжиж буй эсэхээ хэлж, байр сууриа илэрхийллээ.

Байнгын хорооны хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 12 гишүүний 75 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дайны байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулахад өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох