Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Байнгын хороодын дарга нар Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

Огноо:

,

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар нар 2025 оны тавдугаар сарын 12-ны өдөр  Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Хүний хөгжлийн асуудал эрхэлсэн захирал, ноён Алберто Родригэс Пинзон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Монгол Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүн болон Байнгын хороодын эрхлэх асуудал, чиг үүргийн талаар товч танилцуулаад, эрүүл мэндийн болон нийгмийн бусад салбарт Дэлхийн банктай явуулж буй хамтын ажиллагаанд талархаж явдгаа дурдсан юм. Тэрбээр эмнэлгийн яаралтай тусламжийн чадавхыг сайжруулах зорилгоор тус банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаатай танилцаж, сайн туршлагыг нутагшуулж байгаад баяртай байгаагаа онцлоод, төслийг цаашид хөдөөгийн түргэн тусламжийг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэх хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам өмнөх парламентаар батлагдсан боловсролын багц хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарал хандуулж байгаагаа өгүүлээд, Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлан, бодлого, хөтөлбөрөө боловсруулж буйтай холбогдуулан хөдөөгийн болон алслагдсан нутаг, хил орчмын бүсэд бага сургуулиудыг шинээр байгуулах ажлыг төлөвлөж, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран эхний туршилтын төслийг хэрэгжүүлж байгаагаа танилцуулсан юм. Мөн тэрбээр бага, дунд, ахлах сургуулийг тус тусад нь хөгжүүлэх бодлого баримталж, сургалтын чанарыг сайжруулах, үүний хүрээнд англи хэлний сургалтад Pearson хөтөлбөр нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, сумдын сургуулийн орчныг сайжруулж, орчин үеийн боловсон 00-той болгох ажил дуусах шатандаа орсныг ярилаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар Монгол Улс нийгмийн даатгалын тогтолцоогоо шинэчлэхэд Дэлхийн банк тусалж хамтран ажилласныг тэмдэглээд, тогтолцооны үндсэн үзүүлэлтүүд буюу нийгмийн даатгалын үйлчилгээнд баримтлах суурь нөхцөлүүдийг шинэчлэх зэрэг зарим асуудлыг гүйцээн шийдвэрлэх шаардлага тулгамдаж байгааг дурдсан юм. Мөн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй, удахгүй боловсролын салбарт мөнхүү нэвтрүүлэх гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох талаар хамтран ажиллах хүсэв. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн дагуу эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалтад түлхүү анхаарал хандуулж байгааг танилцуулан, Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороод Засгийн газрын бодлого, чиглэлийг дэмжиж ажиллахын хамт хүний хөгжил, нийгмийн асуудлыг орхигдуулахгүйг эрмэлзэж байна гэв.
Ноён Алберто Родригэс Пинзон аливаа улс эрчимтэй хөгжиж, өндөр орлоготой орнуудын тоонд орохын тулд хүндээ хөрөнгө оруулах нь чухал гэдгийг онцолж, олон улсын санхүүгийн эх үүсвэрийг нийгмийн салбаруудад ашиглах талаар Засгийн газартай хамтран ажиллахад Байнгын хороодод туслахаа илэрхийлэв. Ялангуяа ирэх оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хүүхэд багачууд эх орныхоо аль хэсэгт, төв суурин газраас хэр алс, ойр амьдарч байгаагаасаа үл хамааран боловсрол олох тэгш боломжоор хангагдах нөхцөлийг бүрдүүлэх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа дурдлаа.
Уулзалтад Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли, тус банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн боловсролын менежер Кристиан Аэдо, Монгол, Хятад, Өмнөд Солонгосыг хариуцсан хүний хөгжлийн хөтөлбөрийн удирдагч Мариа Ана Луго болон эрүүл мэнд, боловсролын мэргэжилтнүүд байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Огноо:

,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.







Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.







Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.





Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох