Цаг үе
Өнөр хорооллын ус тогтдог хэсгүүдэд инженерийн иж бүрэн шугам угсарч, авто зам тавина
НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Өнөр хорооллын арын 2.7 км авто зам, Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ. Өнөр хорооллын арын замд борооны ус ихээр тогтдог учраас газар доогуур иж бүрэн ус зайлуулах шугам хоолой тавих бөгөөд өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил үргэлжилж байна.


Энэ талаар "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн зохицуулагч Х.Булгаагаас тодрууллаа. Тэрбээр "Эдгээр замын зураг төслийг Финланд улсын Финнок компани Монгол Улсад анх удаа жишиг байдлаар гаргаж боловсруулсан. Өнөр хороолол, Баянхошуу орчмын тухайн бүс нь сургууль, цэцэрлэг олонтой суурьшлын бүс. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх төрлийн оролцогчийн аюулгүй байдлыг хангасан цогц, гудамж замын жишиг байдлаар бүтээн байгуулалтыг хийх юм. Өөрөөр хэлбэл, замын ердийн шинэчлэлээс илүү нийтийн тээвэр, явган зам, унадаг дугуйн зам, ногоон байгууламжийг авто замтай нь иж бүрэн шинэчлэх онцлогтой” гэдгийг хэлэв.

Мөн явган хүний гүүрэн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч бүхий гарц зэрэг нэмэлт тоноглолуудыг хийнэ. Дээрх замуудад ус ихээр тогтдог хэсгүүд байгаа учраас иж бүрэн ус зайлуулах системийг ч шийднэ. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг хангахаар төлөвлөжээ. Өнөр хорооллын арын зам, Геологийн төв лабораториос Баянхошуу, Баруунсалааны салдаг уулзвар хүртэлх уг авто замуудыг Монгол Улсдаа жишиг байдлаар шинэчилснээр түгжрэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх юм.

Цаг үе
Улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай
2025 оны байдлаар Монгол Улсын улсын чанартай хатуу хучилттай авто замын сүлжээний дийлэнх хэсэг нь ашиглалтын хугацаа өндөр болсон үзүүлэлттэй байна. Замын сүлжээний насжилтын судалгаанаас үзвэл нийт 4,038.5 км буюу 56 хувь нь 13-аас дээш жилийн, 2,813.6 км буюу 39 хувь нь 6-12 жилийн, харин 1,104.7 км буюу 15 хувь нь 1-5 жилийн насжилттай авто зам эзэлж байна.
Өөрөөр хэлбэл, улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь ашиглалтын хугацаа урт болсон бөгөөд их засвар, шинэчлэлийн хэрэгцээ нэмэгдэж байгааг энэхүү судалгаа харуулж байна.
Харин сүүлийн жилүүдэд ашиглалтад орсон буюу 1-5 жилийн насжилттай авто замууд нь Улаанбаатар-Дархан-Сүхбаатар, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад, Өндөрхаан чиглэл зэрэг улсын голлох коридорууд болон зарим аймгийн төвүүдийг холбосон чиглэлүүдэд төвлөрчээ.
Авто замын насжилтыг тогтмол үнэлж, их засвар, ээлжит засвар арчлалтын ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ашиглалтын хугацааг уртасгах, төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөхөд чухал ач холбогдолтойг албаныхан хэлж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Цаг үе
Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авах боломжтой
Энэ сарын 04-ний өдрөөс эхлэн эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж байна. Тус зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой.
Өнөөдөр таны автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол шатахуун авах боломжтой юм.
Сануулахад:
- 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд,
- 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.
Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.

Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар халах тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны наймдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 27-29 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 07-ноос
2026 оны наймдугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Наймдугаар сарын 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, 10-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж, Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Алтайн өвөр говь орчмоор 23-28 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 35-40 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна. 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-наас ихэнх нутгаар сэрүүснэ.
