Улстөр нийгэм
“Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:
“ХАЛЗАН БҮРЭГТЭЙН” ОРД ГАЗРЫН АШИГЛАЛТ, БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ
СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ, ЭРСДЭЛИЙГ НАРИЙВЧЛАН СУДЛАХ
Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ:
- Сонсголд оролцох болон сонсголтой холбогдуулан санал, тайлбар, мэдээлэл гаргах иргэн, хуулийн этгээд нь хүсэлт, санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотор бичгээр ирүүлэх боломжтой. Иргэн хүсэлтдээ өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Хүсэлтийг цахим шуудангаар ирүүлж болно.
Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах:
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар
Лавлах утас: 51-261240
Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулна.
Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.
Улстөр нийгэм
ТБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.
Тэрбээр 2026 оны төсвийн төслийг “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-тэй уялдуулан боловсруулсныг онцлоод төсвийн төсөлд туссан онцлох арга хэмжээг танилцуулав. Тухайлбал, төсвийн урсгал зардал нь өмнөх оноос 585.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд хууль, тогтоомжид заасны дагуу тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулж нэмэхэд 378.0 тэрбум төгрөг, хүүхэд, ахмад настны тооны өсөлтөөс шалтгаалсан халамжийн зардалд 45.3 тэрбум төгрөг, сурагчийн тооны өсөлттэй холбоотой боловсролын салбарын зардалд 81.2 тэрбум төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын төсвөөс хариуцах эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон тусламж, үйлчилгээний зардалд 79.0 тэрбум төгрөг зэрэг зайлшгүй нэмэгдэх зардлууд нөлөөлсөн гэж байлаа.
Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хуульд заасны дагуу 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдээс санал авч, сум, дүүрэг, аймаг, нийслэл, салбар яамны түвшинд үе шаттайгаар төлөвлөсөн. “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем”-ээр нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1712 төслийн санал хүлээн авснаас холбогдох шалгуур үзүүлэлт, зарчим, бодлогыг харгалзан эрэмбэлж, 579 төсөл, арга хэмжээнд 3 их наяд 267.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан гэв.
Засгийн газрын өрийн хувьд Улсын Их Хурлаас 2025 оны тавдугаар сарын 30-ны өдөр баталсан Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийн зорилт, арга хэмжээг мөрдөн ажиллах бөгөөд 2026 онд Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх, нэг тэрбум ам.доллар хүртэлх Засгийн газрын өрийн баталгаа гаргах, аймаг, нийслэлийн үнэт цаасыг зохистой хэмжээнд арилжаалах, дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжиж, суурь хүүг тогтоох зорилгоор 562 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргах, дахин санхүүжүүлэх зорилгоор нэг тэрбум ам.доллар хүртэл гадаад үнэт цаас арилжаалахаар төсвийн төсөлд тусгасан байна.
Үндэсний баялгийн сангийн хувьд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын 4.6-д заасан зорилтыг хангах хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Газрын хэвлий дэх байгалийн баялгийг ирээдүй хойч үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх зорилгоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Ирээдүйн өв санд хуримтлал бүрдүүлж ирсэн бөгөөд түүхэндээ анх удаа хөрөнгө оруулалтын өгөөжөөр тус сангийн хөрөнгийг арвижуулаад байна. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын хуримтлал 5,509.5 тэрбум төгрөгт хүрээд байгаа бол ирэх онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос 2 их наяд 186.9 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд, уул уурхайн салбарын төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн 34 хүртэлх хувьд ногдох ногдол ашгийн орлогоос 372.9 тэрбум төгрөгийн орлогыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн төсөлд тусгаад байгааг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулгадаа онцолсон.
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь зарлага 29.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2.0 их наяд төгрөгийн ашигтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 2.0 хувь байж, төсвийн тусгай шаардлагуудыг бүрэн хангахаар байна гэж байлаа.
Хуулийн төсөл болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар эмч, эмнэлгийн байгууллагууд ажил хаяхаар болсноо эхнээсээ мэдэгдэж буйг дурдаад төсвийн төсөлд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ирэх жилийн төсөв иргэд рүү чиглэсэн ажлын байр бий болгох, бизнесийг дэмжих, хувийн хэвшилд бизнесийн орон зай гаргаж өгөх чиглэлд ямар асуудал тусгагдсан, төрийн албан хаагчдын нэг удаагийн тэтгэмжийг он дамнуулан олгоно гэсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулж, хариулт авсан.
Сангийн сайд Б.Жавхлан, 2026 оны төсвийг өргөн барьсан төслөөсөө нэг төгрөг ч хасах боломжгүй. Өргөн барьсан төсөл нь 2026 оны жилийн төлөвлөгөөг биелүүлэхэд зориулсан төсвийн орлого, зардал байдаг. Өөрөөр хэлбэл, хөгжлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж байж төсвийн зардал хөдөлнө. Төсөв өргөн барьснаас хойш цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлыг Улсын Их Хурлаар ярьж байна. Хий хоосон зардал гэж байхгүй. Гагцхүү төсвийн ерөнхийлөн захирагч бүр 2026 онд хүрэх төлөвлөгөөнөөсөө 10 хувиар хойшоо ухарч байж, цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлүүд гарч ирж байгаа хэмээн хариулж байлаа.
Дараа нь хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягаар ахлуулан есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсныг дурдлаа.
Ажлын хэсэг 2025 оны аравдугаар сарын 29,30,31, арваннэгдүгээр сарын 4,5-ны өдрүүдэд нийт таван удаа хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөлд тооцоолол хийж ажиллан, асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэж, тодорхой саналуудыг бэлтгэсэн гэв. Тухайлбал, зардал бууруулах чиглэлээр төсвийн төсөлд тусгагдсан урсгал зардалд дүн шинжилгээ хийж, үүнд үндэслэн нийслэл, орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 6.0 хувиар, бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 12.8 хувиар бууруулах, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарим урсгал зардлыг 2025 оны түвшинд барих, тэвчиж болох зарим зардлуудыг хойшлуулах, хөрөнгө оруулалтын төслүүдийн хувьд улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэйгөө уялдаагүй зарим төслүүдийг хасах, 2027 он болон дараа онууд руу шилжих төслүүдийн санхүүжилтийг тодорхой хувиар бууруулах, зарим салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулах, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын барилга, байгууламжийн санхүүжилтийг бууруулах зэрэг зарчмыг баримталсан гэж байлаа.
Харин зардал нэмэгдүүлэх чиглэлээр урсгал зардлын гүйцэтгэлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн байгууллагад ажиллагсдын цалин, төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын ажилчдын цалин болон өндөр насны тэтгэвэр, халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр санал оруулж байна. Түүнчлэн ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагаас албан бичгээр ирүүлсэн санал тус бүрийг судалж, хуралдаанаар хэлэлцсэнийг онцолсон.
Ингээд Төсвийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Улсын Их Хурлын гишүүдээс Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлтэй холбогдуулан ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа. Тодруулбал, Ажлын хэсгээс төсвийн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан урсгал болон хөрөнгө оруулалтын зардалд зохицуулалт хийсэн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.
Мөн төсвийн тэнцэлд нөлөөлөхгүй зохицуулалтын саналууд болон төсвийн захирагч хооронд шилжүүлэх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр өөрчлөхтэй холбоотой Ажлын хэсгээс гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг “Монос хүнс” ХК-д хүрэлцэн ирэхэд ТУЗ-ийн гишүүн Л.Хүрэлбаатар, Х.Солонго, гүйцэтгэх захирал А.Отгондарь нар угтан авч, үйл ажиллагаа болон “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хийсэн бүтээн байгуулалт зэргээ танилцууллаа.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, ажлын байр бий болгох зэрэг боломж олгож байгаад компанийн удирдлагууд талархал илэрхийллээ.
Тус компани 2012 оноос хойш эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
2019 онд IPO хийж, “Монос групп”-ийн анхны хувьцаат компани болсон бөгөөд “MFC 1.0”, “MFC 2.0” гэсэн томоохон төсөл хэрэгжүүлээд байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл авсан.
Ингэснээр дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж хүнсний агуулахаа өргөтгөхийн зэрэгцээ нийслэлийн зүүн бүсэд шинэ агуулахын бүтээн байгуулалтыг эхлүүлж, хүүхдэд зориулсан жимсний нухашны тоног төхөөрөмжөө шинэчилжээ.
Үүний үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадал гурав дахин нэмэгдэж, үйлдвэрлэлийн биет хэмжээ 96 хувь, борлуулалтын орлого 2022 онтой харьцуулбал 68 хувиар буюу 19 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Мөн онтой харьцуулахад ажилчдын цалин 50 хувь, ажлын байр 20 хувиар нэмэгджээ.
“Экос” брэнд бүтээгдэхүүний хуванцар савлагааны жинг 30 хувь бууруулснаар жилд 172 тн хуванцар хэрэглэхгүй болсон байна.
“Монос хүнс” ХК 72 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, 280 гаруй ажилтан, 16,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй, салбартаа тэргүүлэгч компани юм.
Тус компани мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1,000 мод бүхий “MFC төгөл” байгуулж, компанийн эзэмшлийн талбайд 700 гаруй мод тарьж, ургуулж байна.
Хүүхдэд ээлтэй, сэтгэлзүйн дэмжлэгтэй эмчилгээний орчин бүрдүүлэхээр 2022 оноос Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн “Тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан эмчилгээний өрөө”-г бүрэн засварлан тохижуулж, хүлээлгэн өгсөн.
Ингэснээр жил бүр 2,000–13,000 гаруй хүүхэд, тэдний асран хамгаалагч эмчилгээний өмнө болон дараах хугацаанд тав тухтай орчинд байх боломж бүрджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-д нэгдэн үйлдвэрлэлээ өргөтгөж, олон мянган ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад байна.
Мөн энэ хөдөлгөөн болон “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлжээ.
“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий болоод байна.

Улстөр нийгэм
"Ган үзэг 2025" оны тэргүүн наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг Хэвлэл мэдээллийн салбарын “ГАН ҮЗЭГ-2025” оны тэргүүн наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ. Дараах номинацийн дагуу нэр дэвшүүлэлтийг зохион байгуулж, шилдгийг шалгаруулна.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ
1- Орон нутгийн шилдэг сэтгүүлч
2- Радиогийн шилдэг сэтгүүлч
3- Cайтын шилдэг сэтгүүлч
4- Сонины шилдэг сэтгүүлч
5- Телевизийн шилдэг сэтгүүлч
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ РЕДАКТОР
1- Сонины шилдэг редактор
2- Телевизийн шилдэг редактор
3- Радиогийн шилдэг редактор
4- Сайтын шилдэг редактор
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ
1- Орон нутгийн хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл
2- Радиогийн шилдэг бүтээл
3- Гэрэл зургийн шилдэг бүтээл
4- Сайтын шилдэг бүтээл
5- Сэтгүүлийн шилдэг бүтээл
6- Сонины шилдэг бүтээл
7- Телевизийн шилдэг бүтээл
8- Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг судалгааны бүтээл
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА
1- Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага
2- Шилдэг радио
3- Шилдэг сайт
4- Шилдэг сонин
5- Шилдэг телевиз
Хэвлэл мэдээллийн байгууллага, редакц, чөлөөт уран бүтээлч нь нэр дэвшүүлэлтийн материалаа 2025 оны 11 дүгээр сарын 06 өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 05 өдрийн 18:00 цаг хүртэл хугацаанд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороолол, 11-р хороо PRO ONE оффис 503 тоот эсвэл www.mseonline@yahoo.com цахим шуудангаар илгээнэ. Цахим шуудангаар илгээсэн нөхцөлд утас-11330948, 91118403 утсанд мэдэгдэнэ.
Анхааруулга: Нэр дэвшигч нь материал тус бүрийн дэлгэрэнгүй мэдээлэл холбоо барих хаяг, утасны дугаар тодорхой бичих бөгөөд видео, аудио материалыг facebook, youtube хуудсанд байршуулан линк хавсаргасан байна.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл
-
Улстөр нийгэм2022/08/29
Сурах бичгийн нөхөн хангалт хийхэд бэлэн боллоо
-
Үзэл бодол2020/02/21
Цахим орчинд монгол хэлээрээ алдаагүй, зөв бичиж хэвшихийг уриалж байна
-
Цаг үе2023/10/11
АТГ: Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагуудад ажиллав
-
Цаг үе2024/01/09
Нийтийн тээврийн автобусны шинэ маршрут, программ хангамжийг эрчимжүүлнэ
