Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орж, нутгийн зүүн хагаст дулаан байна.
2025 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 8-13 хэм, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 13-18 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Монголын тал нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 хэм, говийн бүс нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 27-29 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна.
2025 оны есдүгээр сарын 02-ноос 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3-2 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
Цаг үе
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Монгол Улсын Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй уулзаж "Монгол Улсад Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурлаа.
Уг хэлэлцээр нь манай улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэх бөгөөд "Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай" хэлэлцээрийн хамт хүчин төгөлдөр үйлчлэх юм.
Ингэснээр, Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбоотой газрын тос, шатахууны урьд өмнө байгаагүй үнийн өсөлтийг бууруулах талаар ажиллах, хангамжийг тогтворжуулах чухал ач холбогдолтой юм.
Цаг үе
Татвар төлөгч 28.879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олголоо
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан, амины орон сууц барьсан, дотоод болон гадаадын их дээд сургуульд сурч байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг.
2025 оны хөнгөлөлт буцаан олголтыг иргэдийн дансанд энэ сарын 20-ноос шилжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр шилжүүлж дууслаа. 2025 оны жилийн эцсийн тайлангаар 28,879 татвар төлөгч иргэн 57.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авахаар тайлангаа ирүүлсэн юм. Тодруулбал, шинээр орон сууц худалдан аваад анх удаа хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж байгаа 7,527 иргэнд 28.5 тэрбум төгрөг, үргэлжлүүлэн хамрагдаж байгаа 10,742 иргэнд 18.5 тэрбум төгрөг, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж байгаа 11,397 иргэнд 10.1 тэрбум төгрөг, хуульд заагдсан бусад нөхцөлөөр 12 иргэнд 30 орчим сая төгрөгийн буцаан олголтыг олголоо.
Банкны болон татвар төлөгчийн мэдээлэл зөрүүтэйгээс гүйлгээ буцаагдсан иргэдийн мэдээллийг харьяа татварын албаар дамжуулан дахин засварлаж, гүйлгээг ойрын өдрүүдэд хийнэ.
Ташрамд, Хувь хүний орлогын албан татварын орлого нь орон нутгийн төсвийн орлогын томоохон бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийслэлийн төсвийн орлогын 50 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Жил бүрийн нийслэлийн төсөвт Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод зарцуулах санхүүжилтийн эх үүсвэрийг төсөвлөн, баталдаг. 2026 онд 63.0 тэрбум төгрөгийг татвар төлөгч иргэдэд буцаан олгохоор баталсан юм.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

