Цаг үе
Апостиль гэрчилгээг цахимаар олгож эхэлнэ
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аас англи хэлээр гардаг дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод 2025 оны 9 дүгээр сарын 4-нөөс эхлэн “Е-Mongolia” системээр дамжуулан цахим апостиль гэрчилгээг олгож эхэлнэ. Үүнд:
- Төрсний бүртгэлийн лавлагаа;
- Иргэний үнэмлэхийн лавлагаа;
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа;
- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;
- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
- Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
- Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас;
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл;
- Дархлаажуулалтын мэдээлэл.
Дээрх 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим апостиль гэрчилгээг олгож эхэлснээр нотариатчаар гэрчлүүлэх болон баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүй болж байгаа бөгөөд цаашид цахим апостиль гэрчилгээ олгох лавлагаа, тодорхойлолтын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Цахим олгогдсон апостиль гэрчилгээ болон түүний хавсралт лавлагаа, тодорхойлолтыг “https://e-mongolia.mn/check” холбоос болон гэрчилгээн дээрх QR кодыг уншуулан үнэн зөв эсэхийг шалгах боломжтой гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.
Цаг үе
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Хуульчийн про боно-2026”, “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөгийг нэгтгэн өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх Шүүхийн тусгай архив, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитр, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хяналт шалгалтын газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, Өмгөөллийн "Компасс консалтинг", "Эм Жэй Эл Атторнэйс" ХХН, "Цогц өмгөөлөл" ХХН, "Алтаргана" хуулийн товчоо, "Тэргүүн өндөр" ХХК, "Нөмөрт партнерс" ХХК, "Агууч Лоу фирм" ХХК, "Эв эе партнерс" ХХК болон Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв, хуульч, өмгөөлөгчид оролцож, иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх болно.
Иргэд та бүхэн 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж өөрт хэрэгтэй хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй аваарай. Мөн энэ үеэр орон сууцны захиалгын гэрээ хийж хохирсон иргэдэд мэргэжлийн хуульчид тусгайлан зөвлөгөө өгөх болно.

Цаг үе
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг 11 дэх жилдээ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм.
Өнөөдрийн байдлаар 23 мянга гаруй оролцогч гүйхээр бүртгүүлээд байна.
Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын мэргэжлийн болон сонирхогч гүйгчид олноор оролцох болсон. Энэ нь арга хэмжээний цар хүрээ тэлж, оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж байгааг харуулж байна.
Марафонд гүйх иргэд насны ангилал болон бэлтгэлийн түвшиндээ тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Цаг үе
ОХУ: Ялалтын баярын парадыг цэргийн техникгүй зохион байгуулна
ОХУ-ын нийслэл Москва хотод тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын цэргийн парадыг энэ жил цэргийн техникгүй зохион байгуулахаар болсон талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.
Тэрбээр уг шийдвэр нь үйл ажиллагааны нөхцөл байдалтай холбоотойг онцолж, аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зорилгоор ийм арга хэмжээ авч байгааг дурдсан байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Киевийн дэглэмийг террорист үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа талаар мэдэгдсэнийг иш татжээ.
Ийм нөхцөлд болзошгүй аюул заналыг багасгахын тулд бүх шаардлагатай арга хэмжээг авч буйг Песков тэмдэглэсэн байна. Тэрбээр парад цуцлагдахгүй, харин товчруулсан хэлбэрээр зохион байгуулагдана гэдгийг тодотголоо.
Мөн өнгөрсөн жилийн парад нь ойт жилийн хүрээнд өргөн хүрээтэй зохион байгуулагдсан бол энэ жил ойт жил биш тул цар хүрээ багассан байгааг дурдсан байна.
-
Улстөр нийгэм2025/09/15
ABU PRIZE 2025:Телевизийн салбарын шилдэг бүтээлүүдийн эзэд тодорлоо
-
Улстөр нийгэм2025/03/17
УИХ-ын 2025 оны Хаврын ээлжит чуулганы нээлт
-
Цаг үе2021/01/08
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
-
Шударга мэдээ2023/04/26
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда-д бараал...
