Улстөр нийгэм
“Mongolia’s Capital Market Connectivity-2025” Улаанбаатар хотноо анх удаа болж байна
Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын санхүүгийн төвүүдтэй холбох, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Mongolia’s Capital Market Connectivity 2025” арга хэмжээ Улаанбаатар хотноо анх удаа болж байна.
Энэ удаагийн арга хэмжээнд дэлхийн хөрөнгийн зах зээлийн 30 гаруй хувийг удирддаг Ази тивийн 20 гаруй улсын 100 гаруй мэргэжилтэн, Азийн үнэт цаасны форумын гишүүн холбоод, нэр хүндтэй хөрөнгийн бирж, үнэт цаасны компаниудын төлөөлөл оролцож байна. Арга хэмжээний нээлтэд УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нар оролцож Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц нээж үг хэллээ.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц “Энэхүү арга хэмжээ өмнө нь Хонконг, Сингапур, БНСУ зэрэг олон улсын санхүүгийн төвүүдэд амжилттай зохион байгуулагдаж, харилцан ойлголцол, түншлэлийн чухал платформ болж төлөвшсөн. Өнөөдөр энэхүү санаачлагыг эх орондоо, Улаанбаатар хотноо дахин зохион байгуулж буйд бид баяртай байна. Энэхүү цуврал арга хэмжээ нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, хөрөнгө оруулалтын боломжуудыг дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулах, олон улсын санхүүгийн хамтын нийгэмлэгтэй илүү өргөн хүрээнд холбох Санхүүгийн зохицуулах хорооны бодлогын нэг хэсэг юм. Сүүлийн жилүүдэд бид зах зээлийн дэд бүтцийг бэхжүүлэх, зохицуулалтын орчныг сайжруулах, ил тод байдал, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад томоохон ахиц дэвшил гаргасан. Гэхдээ энэ амжилтаа улам бататгаж, илүү гүнзгий уялдаа холбоог бий болгохын тулд харилцан итгэлцлийг бэхжүүлж, хил дамнасан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаанд шинэ гарцуудыг хамтдаа эрэлхийлэх шаардлагатай хэвээр байна. Өнөөдрийн арга хэмжээ нь зөвхөн мэдлэг туршлагаа хуваалцах талбар төдийгүй, Монголын хөрөнгийн зах зээл ба олон улсын санхүүгийн төвүүдийн хооронд бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтөд хувь нэмэр оруулах чухал суурь болно гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцоллоо.
Арга хэмжээний үеэр Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар танилцуулсны зэрэгцээ уул уурхайн олон улсын хөрөнгө оруулалт, хөрөнгө босгох стратеги, банкны үйл ажиллагаа ба санхүүжилтийн шинэ гарцууд, Ази, Европ болон бусад бүс нутгийн хөрөнгө оруулагчидтай хил дамнасан хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. “Mongolia’s Capital Market Connectivity 2025” нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн ил тод, хүртээмжтэй, олон улстай уялдсан өсөлтийг дэмжих замаар эдийн засгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулагдаж байна.




Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Шударга мэдээ2025/03/25
“Хилийн боомтод даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах компанийг сонгон шал...
-
Улстөр нийгэм2022/03/14
УИХ-ын Хаврын чуулган маргааш нээлтээ хийнэ
-
Цаг үе2021/02/17
"Ковид-19"-ийн вакциныг түгээхэд агаарын тээврийн компаниуд хамтарна
-
Шударга мэдээ2026/08/06
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг...
