Цаг үе
2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцөлж байна
Өнөөдрийн байдлаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүнээс давс, бодисын нөөцийн талаар тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд “Бид өвөлд бэлэн үү” аяныг зохион байгуулж, 48 ТҮК-ийн техник хэрэгсэл, давс, бодисын нөөцийн байдлыг газар дээр нь шалган ажилласан. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлэн байдал 95-98 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалттай тусгай техник хэрэгслийг нэмэгдүүллээ. Тодруулбал, энэ онд давс, бодис цацагч 24, зам цэвэрлэгээний 111 тусгай зориулалтын машин, техникээр парк шинэчлэлт хийсэн. Өнгөрсөн оны хувьд 3075 тонн давс, 1000 орчим тонн бодисоор өвлийг давж байсан бол энэ онд дунджаар тав дахин их нөөцтэй буюу 9518 тонн давс, 9590 тонн бодисыг нөөцлөхөөр төлөвлөж буй. Өнөөдрийн байдлаар давсны нөөц бүрэн хангагдсан, бодисын нөөц 60-70 хувийн гүйцэтгэлтэй байна” гэлээ.

Цаашид УБЗАА-аас дүүргүүдэд дэмжлэг болох зорилгоор 1000 тонн давс, бодисыг нийлүүлэх худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа аж. Улаанбаатар хотын хэмжээнд 48 ТҮК-ийн 3000 гаруй зам талбайн ажилтан, 1000 орчим техник хэрэгсэлтэйгээр 15 сая ам метр талбайд цас, мөсийг цэвэрлэдэг. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цас их орсон үед ойр орчмын 50 метр газрын цасыг цэвэрлэж, хотын үйлчилгээний ажилчдад дэмжлэг үзүүлэхийг УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн уриалав.
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
-
Улстөр нийгэм2020/12/24
Нийслэл, орон нутгийн оношилгооны цэгүүдэд нийт 406 мянган иргэнийг шинжилгээнд ...
-
Улстөр нийгэм2021/03/31
УИХ-ын байнгын болон түр хорооны хуралдаан болно
-
Цаг үе2025/02/19
Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
-
Улстөр нийгэм2021/02/03
Цар тахлын тархалтыг бууруулах чиглэлд эрдэмтдийн саналыг тусгана

