Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

"Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд”-ийн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонслоо. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулсан.

Тэрбээр мэдээлэлдээ, Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал, үйлчилгээ, түүний чанар, хүртээмжийг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, таслан зогсоох, илрүүлэх замаар нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, амар тайван орчныг бүрдүүлэхэд мэдээллийн технологийн дэвшилтийг ашиглах, урт болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулахаар, бэлтгэл ханган ажиллаж байна гэж байлаа.

Мөн нийслэлийн 2026 оны төсвийн хэлэлцүүлэгтэй уялдуулан 77 мянга гаруй иргэнээс санал авахад, гудамжны болон орчны камержуулалт нэг чухал гэж байсан. 2025 онд нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв” болон нутгийн захиргааны байгууллагын дэргэд есөн дүүргийн Засаг даргын дэргэд “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж ажилласан. Цаашлаад Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, 10 төрлийн зөрчлийг хиймэл оюун ухаанд суурилсан систем ашиглан илрүүлэх боломжтой болгон ажиллаж байна гэж байлаа. Түүнчлэн нийслэлийн “Теле камерын нэгдсэн удирдлагын төв”-д авто замын хяналтын болон зөрчлийн камер, есөн дүүргийн теле камерын дэд хяналтын төв холбогдож, дүүргүүдийн нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь хувийн болон төрийн эзэмшлийн хяналтын камеруудыг нэгдсэн системд холбох ажлуудыг хийж буйг мэдээлэлд дурдсан байв.

Теле камерын нэгдсэн систем болон дэд хяналтын төвөөс мэдээллийг тусгай чиг үүргийн байгууллагад хуульд заасан эрх зүйн  орчны хүрээнд мэдээллийг авч, үндсэн чиг үүргийн дагуу ашиглах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа өндөр ач холбогдолтой гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалай мэдээлэлдээ онцолсон.

Нийтийн тээврийн цахим системийн хүрээнд төлбөр тооцооны болон тээврийн удирдлагын системийг хөгжүүлж байна. Мөн 1100 автобусанд жолоочийн хяналтын камер, урд замын хяналтын камер, зорчигч тоологч, алкоголь мэдрэгч карт болон QR код уншигч, агаарын чанарын мэдрэгч гэх мэт төхөөрөмжүүдийг суурилуулан нэгдсэн байдлаар хянаж, мэдээллүүдийг авах боломжтой болгон, хөгжүүлэлтүүдийг хийж байна гэв. Төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд гар утсаараа нийтийн тээврийн төлбөрийг төлөх UB card аппликэйшн, шинэ төлбөрийн карт, иргэдэд үйлчлэх автомат машин буюу киоск болон бүх төрлийн банкны төлбөрийг унших боломжийг бүрдүүлсэн. UB card аппликэйшнийг дөрвөн удаагийн зорчилтыг мянган төгрөгөөр хийхээр, автобусны парк шинэчлэлтэй уялдуулснаар 2023, 2024 онд нийтийн тээврийн орлого 28, 31 тэрбум төгрөг хүрч байсан бол 2025 оны байдлаар тус орлого 65 тэрбум төгрөгийг давсан гэж байлаа.

Түүнчлэн киоскоор нэг удаагийн тасалбар авах, карт авах, цэнэглэх боломжтой болгосон төдийгүй  лед мэдээллийн самбарын тусламжтайгаар тухайн автобусны буудал дээр ирж буй чиглэлийн мэдээллийг зорчигчдод харуулах боломжтой болсныг мэдээлэлд дурдаж байлаа.

Нийслэлийн төрийн байгууллага, бизнес эрхлэгчид, иргэдийг холбосон өдөр тутмын хэрэглээний аппликэйшнүүдийг нэг дор багтаасан дижитал платфорыг нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 195555 таталт хийгдэж, нийт 170234 иргэн ашиглаж байна гэсэн байв. Тухайлбал, хагас коксжсон шахмал түлшийг Хотула аппликэйшнээр дамжуулан олгож байгаагаас иргэд түлшний цэг, нөөц зэргийг харах боломжтой болсон төдийгүй аппликэйшний тусламжтайгаар төлбөр, тооцоо хийх, нийслэл хотын бүх үйлчилгээг авах, иргэд, төрийн захиргааны байгууллагад санал, хүсэлт гаргах, шийдвэрлэлтэд нь хяналт тавих зэрэг боломж бүрдэнэ. Мөн бид Хотула газрын зургийн систем дээр хаягийн систем, автобусны маршрут, зогсоолын мэдээлэл, цаг хугацаа, байршлыг харах боломжтой болгоно гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч  мэдээлэлдээ онцлон тэмдэглэв.

Нийслэлийн нэгдсэн дата төвийг орчин үеийн модулийн шийдлээр байгуулж, олон улсын стандартын зогсуур, сервис, сүлжээний тоног төхөөрөмж, цахилгаан хангамж, хөргүүр, галын дохиолол, нэвтрэлтийн систем зэрэг өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүдийг суурилуулан, нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж байгааг мэдээлэлд дурдаж байлаа. 

Тэрбээр цаашид хийх ажлын талаар товч танилцуулав. Тодруулбал, 2026 онд мэдээллийн технологийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа үндсэн бодлогын хувьд Улаанбаатар хотын хэмжээнд программ хангамж, хөгжүүлэлтийн бүх байгууллагуудтай уулзаж, үр ашиггүй программ хангамжуудыг нэгтгэх,  тодорхой ажлуудыг идэвхжүүлэх, үргэлжлүүлэхээр болжээ. Мөн 2026 онд нийслэлийн хэмжээнд ухаалаг AI систем дата өгөгдлийг ашиглан хэмнэж болох орон тоо, үйлдлүүдийг судлахыг үүрэг болгож, холбогдох төсвийг суулгасан гэж байлаа.  

Өнгөрсөн онд хийсэн камержуулалтын ажлыг сайжруулж, ирэх 2026 оноос нийтийн аж ахуй аж ахуйд хяналтын камерын системийг ашиглах боломжийг бүрдүүлнэ. Үүнд хог хаягдлын цэгүүдийг камержуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь тохижилт, хөрөнгийг хамгаалах болон цаашлаад, Улаанбаатар хотод байгаа гэрийн тэжээвэр амьтан, зэрлэг ан амьтдын аюулгүй байдал, үер, цас нийтийн замын цэвэрлэгээ гэх асуудалд AI систем болон камержуулалтыг нэвтрүүлж, иргэдийн хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж буйг мэдээлэлд дурдсан байв.

Үргэлжлүүлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Мэдээлэл технологийн газрын дарга П.Нэргүй нэмэлт мэдээлэл өгсөн. Тэрбээр мэдээлэлдээ, Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө, гадаадын зээл тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2020-2025 онд хэрэгжсэн мэдээлэл технологийн чиглэлийн төсөл, арга хэмжээний 35 жагсаал бүхий ажлаас одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа 24 систем байгаа гэв. Мөн  энэ оны сүүлээр  тэдгээр 35 системийн  талаарх нэгдсэн дүгнэлтийг албан ёсоор гаргана гэв. Харин гадаадын зээл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийсэн 5 төсөл, хөтөлбөр үргэлжилж байна гэж байлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Ж.Золжаргал, Р.Батболд, Ч.Анар, С.Цэнгүүн нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд аливаа систем худалдан авах судалгаан дээр хариуцсан чиглэлийн яамнаасаа мэдээлэл авч, солилцож байж шийдвэрээ гарган, засаглалаа сайжруулах шаардлагатай байна гээд үүнтэй холбоотой эдийн засгийн тооцоогоо хянаж байх нь зүйтэй гэсэн санал хэлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал  таван  жилийн  хугацаанд 225 тэрбум төгрөгийн мэдээллийн технологийн худалдан авалт хийсний сүүлийн нэг жилийн зардал огцом өсөж байгаад  анхаарах  хэрэгтэй гээд үүнд тодорхой хяналт тавих шаардлагатай гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар үндэсний язгуур эрх ашиг гэж байх ёстой гээд Монгол Улсын дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдал, иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул юун түрүүнд энэ асуудалд анхаарч ажиллах нь чухал гэсэн байр суурийг илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн далбаа болон нийслэлийн туг мандуулах ёслолыг зохион байгууллаа. Энэхүү ёслол нь Монголын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдлийг дээдлэн хүндэтгэхийн зэрэгцээ нийслэл хотын түүх, соёлын өв, уламжлалыг эрхэмлэн дээдлэх агуулгатай юм.

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж буй нь Монголын түүхэн өв, төр улсын уламжлалыг хүндэтгэж буйн илэрхийлэл бол төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол нь эх орон, нийслэл хотоороо бахархах үзэл, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Эдвин Самуэлийг хүлээн авч уулзав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эдвин Самуэлийг /2026.10.29/ хүлээн авч уулзлаа. 

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгдгийг тэмдэглэж, манай талаас санаачилсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулах чиглэлээр талууд идэвхтэй ажиллахын чухлыг онцлов. Уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээрх Засгийн газрын зорилтыг хангахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газар Кэмбрижийн хөтөлбөртэй ЕБС-ийн тоог нэмэгдүүлэхээр зорьж буй. Ирэх онд Монгол Улсын зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад байна.

               Элчин сайд Эдвин Самуэл хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны бодит үр дүнг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

               Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өнгөрсөн наймдугаар сард барьж, үүрэгт ажлаа эхлүүлээд байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн усны түншлэлийн байгууллагын дэлхийн усны элчид дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар хотод зохион байгуулагдсан COP-17 Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын олон улсын хурлын үеэр Дэлхийн усны түншлэлийн байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дэлхийн усны элчээр томилсон. Энэхүү томилгооны хүрээнд Ази, Номхон далайн бүсэд усны салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг манай улс манлайлж ажиллах боломжтой гэж үзэж,  Ажлын хэсгийг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын усны ашиглалт өсөн нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт, усны нөөцийн тэгш бус тархалт, хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ усны аюулгүй байдалд нөлөөлж байна.

Иймд усны салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг салангид төсөл, арга хэмжээний түвшинд бус, харин үндэсний усны аюулгүй байдлыг хангах, нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах урт хугацааны нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцлоод, энэ хүрээнд хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах, газрын доорх усны нөөцийн судалгааг өргөжүүлэх, гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх, нуурын экосистемийг сэргээх, стратегийн усан цогцолборуудыг хөгжүүлэх, санхүүжилтийн нэгдсэн механизм бүрдүүлэх зэрэг арга хэмжээг тэргүүлэх чиглэл болгон шийдвэрлэх нь чухал гэлээ. 

Түүнчлэн, усны салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, усны нөөцийн нэгдсэн үр дүнтэй хэрэгжүүлж, усны нөөцийг шинжлэх ухаан, эдийн засгийн үндэслэлтэйгээр хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх шаардлагатай. Мөн усны нөөцийг зөвхөн байгалийн баялаг бус, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын амьдралын чанар, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг хангах стратегийн чухал нөөц гэж үзэн, усны салбарын бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой нягт уялдуулах нь зүйтэй гэлээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт2026/10/30

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Улстөр нийгэм2026/10/30

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийс...

Цаг үе2026/10/30

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн туха...

Улстөр нийгэм2026/10/30

Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын ...

Улстөр нийгэм2026/10/30

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосист...

Улстөр нийгэм2026/10/30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи ...

Цаг үе2026/10/29

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургу...

Шударга мэдээ2026/10/29

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Шударга мэдээ2026/10/29

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Улстөр нийгэм2026/10/29

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүл...

Санал болгох