Улстөр нийгэм
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой
2026 оны "Оюутан цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан суралцагчийн бүртгэл гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагийн хооронд үргэлжилнэ. Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын I, II, III дамжааны оюутан төрийн мэдээллийн нэгдсэн систем /E-Mongolia/-ээр цахимаар бүртгүүлнэ. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч нь хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл, сургалтын байгууллагын тодорхойлолт, сургалтад хамруулах тухай зөвшөөрөл, дүнгийн хүснэгтийг бүрдүүлэн харьяа аймаг, дүүргийнхээ Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт очиж бүртгүүлэх юм.
Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын сургалтын байгууллагын I, II, III дамжаанд эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх;
- Тухайн жилийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
- Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн нэг жил төлсөн байх;
- Тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байна.
Энэ жил “Оюутан цэрэг”-т цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой. Онолын бэлтгэл сургалт дөрвөн төрлийн хичээлээр явагдах бол мэргэжлийн бэлтгэлд ерөнхий шалгалт өгч 60 онооноос дээш оноо авсан оюутнууд хамрагдана. Ингэснээр оюутнууд сурч байгаа мэргэжилдээ тулгуурлан цэргийн бага мэргэжил эзэмших юм. Энэ жилийн хувьд эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалтууд түлхүү орно. "Оюутан цэрэг" хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ жилийг хүртэл 10 мянга гаруй оюутан, суралцагч уг хөтөлбөрт хамрагдсан бол 2026 онд жилийн квотыг нэмэгдүүлж 2000 оюутан, суралцагчийг “Оюутан цэрэг”-т хамруулна гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
